Хэн гэрээг задлав
МАХН-ынхан АН-тай хамтран ажиллах гэрээг үзэглэх гэж байсан ч хэвлэл мэдээллээр дэлгэгдчихсэн нь багагүй шуугиан тарьсан юм. Тэгвэл энэхүү гэрээг хэн хэрхэн задалсан бэ гэдгийг МАХН-ынхан тун удахгүй эрж сурах бололтой.
Энэхүү гэрээний хувилбар гурван хүнд байсан бөгөөд Шадар сайд Д.Тэрбишдагва лав гадагш задлаагүй аж. Тэгэхээр үлдсэн хоёр хүний хэн нь гэрээг гадагш задалсан бэ гэдгийг тодруулахаар ажиллаж эхэлжээ.
Энэ талаар Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Шадар сайд ярихдаа “АН-тай тэр гэрээг хийхээр төсөл маягийн юм боловсруулчихсан байтал ноорог нь алдагдаж, хэвлэлд гарсан л даа. Энэ ноорог манай намын ердөө гурван хүнд байсан. Хэн нь задалсныг хэзээ нэгэн цагт нам дотроо ярих байх. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын дэд дарга Л.Цог, бид гуравт байсан. Би гадагш нь задлаагүй. Дөнгөж ярьж эхлээд төсөөллөө цаасан дээр буулгасан даруйд гадагшаа алдчихсан нь хариуцлагагүйн шинж, санаатай ч үйлдэл байж мэднэ. Гэхдээ одоо гэрээгээ боловсруулж л байна. Энэ гэрээг хийнэ. Цаасан дээр буусан нооргийг харчихаад асуудлыг дэвэргээд байгаа болохоос ноцтой зүйл байхгүй ээ.
Н.Энхбаяр даргыг Ерөнхийлөгчийн албанаас буусны дараа НҮБ-д ажиллуулах тухай яригдаж байсан юм билээ. Н.Энхбаяр гэдэг хүн 60 нас ч хүрээгүй. Энэ хүн Монгол төрийн бүх л өндөр албан тушаалыг хашсан, оюуны бядтай, сэтгэлгээний цар хүрээ өргөнтэй, өндөр боловсролтой. Зүйрлэж хэлбэл, Монгол төрийн ой санамж ч гэж хэлэхэд буруудахгүй байх шүү. Ийм хүний оюуны нөөц чадавхийг эрт “тэтгэвэрт” гаргачихмааргүй байна. Түүний туршлага, мэдлэг, чадварыг шавхаж ажиллуулах нь ард түмэнд ч, улсад ч хэрэгтэй, Монголдоо болдоггүй гээд байгаа юм бол гадаадад яагаад ажиллуулж болохгүй гэсэн үүднээс санал болгож төсөлд тусгасан хэрэг. Гэхдээ энэ нь эцэслэж, батлагдаагүй, төсөөлөл төдий зүйл” хэмээн ярьжээ.
Б.Тогтох
Монголын мэдээ
URL: