Монголын алт нь ихдэж, ухаан нь багаджээ

527-1400551661tsevleeЭдүүгээ цагийн “Хөл нүцгэн” Буурлууд үзээгүйгээ үзэж үхэр бүрээгээ татаж байна

Элдэв өнгийн чимэг зүүлтгүй нүцгэн үнэн гэж байдаг. Нүцгэн үнэнийг нүцгэнээр нь өгүүлэх нүцгэн үг гэж бас байдаг. Би тийм үгээр ярихыг хүснэм.

Монгол гэж тэр цагт тийм улс байсныг энэ цагт ийм болгочихсон байхыг харахуйя бидний үеийнхэн зүрх зүсэгдэж сэттэл сэнсрэхгүй байхын аргагүй. Тэр цаг”гэж 1990 оны үеийг, “энэ цаг” гэж 2014 оныг төсөөлөв. “Бидний үеийнхэн” гэж сая энд дурдсан. Тэд бол социализмын үеийн хөл нүцгэн хувийн өмч хөрөнгөгүй сэхээтэн”, өнөө үеийн “Хөл нүцгэн буурлууд” мөн билээ.

Тэдэнд өөрсдийгөө бөөцийлж эд мөнгөний төлөө сэтгэл чилээх зав боломж бага байсан гэхээс гадна хамгийн гол нь тэр талын сонирхол төрөх орчин нөхцөл байгаагүй юм. Харин тэд “хоёр зээрд”-ээрээ тийнхүү таваргахдаа өөрөөр xэлбэл, цалингаас цалингийн хооронд тарчиг даруухан амьдрахдаа өөрөөсөө ичиж зовсон, гунаж гутарсан удаа байхгүй.

Хөөрхий дөө, хорвоогийн жамаар одоо тэд нар маань цөөрч л байна. Гэхдээ чандрын бумба, шарилын хавтан доороос одоо ч монгол түмнийхээ сэтгэл оюуныг гэгээн гэрэлт мөнхийн бүтээлээрээ тэжээсээр л байгаа алдартнууд олон арав зуу бий. Тэднээрээ л сэтгэл дүүрэн бахархаж явдаг даа.

Үлдсэн буурлууд нь төрийн хэрэг тэдний сэтгэл зүтгэлээр дутаад байгаа юм шиг өөрсдийгөө  ихэд өргөмжлөн бодоод ийнхүү санаа сэтгэлдээ зовлон хурааж сууцгаанам.

Товчхондоо бол тэр цагт тэдний үеийнхэн “дарлалгүй, мөлжлөггүй, авлигагүй, ядууралгүй” Монголыг байгуулж амжсан юм. Бүхий л ажил үйлсийг хамтын санаа зоригоор санасанчлан зохицуулж болдог чухмыг хэлбэл сайхан дулаан сэтгэлийн аясаар намирсан тийм л эгэл шударга Монголыг буй болгох гэж манай ард түмэн ялангуяа түүний улс төрийн манлай хүчний хувьд Ардын нам үлэмж бэрхшээлийг биечлэн туулж дэндүү их хохирол үзсэн нь түүхийн хуудсанд үлдсэн байдаг юмаа.

Тэгэвч тэд шантраагүй, ухраагүй. Тэд урваагүй, шарваагүй. Тэгээд л ялан дийлсэн. Ялан дийлээд олон зуун жил тэнийж үзээгүй Монголын ард түмний нурууг тэнийлгэн амар амгалан амьдралд хүргэсэн. Гэтэл тэрхүү эв найртай амар амгалан амьдрал одоо нэгэнт алга болжээ.

70-аад жилийн турш ёстой л бүсээ чангалан тэвчиж, зоригоо чангалан тэмцэж бүтээн байгуулсан үнэ цэнэтэй тэр амьдралыг 20-иодхон жилийн дотор хоослоод хаячихаж чаддаг л юм байна. Дарлал мөлжлөггүй байсан Монголын тэрхүү газар шороон дээр өнөөдөр огт танихгүй бас хүсэн хүлээгээгүй Монгол зогсч байх шиг санагдана.

Тэнд мөлжигч Монгол зогсч байна. Дарангуйлагч Монгол зогсч байна. Авилгач Монгол зогсч байна. Хулгайч Монгол зогсч байна. Худалч Монгол зогсч байна. Өртөн Монгол зогсч байна. Үгээгүй ядуусын Монгол зогсч байна. Мөн биз. Ийм л байна, ямар вэ дээ?!

Монгол хэзээ ч ийм олон шулаачтай байсангүй. Хэзээ ч ийм олон хулгайчтай байсангүй. Хэзээ ч ийм олон авлигачтай байсангүй. Хэзээ ч ийм олон ядуустай байсангүй. Хэзээ ч ийм хүнээ байсан бохир муухай аргаар амьдарч байсангүй.

Зөвхөн ийм амьдралыг бий болгохын төлөө л хорин хэдэн жил хэрүүл уруултай зүтгэсэн юм шиг дүр зураг сэтгэл зүрхэнд үзэгдэж байна. Эхийн сүү шиг мэлтрэх эгэл түмний цагаахан сэтгэлийг эрх ямба, эд мөнгөний энэ их шунал царцаагаад хаячихлаа, яалтай ч билээ!

Буруу эрхэлсэн улстөрчид

Нэгдсэн төр засаг гэж байхгүй юм шиг л дур зоргоороо явж байгааг бодвоос Монголд ардчилал биш анархизм ялжээ. Үүнийг УИХ-ын энэ хаврын чуулган эхэлснээс хойших албан тушаалын төлөө тулга тойрсон хэрүүл хийж өнгөрөөсөн хайран чухал өдөр хоногууд ойлгуулах шиг боллоо.

Ялангуяа УИХ-ын зарим гишүүн урдах ажлаа гүйцэхгүй байж дээрээс нь сайдын албан тушаалыг нэмж авчихаад төрийн ажлыг давхар давхар хийдүүлж байгааг болиулах, эдийн засаг санхүүгийн хямралыг даван туулах тухай зэрэг аминд тулсан асуудлыг шийдвэрлэх үед жинхэнэ гөжүүд танхай авир зангаа яалт ч үгүй ил гаргалаа.

Эндээс харахад хувийн компани, корпорацуудын төр засаг гэж нэрлэсэн ч болмоор айхавтар хүчирхэг бүлэглэлүүд Монголын хууль ёсны төр засгийн урдуур сэм сэмхэн өрсөж санаа зорилгоо амжуулж байна. Улсын доторх улс, төрийн доторх төр, засгийн доторх засаг болсон тэдгээр бүлэглэлүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүртэл тоглоомын хүн болгох гэж санаархах болжээ.

“Давхар дээл тайлуулна” гэхээр нь үгсэн хуйвалдаж байгаад өнөөх саналыг нь унагаж “Халдаж халдаж хар халзанд нь” гэгчээр Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг сүрхий “шанаадаад” орхилоо. Эрх ямба албан тушаалд нь саад хийвэл ер хэнбугай ч байсан хамаагүй болгосон шиг болгож тавихаа дахин дахин сануулаад л байна.

“Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэдэг. Буруу эрхэлсэн улстөрчид гэдэг түүнээс ч долоон дор ажээ. Үнэхээр сүрдмээр, бүр аймаар, зүрх алдмаар байна. Төр засгийн эрх мэдэл ийнхүү толгой хөлгүй мэт цалгардаж байгааг харахад Монголд нэгдсэн удирдлага гэж алга. Удирдагч ч алга.

Зөвхөн монгол дээлтэй, жийп унаатай алтан гулдмай л сайдын оронд сайд, ноёны оронд ноён суусан юм шиг ойлгогдож байна. Эдүгээ манайд нэгэнт нүүрлээд байгаа улс төрийн танхайрал, дарлал, мөлжлөгийг төрүүлж байгаа төрсөн эх нь алтан гулдмай мөнөөсөө мөн болохыг бид харж байна.

“Монгол Улсын иргэн … хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, эзэмших, өв залгамжлуулах эрхтэй” гэж шинэ Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн арванзургадугаар зүйлийн 3-т заасан байгаа. Хөрөнгийг зөвхөн “шударга аргаар” олж авна гэж маш ойлгомжтой хэлсэн байгаа биз.

Энэ чинь бусдыг мөлжихийг Үндсэн хуулиараа хориглосон гэсэн үг. Язгуур хуульдаа ингэж заасаар байхад манайд юмны үнэ, валютын ханш ихэвчлэн шударга бусаар нэмэгдэж одоо тэвчишгүй хязгаартаа хүрч байна. Үндсэн хууль ийнхүү цоохор цаас мэт хүчгүй болсны хор нөлөөгөөр ядуурал газар авч, жижиг дунд үйлдвэрлэл олноороо сүйрч байна.

Тэгтэл төр засаг огт хөдлөж өгөхгүй лаглайн суусаар л харагдана. Ямартай ч гэсэн эхийн сүү шиг мэлтрэх эгэл түмний цагаахан сэтгэлийг эрх ямба, эд мөнгөний энэ их шунал царцаачихлаа, яалтай ч билээ!

Түм буман хүнийг амаар нь шороо үмхүүлсэн өмч хувьчлал

Өмч хувьчлалын тухай хэлмээр санагдаад олон жил болсон ч хэлээ хазсаар өнөөдрийг хүрсэн нэгэн санааг энд хэлье. Манай улсад хуучнаар бол “улсын”, одоогийнхоор бол “төрийн”, Үндсэн хуулийн томьёоллоор бол “нийтийн” өмчийг хувьчлаад олон жил боллоо.

Эс ширхэг бүр нь Монголынхоо бүх хүний хувийн эрх ашгаар олон давхар хамгаалагдсан дархан өмч бол “нийтийн” өмч мөн байгаа юм. Түүнийг өмчлөгч эзнээс нь асууж зөвшөөрүүлээгүй бол төрийн эрх барих дээд байгууллага ч дур мэдэн хууль гаргаж хувь хүнд хувьчилж өгөх эрх зүйн боломж байхгүй.

“Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн тавдугаар зүйлийн 2-т заасан байна. “Нийтийн” гэж нэрлэж байгаа тэрхүү өмчөөс иргэн бүрийн тухайлан өмчлөх эрхийг төр хамгаалах үүрэгтэйг ийнхүү хуульчилжээ.

Харин дур мэдэн хувьчлах эрхтэй гэж зөвшөөрөөгүй байна. Нийтийн өмч бол нэр нь үл мэдэгдэх хувийн өмч юм. Хувийн өмч ямар дархан эрхтэй байдагсан билээ? “Нийтийн” өмч дотор багтсан хувийн өмч бас тийм л дархан эрхтэй байж таарна. Яагаад гэвэл түмнийг төр засаг бүтээгээгүй харин бүх ард түмэн нэр нь үл мэдэгдэх хамтын хүчин зүтгэлээрээ бий болгосон өмч.

Төр бол зөвхөн түүний менежер. Өмчлөх эрхтэй эзэн нь төр яавч биш.  “Нийтийн өмчийг өмчлөх эзэд нь нийт ард түмэн. Түүнийг тэгэхлээр бүх нийтийн санал асуулга явуулаагүй, басхүү тухайн хувьчлагдах газарт ажиллаж байсан ажилтан бүртэй албан ёсны гэрээ хэлцэл хийхгүй, хувьчлалын дараах орлогоос бүх өмчлөгчдөд хувь хишиг шударгаар хүртээхгүй бол төр засаг түүнийг дур мэдэн хувьчлах хууль эрх зүйн боломж байхгүй нь бүрнээ ойлгомжтой.

Асуудлыг энэ өнцгөөс харахаар манай өмч хувьчлал улс төрийн завхрал болсон гэж харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэхүү өмч хувьчлал гэгч өмнө нь ажилтай, орлоготой, хэвийн амьдарч байсан түм буман хүнийг  “амаар нь шороо үмхүүлж элгээр нь газар хэвтүүлсэн” адал балмад үйл ажиллагаа болсон гэж хэлэх дөхөөд байна.

Гэвч би улаан цайм тэгж хэлэхгүй. Энэхүү өмч хувьчлал гэгчээр дамжин хөлжиж бэлжсэн олон мянган эзэ, улстөрч шууд эсэргүүцэх нь мэдээж тул буруутан болж хараал идэхийг хүсэхгүй байна. Үүгээр энэ асуудлыг цэглэе. Үндсэн хууль зөрчсөн хууль бус энэхүү өмч хувьчлал гэгчийн улмаас олон зуун мянган эгэл хүмүүн гудамжинд хөөгдөн гарч ядуурч, ажилгүйдсэнийг бас дахин хэлье.

Манай төр засаг тухайн хүний амьдралын эх сурвалж болж байсан өмчийг нь булаан авч хувьд шилжүүлэхээ бодоод түүнийг бүтээсэн хууль ёсны эзний амьдралыг мартсан нь бүр ч их халгаатай байсан. Товч утгаар шууд хэлбэл манай төр засаг авахаа мэдээд, өгөхөө мартсан, өмчийг нь булаахаа мэдээд хүнийг нь хамгаалаахаа мартсан. Ийм л байгаа юм.

Соёлын гавьяат зүтгэлтэн Хорлоогийн Цэвлээ


URL:

Сэтгэгдэл бичих