Хятад яагаад цаасан барын дүр үзүүлэв?
МОСКВА. /Voice Of Russia/. Хятад улс эдийн засгаараа энэ оны эцэс гэхэд АНУ-ыг гүйцэж түрүүлэн дэлхийг тэргүүлэх төлөвтэй байна гэж “Financial Times” сонин Дэлхийн банкны тайланд үндэслэн мэдээлсэн билээ.
Дэлхийн банкны “Олон улсын харьцуулсан хөтөлбөр”-ийн материалаас харвал Хятад улс төсөөлж байснаас илүү хурдтай хөгжиж байгааг мэдэж болно. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тус улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) өсөлтийг америк доллароор хэмжиж ирсэн. Гэвч валютын ханш өөрөө хэлбэлзэж байдаг тул уг үзүүлэлтийг яг тодорхой хэмжих боломжгүй. ДНБ-ийг дээрх аргаар тооцох нь нэг төрлийн загварчилсан хийсвэр тооцоолол төдий зүйл гэж Дэлхийн банк үздэг байна. ДНБ-ийг илүү нарийн тодорхойлох, бусад улстай харьцуулахын тулд тухайн улсын худалдан авах чадварыг гол үзүүлэлт болгон авч үзжээ. Дэлхийн банк сүүлд Хятадын ДНБ-ийг тооцон гаргахдаа дээрх аргыг хэрэглэсэн байна. Үүнээс харвал 2011 онд АНУ-ын ДНБ 15 их наяд доллар байсан бол Хятадын ДНБ 12 их наяд доллар байв. Олон улсын валютын сангийн тооцоогоор, 2011-2014 оны хугацаанд Хятадын ДНБ 24 хувь өссөн байхад мөн хугацаанд АНУ-ын ДНБ дөнгөж 7,6 хувь өссөн байна. Тиймээс Хятад улс энэ ондоо багтаж дэлхийн хамгийн том эдийн засагтай улс болох бүрэн боломжтой юм. Харин Хятадын Статистикийн төв газраас зарим мэдээлэл тодорхойгүй гэдэг үндэслэлээр энэ тухай мэдээлэл хийхээс татгалздаг. Мөн тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Дэлхийн банкны “Олон улсын харьцуулсан хөтөлбөр”-ийг буруу тооцоо гаргасан гэсэн Засгийн газрын байр суурийг даган Хятад улс хараахан хөгжингүй орны түвшинд хүрэх болоогүй гэж бичиж байна.
Хятад улс өөрийн хүчин чадлыг бусдад харуулах дургүй байдаг. Учир нь 2001 онд Дэлхийн худалдааны байгууллагаас Хятад улсыг хөгжиж буй орнуудын тоонд оруулсан билээ. Хөгжиж буй орнуудын тоонд багтсанаар тухайн улс Дэлхий худалдааны байгууллагаас тодорхой хэмжээний хөнгөлөлтүүд эдлэх боломжтой болдог тиймээс Хятад улс ойрын ирээдүйд хөгжиж буй улсын статусаас дээшлэх сонирхолгүй байгаа бололтой. Хятад улс хөгжиж буй улсын статустай болсноор Дэлхийн худалдааны байгууллагаас ямар хөнгөлөлтүүд үзүүлсэн вэ? Дотоодын зах зээлийг нээлттэй болгох таван жилийн эрх, дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийн 8,5 хувийг газар тариалангийн салбарт оруулах эрх, экспортын зорилгогүй үйлдвэрлэлд төрөөс дэмжлэг үзүүлэх, дотоодод үйл ажиллагаа явуулж буй гадаадын аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээлттэй болгохыг шаардах эрх, байгалийн баялгийг хамгаалах зорилгоор 80 нэр төрлийн бүтээгдэхүүнд экспортын татвар оногдуулах эрх, улсын аюулгүй байдал, батлан хамгаалах салбарын хэвлэл товхимол, кино дүрс бичлэг болон бусад эдийн засгийн салбарыг хамгаалах эрх зэрэг юм.
Үйлдвэрлэл хөгжсөн, дэлхийн өндөр хөгжилтэй орон болсноор Хятад улс дээрх бүх эрхээ алдахаас аргагүй болох юм. Тиймээс Хятад улс энэхүү хөгжингүй орны статусыг хүлээн авах гэж яарахгүй байна гэж ОХУ-ын Хятадын эдийн засаг нийгэм судлалын төвийн дэд захирал Андрей Островский үзэж байна. Тэрээр хэлэхдээ, Хятад улс дэлхийн өндөр хөгжилтэй, хамгийн том үйлдвэржсэн улсын статусыг хүлээн авснаар бусад улсад туслах үүрэг хүлээх болно гэв. Гэтэл өнөөдрийн Хятад улс дотоодын асуудалдаа хамаг анхаарлаа хандуулах шаардлагатай байна. Эдийн засгийн хөгжил болоод, ДНБ-ий өсөлт нь өндөр хэмжээнд байгаа ч нэг хүнд оногдох ДНБ урьдын адил доогуур хэвээр байгаа.
Энэ үзүүлэлтээр Хятадын эдийн засаг дөнгөж эхний 100-д багтаж байгаа юм. Хүн амын хөгшрөлт зэрэг тус улсын дотоодод олон асуудал тулгарч байна. Ийм нөхцөл байдалд нэг тэрбум 400 сая хүний амьжиргааг батлан даах үүрэг тус улсад оногдож байгаа юм гэж Андрей Островский үзэж байна.
Хятад хүмүүс өөрсдийгөө хөгжингүй оронд амьдарч байна гэж боддоггүй хэвээр байгаа. Дэлхийн банкнаас гаргасан дээрх тайлангийн талаар Хятадын цахим ертөнцөд олон хэлэлцүүлэг маргаан өрнөж байна болсон. Тухайлбал, тэд тэд “Хэрэглээний үнэ л өндөр хөгжилтэй орны жишигт хүрсэн”, “Нэг тэрбумтны хажууд есөн ядуу хүн байна гэж тооцвол манай орны хүмүүс бүгд саятан гэж тооцогдоно”, “Өндөр хөгжилтэй ядуу орон болсон Хятад улсад баяр хүргэе” гэх мэтээр Хятадын нийгэм Дэлхийн банкны тайланд хариу өгч байна.
А.Цацралт
Монцамэ
URL: