Сүх далайтал “Алтангэрэл” амар
Засаг солигдсоноос хойш төрийн албанд “төрлийн алба” гэх нэгэн содон бөгөөд сонирхолтой нэр томъёо орж ирэх болсон. Тэгвэл төрийг төрлийн алба болгоход үнэтэй “гавьяа” байгууллалцсан хүмүүсийн жагсаалтад нэр нь нэлээдгүй дээгүүр давхих нэгэн эрхэм бий. Тэр бол яах аргагүй шинээр байгуулагдсан яам болох ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл.
Тэрбээр төрийн нарийн болж ирснээсээ хойш л найз нөхөд, танил тал, тэдний хүүхдүүдийг төрийн албанд авч, заримыг нь газар, хэлтсийн дарга болгосон гэх хэл ам гарах болоод байгаа юм. Өнөөдөр сонины нэгэн дугаарт төрийн албыг хэрхэн төрлийн алба болгож буй талаарх жагсаалт нь хүртэл гарч байсныг уншигч та бүхэн санаж буй биз.
АТГ-аас 2013 оны тавдугаар сарын 8-ны 02/3692 дугаартай “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичгийг Сайд Ц.Оюунгэрэл, төрийн нарийн П.Алтангэрэл нарт хүргүүлсэн байдаг юм. Тухайн албан бичигт “Хяналт шалгалтаар Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл нь 1985-2008 онд Дорнод аймагт ажиллаж байсан, П.Алтан-Од, Р.Хаяндорж, Р.Алтантуяа, Н.Оюундэлгэр нар нь мөн аймагт төрийн болон бусад байгууллагад ажиллаж байсан, хөрөнгө мөнгө захиран зарцуулах нэг, хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэй Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэст хамт ажиллаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байгаа тул хууль хэрэгжүүлж ажиллана уу” гэжээ. Гэвч үүнийг тэд ёстой нохой хуцаж байна чинээ тоогоогүй. Ямартай ч П.Алтангэрэл гэх хүн намайг хэн хэлэхэв, нохой хэн саахав гэгчээр том толгойлж суугаа ч хамтарч ажиллаж байгаа алба хаагчдынх нь хэл ам татрахгүй байна.
Мөн тус яамны Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгэч Н.Оргил хүртэл түүнтэй дайн дарлаж, хэвлэлээр хамаг булхайг нь зарлаж, ашиг сонирхолын зөрчилтэй нэгэн гэдгийг нь олон нийтэд зарлаж байсан удаатай. Ийм л нэгэн хүн өнөөдөр төрийн нарийн хийсээр л явна.
Т.Наран
new mn
URL: