Салбар нь элгээрээ хэвтсэн ЭМЯ-ны удирдлагууд эмнэлгийн дарга нартайгаа зад наргижээ
Хэдхэн хоногийн өмнө Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнууд томоохон эмнэлгийн дарга нартайгаа дотно танилцах үүднээс хотоос холгүйхэн амралтын газар очиж зад наргижээ.
Тодруулбал ЭМЯ-ны газрын дарга Буянжаргал, Цолмонгэрэл, хэлтсийн дарга Оюунцэцэг, сайдын ахлах зөвлөх Туяа, зөвлөх Мандахнаран нар болон Нийслэлийн томоохон эмнэлгийн дарга нар дээрх үдэшлэгт багтсан байна.
Тэд манайдаа л зэрэглэл өндөр, өртөг ахиутай “Монголика” амралтын газар очиж ёстой л нөгөө “хутга тавилгүй мах идэж, хундага тавилгүй архи ууна” гээч болсон юм байх.
Мэдээж хүн л юм чинь наргиж цэнгэж болно. Гэхдээ салбар нь элгээрээ хэвтчихээд байхад бодлого тодорхойлох ёстой яамны удирдлагууд, томоохон эмнэлгийн удирдлагуудтайгаа ийнхүү төсвийн мөнгөөр наргисан нь анхаарал татаж байгаа юм.
Тэд бүгд Н.Удвал сайдын ойр дотны ах дүү, найз нөхөд гэх. Товчхондоо төрийн албыг төрлийн алба болгосон Н.Алтанхуягийн Засгийн газрын түгээмэл жишээ энэ яаманд тодхон харагдана.
Ер нь Н.Удвал Эрүүл мэндийн салбарыг толгойлох болсноор энэ салбар бүрэн уналтад орсон гэхэд үнэнээс төдийлөн хол зөрөхгүй болов уу.
Учир нь тэрбээр бодлого тодорхойлох яамыг мэргэжлийн бус хүнээр нэг үгээр хэлбэл ойр дотныхоо хүмүүсээр сэлбэснээс үүдэлтэй гэх нь ч бий.
Хамгийн наад зах нь түүнд зөвлөгөө өгдөг ахлах зөвлөх Туяа нь эмнэлгийн салбарын хүн биш.
Тэрбээр олон улсын байгууллагад ажилладаг байсан бөгөөд сүүлийн жилүүдэд хүний нутагт амьдарч байсан нэгэн. Харин хоёрдугаар зөвлөх Мандахнаран ньГерманд нөхрийн хамт амьдарч байгаа ирсэн. Монголд ирсэн даруйдаа Эрдэнэтэд 10 аад сар ажиллаж байсан гэдэг. Гэвч эрүүл мэндийн салбарын зохион байгуулалт огт мэдэхгүй нэгэн гэдгийг яамныхан мэр сэр ярьдаг. Бас нэгэн зөвлөх нь Жамбалжав. Түүнийг МУ-ын хүний гавъяат эмч, бөөрний мэс заслын Монголд анх нэвтрүүлсэн гэдгээр нь ард түмэн мэднэ. Мөн Нэгдүгээр эмнэлгийн захирлаар ч ажиллаж байсан, салбартаа бол туршлагатай нэгэн. Гэхдээ энэ хүн нь сайддаа зөвлөгөө өгдөг эсэх нь тодорхой бус. Чухам яагаад гэдэг нь мөн л ойлгомжгүй. Ямартай ч насаараа зүтгэсэн салбар нь уналтанд орчихоод байхад сайдтайгаа төдийлөн гар нийлж ажилладаггүй мэт. Хатуухан хэлэхэд сэтгэлгүй, хахир нөхөр шиг байгаа юм.
Харин бусад хэлтсийн дарга нарын хувьд эрүүл мэндийн салбарт хийж бүтээсэн зүйлгүй, өмнө нь төсөл мөсөлхөн дээр ажиллаж байсан нөхдүүд.
Иймэрхүү нөхдүүд энэ салбарыг удирдахаар ажил нь яаж ч ургаштай явж, хүн ард нь эрүүл мэндийн үйлчилгээгээ сэтгэл хангалуун хүнд сурталгүй авах билээ дээ.
Тэдний хийдэг ажил нь орчин цагийн хэлээр “хов базах”, хоорондын тэмцэл атаа жөтүү. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л тус салбарын сайд Н.Удвал, Төрийн нарийн А.Эрдэнэтуяа нарын хэрүүл.
Өөрөөр хэлбэл энэ яаманд ажил хийдэг хүнгүй болсон бөгөөд жирийн мэргэжилтэн алба хаагчид нь хөндлөнгөөс харж, толгой сэгсрэн суух нь харамсмаар.
Өдрөөс өдөрт эмч эмнэлгийн ажилтнуудын буруутай үйлдлээс ард иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа энэ цаг үед асуудал хаанаа байгаа талаар хуралдаж, зөвлөлдөхийн оронд хотоос зайдуухан наргиж цэнгэж суугаа нь хэр зохистой юм бол…
М.Нандин Uls.mn
URL: