Д.Дэлгэрцогт: “Эрчим хүчний хомсдолд орохгүй”

527-140054886662007dae4238c9ebigГазар доор эрчим хүчний дэд бүтцийг байгуулна-

Монголын эрчим хүчний хэрэглээ жил бүр 9.0  хувиар өсч байгаа бөгөөд эх үүсвэрүүдээ өргөтгөх, шинээр хэд хэдэн эх үүсвэрийг барих асуудал яригдаж буй. Эрчим хүчний бүтээн байгуулалт их өртөг, зардал шаарддаг тул төр засгаас дангаараа шийдэж чадахгүй байгаа.

Тэгвэл салбарын бүтээн байгуулалт, эрчим хүчний хэрэгцээ шаардлагын талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогттой ярилцлаа.

-Эрчим хүчний салбарт үнэ тариф, хуучин эх үүсвэрүүдээ шинэчлэх, шинийг байгуулах зэрэг өч төчнөөн асуудал байсаар ирсэн. Энэ бүх асуудалд төр засгаас одоо ямархуу бодлого баримталж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье.

-Юуны өмнө салбарын хэмжээнд тойрч сууж, бүгдээрээ ярилцахаар Энержи Монголиа-2014 олон улсын чуулга уулзалтыг энэ сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Үүгээр эрчим хүчний салбарт тулгарсан бүхий л асуудлыг тал талаас нь ярина. Мөн эрчим хүчний бүтээн байгуулалтын түншээ бид эндээс хайх болно.

Ер нь салбарын хувьд, эрчим хүч үйлдвэрлэхийн тулд хуучин байсан эх үүсвэрүүдийнхээ хүчин чадлыг боломжоороо өргөтгөх, харин цаашдаа шинээр барих эх үүсвэрүүддээ орчин үеийн технологи нэвтрүүлэх бодлого барина.

Үүнд дээр хэлсэнчлэн гадаадын түнш хэрэгтэй. Яам дэргэдээ Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим хүчний корпорацийг байгуулсан. Эдгээр нь бүхий л судалгаа шинжилгээний ажлыг хийж, инновацийн бааз суурь болох юм.

-Шинэ бүтээн байгуулалт ярихаас урьтаж одоо эрчим хүчний эх үүсвэрүүдийн суурилагдсан хүчин чадал хэр хэмжээтэй байгааг тодруулвал?

-Одоогоор улсын хэмжээнд цахилгааны хувьд 950 мВт хүчин чадал суурилагдсан байна. Үүн дээр одоо хийх эх үүсвэрүүдийн өргөтгөл нэмэгдэх ёстой. Жишээ нь, дулааны гуравдугаар цахилгааны станцад  цахилгааны 50 мВт, дулааны 100 Гкал, дөрөвдүгээр дулааны цахилгаан станцад 120 мВт, дулааны 180 Гкал эрчим хүчийг нэмэхээр ажиллаж байгаа.

Мөн Амгалангийн дулааны станц нэмэгдэнэ. Ингэхээр ойрын таван жилдэээрчим хүчний хэрэгцээг бүрэн шийдээд явах хэмжээний хүчин чадал бий болж байгаа юм. Ер нь эрчим хүчний бүтээн байгуулалт асар том учраас богино хугацаанд шийднэ гэж байхгүй. Бид ямартай ч ирээдүйд үүсэх эрчим хүчний хэрэглээг эх үүсвэрүүдээрээ залгаад явна.

- Орон нутагт эрчим хүчний эх үүсвэрүүдийг хэрхэн өргөтгөх боломжтой бол?

-Баруун бүсэд гэхэд ОХУ-аас цахилгаан авдаг учраас 60 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулж, хэрэгцээгээ хангах зорилготой. Үүнд 0.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Зүүн бүсэд Дорнод аймагт 100 мВт –ын хүчин чадалтай цахилгаан станцын шинэчлэл хийнэ.

Өртөг нь 0.2 орчим тэрбум ам.долларбөгөөд одоо хөрөнгө оруулалтын гэрээ сэлтийг хийж байгаа. Өмнөговь аймгийн Тавантолгой орчмоор Хятадаас эрчим хүч худалдаж авдгийг мөн дотоодоосоо шийдэхээр зорьж байна. Үүгээр 450 мВт –ын хүчин чадалтай цахилгаан станцын зураг төслийг боловсруулж байгаа.

Өртөг нь нэг тэрбум ам.доллар бөгөөд 100 хувь гадаадын хөрөнгө оруулалтаар санхүүжинэ. Мөн 220 мВт-ыг хүчин чадалтай Эгийн голын усан цахилгаан станц байгуулна. Одоогоор төслийн нэгжийг байгуулсан, 0.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Санхүүжилтийг бондын хөрөнгөөс шийднэ гэж тооцоолж байгаа.

Энэ мэт санхүүжилт бүс нутгаар янз бүр байна. Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна гэдгээр хувийн хэвшлийнхэн болон гадны хөрөнгө оруулалтаар шийдэх эрчим хүчний эх үүсвэрийн төсөл байхад төрөөс дэмжих нь ч байна.

-Хөдөөд хэдэн аймагт дулааны цахилгаан станц барина гэж байсан юу болсон бэ?

-Архангай, Төв, Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Хэнтий, Завхан аймгуудад дулааны цахилгаан станц байгуулахаар төрөөс нийт 24 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвлөсөн. Санхүүжилт бэлэн учир эдгээр аймагтай удахгүй болох Энержи Монголиа чуулга уулзалтын үеэр гэрээгээ байгуулна. Тэгэхээр энэ жилдээ барилгын ажил эхлэх байх.

-Өнөөх л олон жил яригдсан тавдугаар дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт явцгүй байна гэж гадуур шүүмжилж байгаа. Явц ямар байна вэ?

-Хүмүүсийн дунд нэг нийтлэг буруу ойлголт байна. Тавдугаар дулааны цахилгаан станцыг төр дангаараа байгуулахгүй шүү дээ. Энэ бол концессын гэрээгээр буюу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар босгоод төрд шилжүүлэх байдлаар барих бүтээн байгуулалт.

Олон улсад нээлттэй тендер зарлаж, бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр Франц, Япон, БНСУ, Монголын Ньюком групп шалгарсан. 43 га газрыг хамрах тавдугаар дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын гэрээг энэ зургадугаар сард багтаан хийж дуусгах төлөвлөгөөтэй.

Жилд 450 мВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай уг ДЦС-ын өртөг 1.2 тэрбум ам.доллар. Ингээд концессын гэрээ ёсоор гүйцэтгэгч компаниуд 20 жилдээ бүтээн байгуулалтын зардлаа олж, Монголын төрд хүлээлгэж өгөх ёстой.

Дээр хэлсэнчлэн ойрын таван жилдээ эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангана гэсэн бол түүний дараа яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэр үед энэ мэт шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулчихсан байх зорилттой.

-Хотжилт нягтаршиж байгаа учир хотын төвөөр шинэ баригдсан барилгад  цахилгаан холболт хийхэд хэцүүхэн болсон гэдэг. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Хотын төвөөр бол яах ч аргагүй эрчим хүчний хэрэглээний ачаалал бий болоод байна. Тиймээс хотын төв хэсэгт цахилгааны шинэ холболт хийхийн тулд газар доорх цахилгааны дэд бүтэц байгуулах асуудлыг ярьж байна.

Тухайлбал, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн хойно газар доорх дэд станц байгуулахаар газар авсан. Энэ бол манай улсын хувьд шинэ бүтээн байгуулалт учир гадныхнаас туршлага судлах шаардлагатай. Тиймээс бид гадны компаниудад санал тавьж, хамтран ажиллана.

-Нөгөө талдаа хорооллын айлуудын цахилгааны хүчдэл муу байгаа шүү дээ. Цахилгааны хэрэгслийг зэрэг ажиллуулвал хүчдэл нь уначихна. Ийм байдлыг яаж засах вэ?

-Бид сүүлийн жилүүдэд энэ асуудалд анхаарч, жил бүр есөн тэрбум төгрөгийг яг энэ ажилд зориулж зарцуулж байхаар болсон. Тодруулбал, нийслэлийн дүүрэг бүрт цахилгааны хүчдлийг сайжруулах шинэчлэл хийж байна. Энэ жилийн хувьд мөн есөн тэрбум төгрөгөөр дүүргүүдийн гэр хороолол дахь  дэд станцын трансформаторын хүчин чадлыг нэмэх, шинэ шугам татах зэрэг бүх шинэчлэлийг аажим аажмаар хийж байна.

-Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах оновчтой гэдэг. Энэ дагуу өнгөрсөн жил “Ньюком”-ын салхин цахилгаан станц байгуулсан. Одоо үнэ тарифын асуудалтай байгаа гэж сонслоо. Энэ талаар тодруулвал?

-Ер нь аливаа үнэ тарифын хувьд төр засгаас хуулиар зааж өгдөггүй. Тэгвэл Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиар үнэ тарифыг зааж өгсөн. Ньюком группын салхин цахилгаан станцын хувьд амжилттай байгуулсан. Гэтэл тус салхин паркаас үйлдвэрлэж буй эрчим хүчийг төвийн эрчим хүчний системд нийлүүлэх үнэ, хуулиар өндөр тогтсон юм.

Тухайн үедээ Мянганы сорилтын сангаас зөрүү мөнгийг төлнө гэж байсан ч одоо сангийн төсөл хэрэгжиж дууссан тул яах ч аргагүй зөрүү мөнгийг төрөөс төлж байгаа юм. Үнэ тарифаар тодруулбал, төвийн бүсийн эрчим хүчний систем дулааны дөрөвдүгээр цахилгаан станцаас нэг кв/цаг цахилгааныг 41 төгрөгөөр худалдаж авдаг бол Салхин цахилгаан станцаас 130 төгрөгөөр худалдаж авч байгаа.

Ингээд эцсийн дамжлагаар иргэдэд ялгаагүй 78 төгрөгөөр нийлүүлж буй. Үүнээс зөрүү үүсч, төр төлбөр тооцооны алдагдалд орж байна гэсэн үг. Тиймээс энэхүү гэрээг эргэн харах, тал бүрийн төлөөлөл хамтдаа ярилцах шаардлага бий.

У.Болор

Эх сурвалж: “Energy.gov.mn


URL:

Сэтгэгдэл бичих