Европыг орлох зах зээлийг хятадаас хайж байна
Украин дахь үйл явдлын улмаас өрнөдийн хориг арга хэмжээний дарамтанд орсон Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Төв азийн орнууд болон Ирантай аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэхээр Шанхай хотноо ирээд байна. Дөрөв дэх жилдээ болж буй эл уулзалтаас дэмжлэг хүлээхээр тооцоолсон Кремлийн удирдагч Хятадын лидертэй уулзаж тус улсад байгалийн хий нийлүүлэх хэдэн тэрбумын гэрээ байгуулах санаатай байна. Хоёр улс энэ төслийг олон жилийн өмнөөс хэлэлцсээр байгаа билээ.
“Хятад бол итгэж болох сайн нөхөр. Хятадтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь ямар эргэлзээгүй Оросын нэн тэргүүний дипломат зорилт мөн” хэмээн В.Путин “Синхуа” агентлагийн түгээсэн нэгэн ярилцлагад онцолсон байна. Европын холбоо ч мөн Оросын хийн хоолой дайрч өнгөрдөг Украин дахь улс төрийн тогтворгүй байдлаас үүссэн хохирол, үр дагаварыг даван гарахын тулд хий импортлох өөр эх сурвалжийг хайж байгаа билээ. Хятад ч үйлдвэрлэлийн томоохон бүс болон хотуудынхаа агаарын бохирдлыг багасгаж, нүүрснээс ихээхэн хамааралтай байдаг эрчим хүчний салбараа төрөлжүүлж, хөгжүүлэхийн тулд хүчирхэг хөршөөсөө хий авах ихээхэн сонирхолтой байгаа юм.
Оросын “Газпром”, Хятадын Нефтийн үндэсний корпорац (CNPC) хамтран жилд 38 тэрбум куб метр хий нийлүүлэх чадалтай хоолой барих талаар ярилцаад арваад жил өнгөрч байна. Хэрвээ гэрээг 30 жилээр байгуулах хийгээд энэ өдрүүдэд “эцсийн шатандаа” орсон бол Путин, Си Жинпин нар гарын үсэг зурна. Сибирийн хий дамжуулах төвөөс Владивостокоор дайрч Хятадын зүүн хойд нутаг хүрэх хий дамжуулах хоолой 2014 оны эцсээр баригдаж дуусахаар байна. Өнгөрсөн онд төрийн мэдлийн хоёр компани гэрээ байгуулахад тун ойртсон ч эцсийн мөчид үнэ ханш дээрээ тохиролцож чадаагүй юм. Хоёр тал нэгхэн цифр дээр л санал зөрөлдөөд байгаа хэмээн Reuters мэдээлж байна. Хятадын тал үнийг буулгах сонирхолтой байгаа ч санасандаа хүрч чадахгүй байгаа аж.
38 тэрбум куб метр хий гэдэг нь Хятадын жилийн нийт хэрэглээний 25 хувь юм. Цаашдаа нүүрсний хэрэглээг багасгахын тулд Оросоос жилд 80 тэрбум куб метр хий авахаар тооцоолж байна. Хятад улсын хийн хэрэгцээ 2020 оноос хойш 400 тэрбум куб метрт хүрнэ хэмээн үзэж байгаа юм.
Н.МӨНХЖИН /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: