Б.Энхбаяр: Эдийн засгийн хүндрэл нь засаглалын хямралаас үүдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

1400031220_9Төрийн албан хаагчдын холбооны тэргүүн Б.Энхбаяртай төрийн захиргааны бүтэц данхайж байгаа асуудлаар ярилцлаа.

-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс төрийн албан хаагчдын орон тоо нэмэгдсэн нь эдийн засгийн хямралын бодит эх ундарга, шалтгаан гэж үзэж байна. Та үүнтэй санал нэг байна уу?

-Төрийн албаны хуульд зааснаар төрийн албаны шалгалт өгч жинхэнэ албаны нөөцөд багтсан иргэнд л төрд ажиллах эрх нь нээгддэг. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ийм шалгалтанд ороогүй хүнийг түр томилохыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа Засгийн газар хууль зөрчсөн журам гарган үүгээрээ түр томилж болно гэсэн хууль зөрчсөн, хуулиас давсан заалт оруулж маш олон хүнийг төрийн албанд томилсоны гор одоо гарч байна. 2012 оны сонгуулийн дараагаас 2013 оны арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар нийт 1000 орчим төрийн удирдах дарга нарыг шинээр томилсон байгаа юм. 1000 орчим дарга нарын тал хувийг нь түр буюу хууль зөрчиж томилсон байдаг. Тэр хууль бусаар томилогдсон 500 орчим дарга нарын мөн тал хувь нь буюу 256 нь өнөөдрийг хүртэл “түр орлон гүйцэтгэгч” хэвээрээ л ажиллаж байна. Үндсэн хуулийн Цэц “Түр томилгоо Үндсэн хуулийг зөрчиж байна” гэдэг шийдвэр гаргаад өнөөдөр жил зургаан сар болох гэж байна. Гэтэл томилогдсон хүмүүс нь Үндсэн хууль зөрчөөд жил зургаан сараас хоёр жилийн хооронд ажиллаж байх жишээтэй. Тэгэхээр Засгийн газар Төрийн албаны хууль, тогтоомжийг бүх шатны томилгоон дээр гажуудуулжээ.

Төрийн албаны зөвлөл шалгалт авах ажлыг зохион байгуулдаг байхад хаана, ямар сул орон тоо гарч байна, сул орон тоон дээр хэчнээн хүн өрсөлдөөд шалгалт өгч, аль яам, агентлагт ажиллаж байна уу гэдгийг хянах боломжтой байсан. Цаад утгаараа бол Төрийн албаны зөвлөлөөр дамжуулаад  хууль тогтоох байгууллага УИХ, Засгийн газар нь ч тэр мэдээлэл, тайлангаа авдаг, хянах боломжтой байсан. Хууль тогтоомжийн дагуу байна уу гэдэг мониторинг хийх боломжтой байсан гэсэн үг. Гэтэл түр гэдэг хууль бус томилгооны элемент ороод ирэхээр төрийн энэ олон яам, агентлаг, орон нутгийн төрийн албадын хаана, юу болж байгааг Төрийн албаны зөвлөл нь ч, Засгийн газар нь өөрөө ч үндсэндээ мэдэж, хянаж чадах чадамжаа алдаж, хяналтын хүлээснээсээ алдчихлаа. Үүний гор нь төрийн алба огцом данхайж, захиргааны зардал үлэмж тэлсэнээр, түүнийгээ Засгийн газар нь тайлбарлаж ч чадахгүй байгаагаар өнөөдөр нотлогдон харагдаж байна.

-Өөрөөр хэлбэл, төр засгийн байгууллага нь төрийн жинхэнэ алба хаагчаа хянаж чадахгүй, замбараагүй байдалд орчихоод байна гэсэн үг үү?

-Замбараагүй болсноос гадна хяналтаас гарчихаад байгаа юм. Өнөөдөр Төрийн албаны зөвлөл нь ч тэр, Засгийн газар нь төрийн албанд юу болоод байгаа, хаана хэн томилсоныг мэдэхээ больсон. Үүнийг далимдуулаад “чоно борооноор” гэгчээр шат шатны удирдах нөхдүүд нь танил талаа ажилд авч, төрийн албыг төрлийнх болгох ажлыг хөөрөгдөж байна. Үүнээс нь болж засгийн бүтэц хэт данхайж, өнөөдрийн байдлаар төрийн албан хаагчийн тоо 180 мянгад хүрлээ. 2012 оны эхээр 150 мянгад хүрээгүй байсан төрийн алба шүү дээ. Гэтэл өнөөдөр 180 мянга болж 30 хувиар хоёрхон жилийн дотор нэмэгдчихээд байна. Гэтэл Засгийн газрын тэргүүн нь болохоор төрийн албыг нэг ч хүнээр нэмээгүй гээд гүлдийсэн хэвээр л байгаад байдаг.

-Энэ нь өөрөө нийгэмд зөрүүтэй мэдээлэл болж байгаа зүйл бий. Нэг ёсондоо иргэдийг хуурч байгаа зүйл биз?

-Монголын төрийн алба тоон үзүүлэлтээр 30 мянгаар нэмэгдчихээд байна. Засгийн газраас монгол хүнээ ажилтай, орлоготой болгоё гэдэг зорилт дэвшүүлсэн. Гэтэл энэ зорилт хаана хэрэгжиж байна гэхээр төрийн албанд л бий болж байна. Эсрэгээрээ хувийн хэвшил, баялаг бүтээгч хэсэгт нь иргэд ажилгүй болж байна. 2014 оны эхний улирлын байдлаар л гэхэд өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр дахин их хүмүүс ажилгүй болж, ажилгүйдлийн тэтгэмж авчихаад байдаг. Гэтэл тэдний татварын мөнгөөр тэжээгдэж байдаг төрийн алба нь томрохоор толгой нь томдоод, хөл нь савх болчихсон аркеттай хүн шиг болж хувирлаа, монгол төр. Хөл нь толгойгоо даахгүй хэзээ мөдгүй хугарч, нугарч унах гэж байна. Бодит байдал ийм л байна.

-Эдийн засгийн хямралын эх уурхай нь төрийн алба данхайснаас үүдэлтэй гэх нь бий. Үнэхээр бодит байдал ийм байна уу?

-Эдийн засгийн хямрал, өнөөгийн байж байгаа бүх зүйлийн эх үүсвэр, үндсэн шалтгаан нь засгийн данхайрал, засаглалын хямрал гэдгийг хүлээх зөвшөөрөх хэрэгтэй. Ядаж анхны байсан хэмжээнд нь буюу яаралтай 30 хүртэл хувиар захиргааны урсгал зардлаа багасгах шаардлагатай болчихоод байна. Энэ нь зөвхөн хүний асуудал хөндөх тухай биш юм. Тэр хүн чинь ширээн дээр сууж, компьютер хэрэглэнэ. Яамдуудад газар, хэлтсийн дарга нар бол машин унана. Хамгийн сүүлийн мэдээллээр Монголын төрийн албанд 5400 орчим авто машин үйлчилж байгаа гэсэн судалгаа байна. Үүний шатахуунд нь зөвхөн жилд 45 тэрбум төгрөг зарцуулж байна. Түүнчлэн есөн тэрбум төгрөгийг бичиг хэргийн материал авахад зарцуулж, нэг жилд 6-7 тэрбум төгрөгийг тавилга авахад зарцуулж байгаа гээд бодохоор ямар хэмжээнд Монголын төр данхайсан нь тод харагдана. Энэ бүхэн хэрээс хэтэрлээ. Энэ зардлыг хэн төлж байна гэвэл нөгөө л татвар төлөгчид. Гэтэл тэдгээр баялаг бүтээгчдийн хөлс нулимсаа шингээж, өөрийн ажилтнаа цомхотгон ажилгүй болгож хэмнэн байж өгсөн татварын мөнгийг нь юу ч болоогүй мэтээр ах дүү, амраг саднаа төрд шургалуулан тэжээх хэрэгсэл болгож байгаагаа нэн даруй таслан зогсоох хэрэгтэй. Өөрөө зовж олоогүй мөнгийг хаа хамаагүй цацахаасаа эрх баригчид наад зах нь ичиж, цамаан зангаа татах хэрэгтэй. Хэчнээн ч их мөнгөтэй байгаад түүнийгээ зөв зарцуулахгүй бол тэр хэзээ ч хангалттай биш хэвээрээ л байх болно.

-Чухам яаж болиулах вэ. 30 мянган төрийн албан хаагчийг шууд халах боломжтой бий юү?

-Урсгал зардлыг яаралтай танах хэрэгтэй. Төрийн албан хаагчдын тооноос гадна үүнийг дагасан маш их зардал бий. Хэмнэж, тэвчиж, хасаж болох маш олон зардал байна. Жишээлбэл, захиргааны зардалд гэхэд 10 жилийн өмнө 450 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Өнөөдөр дөрвөн их наяд 500 тэрбум төгрөг зарцуулж байгаа буюу 10 дахин их болсон байна. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад төрийн үйлчилгээ 10 дахин  сайжирсан уу. Харамсалтай нь тийм зүйл алга. Хэвийн байж болох боломжтой байсан зардлыг асар их хэмжээгээр нэмсэн байна. 11 яамтай байсныг 16 болгохоор байр сав, халаалт гээд урсгал зардал нь хэдий хэр гарч ирэх вэ гэдгээс хамаарч энэ бүхэн хэрээс хэтэрчихээд байна. 2012 онд улсын үйлдвэрийн газарт 27 мянган орчим хүн ажиллаж байсан.

Өнөөдөр 46 мянга болоод улсын үйлдвэрийн газрыг олноор нэмж, төр бүх бизнесийг булааж авч эхэлж байна. Сүүлдээ бизнесийн талбарт Засгийн газар нь ард түмэнтэйгээ, хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг гаж тогтолцоо руу орлоо. Үүнийгээ Засгийн газар дандаа “Та бүхний сайн сайхны төлөө. Таны тусын төлөө” гэсэн сайхан халхавчаар нууж байна. Сайн сайхны төлөө гэх халхавч нь ногоон хогийн уут, цэцгийн мандал гэх мэт хөрөнгө мөнгийг хэдэн тэрбумаар нь зарсан, нэмэгдүүлсэн төрийн нэр барьсан хэн нэгний бизнесүүд цэцэглэж байна. Иргэдийн таашаалд нийцэхүйц санааг төр бизнес болгон хувиргаж, татвар төлөгчдийн хөрөнгөөр гамгүй зарах болсон нь үүний цаана дандаа ашиг сонирхлын зөрчилтэй ах дүү, төрөл садан, анд найзынхаа компаний бизнестйг дэмжих болсон нь өнөөгийн авилгалын хамгийн түгээмэл нийтлэг дүр төрх болж хувирлаа. Ийм дүр зурагт дасмааргүй байна, хүлцмээргүй байна.

-Ярилцсанд баярлалаа.

С.МӨНХБАЯСГАЛАН


URL:

Сэтгэгдэл бичих