О.Магнай шийтгүүлжээ
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өөрөө шийтгүүлж, торгууль хүлээжээ. Түүнийг энэхүү албан тушаалд очсоноос хойш чамгүй олон хүн торгууль, шийтгэл хүлээсэн.
Түүгээр ч зогсохгүй зөрчил гаргасан нөхдийн талаар олон нийтийн сүлжээ болон хэвлэлээр багагүй шуугидаг. Тэгвэл бусдыг торгож, сануулах арга хэмжээг ар араас нь “тамгалж, гарын үсэг зурдаг” О.Магнай дарга өөрөө ч болдоггүй нэгэн бололтой. Тиймдээ гурван сарын цалингийнхаа 20 хувийг хасуулахаар болжээ.
Энэ сарын эхээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг захирамж гарган түүнд дээрх сахилгын шийтгэлийг ногдуулсан аж. Учир нь мань хүн төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2-ыг удаа дараа зөрчсөн гэнэ.
Хуулийн энэхүү заалтад “Агентлагийн даргыг гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагад туршлага судлах, мэргэжлийн сургалтад явах, хурал, зөвлөлгөөнд оролцох /цаашид албан томилолт” гэх/-ыг Монгол Улсын сайд шийдвэрлэнэ” гэсэн байдаг.
Харамсалтай нь О.Магнай дарга Ерөнхий сайдаас зөвшөөрөл авалгүйгээр гадаадад зорчин том толгойлсон бололтой. Тиймээс сахилгын арга хэмжээгээр гэмээ цайруулж байгаа аж.
URL: