“Батж.Батбаяраас хөрөнгө худалдаж авсан этгээд хохирлоо “Говь” компаниас нэхэж болно”
Ноолуурын сезон ид өрнөж байна. Килограмм ноолуурыг малчдын гар дээрээс 80 гаруй мянган төгрөгөөр авч байгаа нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт гэнэ. Өөрөөр хэлбэл, яг өдийд ноолуурын компаниуд түүхий эдээ цуглуулдаг. Монголд ямаа өссөн, тиймээс ноолуурын бизнес эрхлэгчдэд хомсдлын аюул үгүй ажээ.
Энэ хэрээрээ манайд том, жижиг ноолуурын үйлдвэрүүд жил тутам нэмэгдсээр…
Бид энэ удаагийн “Өмч хувьчлалын түүх” буландаа Монголын хамгийн том гэгддэг нэгэн үйлдвэртэй холбоотой хувьчлалын түүхийг сөхөхөөр шийдэв.
1999 он. Төрийн өмчийн хувьчлалын оргил үе болох тэр жилийн зургадугаар сарын 16-ны өдөр “Говь” ХК-ийн ТУЗ-ийн хурлаар нэгэн шийдвэрийг гаргажээ. Тэр нь “Монкашмер” ХХК-ийн өөрийн компанид оногдох эзмшлийн хувийг “Туул кашмер” ХК-д худалдах тухай шийдвэр байв. Өмнө нь “Говь” ХК, “Туул кашмер” ХК хамтран “Монкашмер” ХХК-ийг байгуулсан байна. Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх үед “Монкашмер” ХХК-ийн нийт хөрөнгийн 51.4 хувь /739.8 сая төгрөг/-ийг “Говь” ХК, 48.6 хувь /711.2 сая төгрөг/-ийг “Туул кашмер” ХК эзэмшиж байж. Нэг үгээр хэлбэл, дээрх компанийн 51.4 хувь буюу 739.8 сая төгрөгийн хөрөнгийг “Туул кашмер” ХК-д худалдсанаар энэ компани буюу УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр “Монкашмер” ХХК-ийг 100 хувь эзэмших болжээ. Хамгийн сонирхолтой нь энэ хувийг дөнгөж 450 сая төгрөгөөр худалдаж авсан аж.
Уг нь “Монкашмер”-ийн 51.4 хувь нь 739.8 сая төгрөгийн өртөгтэй байдаг. Гэтэл 450 сая төгрөгөөр зарчихжээ. Дээрх үнээр нь авахыг УИХ-ын гишүүн асан Батж.Батбаяр зөвшөөрөөгүй тул “Говь”-ийн ТУЗ-ийнхөн ийн хямдруулаад өгчихсөн байна.
Тухайн үеийн Иргэний хуулийн 91.1-д “Эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөгчдийн аль нэг нь өөрт оногдох хэсгээ худалдах, түрээслэх тохиолдолд энэ тухай бусаддаа мэдэгдэх үүрэгтэй бөгөөд тэдгээр нь уг хэсгийг тэргүүн ээлжинд худалдан авах буюу түрээслэн авах эрхтэй…” гэсэн байдаг ажээ. Үүгээр бол “Говь”-ийнхан дээрх хувийг “Туул кашмер” 739.8 сая төгрөгөөр авахыг зөвшөөрөөгүй бол ТӨХ-нд мэдэгдэх учиртай байж. Гэтэл “Говь” ХК-ийн ТУЗ дур мэдэн худалдаж хууль зөрчсөн гэнэ. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 56.1-д зааснаар Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрд ногдох хувьцаа, ногдол хувийг ТӨХ-ны шийдвэрээр худалдах ёстой юм байна.
Төрийн өмчийг бөөндөж хувьчилсан 1999 оны энэхүү хувьчлалын материалтай 2002 онд УИХ-аас томилогдсон ажлын хэсгийнхэн үзэж танилцжээ.
Тэд дүгнэлтдээ “Монкашмер” ХХК дахь “Говь” ХК-ийн оногдол хувийг худалдах тухай шийдвэрийг ТӨХ гаргаагүй байтал “Говь” ХК-ийн ТУЗ дур мэдэн худалдах шийдвэр гаргасан нь хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байна. Иймд “Говь” ХК-ийн ТУЗ-ийн 1999 оны 20 дугаар тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай” гэжээ. Ингэснээр “Говь” ХК-иас өөрийн оногдох хувийг “Туул кашмер” ХК-д худалдсан гэрээ хүчингүй болно. Үүнийг дагаад “Туул кашмер” ХК нь “Говь” ХК-аас худалдаж авсан хөрөнгөө бусдад худалдсан гэрээ ч хүчингүй гэсэн үг. Тиймээс “Туул кашмер” ХК-аас хөрөнгө худалдаж авсан этгээд хохирлоо “Говь” ХК-аас нэхэмжилж шүүхэд хандаж болох талаар эрхэм гишүүд зөвлөмж гаргажээ. Өөрөөр хэлбэл,”Говь” ХК-ийн ТУЗ-ийн 199 оны 20 дугаар тогтоолыг хүчингүй болговол Батж.Батбаяраас хөрөнгө худалдаж авсан хувь хүн, компани “Говь” ХК-аас хохирлоо нэхэмжил гэсэн үг юм.
Батж.Батбаяр тухайн үед өөрийг нь хөл дээр нь босгосон “Монкашмер”-ийн хувьчлалын талаар үнэнийг дэлгэхийг хүсдэггүй. Ерөнхийдөө нууцалдаг. Тэрээр энэ талаар сонинд өгсөн ярилцлагадаа “…”Говь”-той хамтарч “Монкашмер” гэдэг үйлдвэр байгуулаад, дараа нь тэрийгээ Италийн “Лоропиана”-д зарсан…” гэдэг. Ингээд л болоо. Тэрээр энэ тухай өөр юу ч ярилгүй өдийг хүрчээ.
Ноён Батж.Батбаяр нь “Туул кашмер” ХК-ийн 50-иас илүү хувийг хэрхэн цуглуулсан, дараа нь “Говь”-ийн ТУЗ-өөс яаж байгаад тэр хувийг тийм хямд худалдах шийдвэр гаргуулж дөнгөв, тэр үед “Говь”-ийн ТУЗ-д хэн хэн байв гээд олон асуулт гарч ирж байгаа юм.
Өдгөө “Говь” ХК нь хувьчлагдсан, “Монкашмер” болон “Туул кашмер” компаниуд ноён Батж.Батбаярын мэдэлд хэвээр байдаг гэнэ лээ.
Зууны мэдээ
URL: