Тавантолгойн талыг 10-хан гэр бүл “идэх” гэж үү
‘Тавантолгой”-г хэрхэхийг тэнгэр мэдэхгүй. Засгийн газар мэднэ. Засгийн газрын шийдвэрийг УИХ-аар хэлэлцэнэ л дээ. Гэхдээ УИХ Засгийн газрынхаа атганд багтаж байгаа болохоор ингэж хэлэхээс өөр арга алга.
Тавантолгойн нөөц хэдийгээр маргаантай байгаа ч 6.5 тэрбум тонн гэсэн баримтыг эшилсээр. Үгүй яах вэ дэлхийд эхний 10-т орох баялагтай орд гэдэг нь үнэн юм шиг байгаа юм.
Энэ том ордыг хэрхэн ашиглахыг таах гэж Монголын ард түмэн тархиа гашилгаж байна. Тавантолгойд орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой” хувьцаат компани, “Энержи ресурс” компани олборлолт хийж буй. “Энержи ресурс” ордын нийт нөөцийн дөрвөн хувийг ухна.
Саяхан Тавантолгойн ордыг ашиглаж эхлэхээр “Эрдэнэс Монгол” компанийн охин компани “Эрдэнэс Тавантолгой”-г байгуулав.
Манайдаа анх удаа 15 тэрбум ширхэг хувьцаатай аймаар том компани ийнхүү байгуулагдлаа. Иргэд Тавантолгойн нөөцийн 96 хувийг ашиглах компани байгуулагдлаа, удахгүй миний амьдралд ач тусаа өгнө гэж баярлав. Арга ч үгүй юм даа. Төр энэ компанийн хувьцааны 10 хувийг иргэдэд үнэгүй өгөхөө амласан юм чинь.
Иргэдэд 10 хувийг нь өгөхөөс гадна дотоодын аж ахуйн нэгжүүдэд 10, гадаадын зах зээл дээр 30 хувийг нь зарна гэж байгаа. Ингэхээр Монголын ард түмэнд 1.5, аж ахуйн нэгжүүдэд 1.5 тэрбум хувьцаа оногдоно. Олон улсын хөрөнгө оруулагчдад 4.5 тэрбум хувьцаа очно.
Монголчууд Тавантолгойн ордын 96 хувийн 10 хувийг эзэмших нь гэж баярласаар. Гэтэл Засгийн газрын зурсан таталбар ‘Та битгий баярла гэж хэлэх гээд байна”.
Яг үнэндээ Тавантолгойн ордын нэг хэсгийн 10 хувийг Монголчууд эзэмших нь. Та зарим нөхдүүд Тавантолгойн цанх-1, цанх-2 орд гэж яриад байсныг санаж байна уу. Тэгвэл эдний аль нэгийнх нь 10 хувийг Монголын ард түмэн эзэмших нь. “Эрдэнэс Тавантолгой” Тавантолгойн ордын зүүн хэсгийг ашиглана гэсэн мэдээллийг эх сурвалжууд дуулгалаа. Тэгвэл баруун хэсэг дээр хэн ажиллах вэ.
Д.Зоригт сайдын битүүхэн яриад байгаа стратегийн хөрөнгө оруулагч ажиллаж таарах нь. Ингэж нэг Тавантолгойг тал талаас нь зулгаах төлөвлөгөөний учир олдлоо.
Одоо Тавантолгойн нүүрсний дөрвөн хувийг “Энержи ресурс”, нэг хэсгийг нь стратегийн хөрөнгө оруулагч, нөгөө хэсгийг нь “Эрдэнэс Тавантолгой” компани ухах нь.
Ерөнхий сайд С.Батболдын “Монголчууд Тавантолгойн ордыг бүхэлд нь эзэмшиж ашгийг тэнцүү хүртэнэ гэсэн үг” лөөлөө болох төлөвтэй. Яагаад Монголчууд Тавантолгойнхоо үр ашгийг бүрэн дүүрэн хүртэж болохгүй гэж. Угтаа “Энержи ресурс” ч хуудуу гаргаж Тавантолгойгоос Ухаахудагийг салгаж эзэмшээ биз дээ.
Тавантолгойд хөрөнгө оруулах сонирхлоо “Пибоди энержи”, “Вале”, “Мицуи”, “Экстра” гэх мэт 11 компани, концерциум саналаа ирүүлсэн. Үүний дараа “Эрдэнэс Тавантолгой”-н оператор компанийг сонгон шалгаруулалт болоход эдгээр компанийн нэр огт байхгүй байв. Нөгөө дэлхийн хүч чадалтай компаниуд байхгүй болчихож гэж ярилцаж байв. Тэр компаниуд Тавантолгойн баруун хэсэгт стратегийн хөрөнгө оруулагч болох хүсэлтээ илэрхийлснийг Засгийн газар лав тайлбарлаагүй. Гэтэл ард түмэн шал өөр юм бодоод төөрчихсөн явж.
Одоо л олон учиг тайлагдлаа. Олон учиг тайлагдахын хэрээр болгоомжлол төрүүлэх олон “өнгө” тодорсоор. Тавантолгойг хэн, хэний ямар ашиг сонирхол хэрээд байна вэ.
Тавантолгойд заавал стратегийн хөрөнгө оруулагч байх хэрэгтэй юу гэж С.Батболдоос асуувал “Тэгэлгүй яах вэ” гэж хариулна. Засгийн газар 2008 оны УИХ-ын сонгуулиар иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөх амлалтыг биелүүлэх “хэцүү даалгавар” авсан. Тиймдээ ч тараах мөнгөө олохын тулд Тавантолгойг хоёр хуваахаар шийдэж.
Засгийн газар улсын төсөвт хаанаас оруулж ирэх нь тодорхойгүй 370 сая ам.доллар суулгаад УИХ-д зад загнуулсан. Стратегийн хөрөнгө оруулагчаас урьдчилж авах мөнгөө суулгасан янз нь тэр. Хэнээс авахаа тогтоогүй байж “Экстра”-гаас, эсвэл “Вале”-гаас авна гэж худлаа туултай нь биш. Засгийн газрын стратегийн хөрөнгө оруулагчдаа угтуулан тавих ганц нөхцөл нь 370 сая ам.доллар байх
аа даа. Засгийн газрын сонирхол ийм байж.
Мэдээж стратегийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг тааж ядах юмгүй. Тавантолгойн баруун хэсгийн нүүрсийг ухах гэрээг яаж ашигтай хийх вэ гэж толгойгоо дээд цэгт нь ажиллуулж буй. Мөнгөтэй компани нь манай Засгийн газрыг урьдчилгаа төлбөрөөр шантаажилж ашигтай гэрээ хийнэ ээ гээд нүүдлээ тооцоолж суугаа.
Тавантолгойн баруун хэсгийг ашиглах стратегийн хөрөнгө оруулагчдын дунд “Энержи ресурс” буюу “Mongolia mining corporation”-ы ашиг сонирхол хавчуулагдах сураг сонслоо. Тэдэнд ямар ашиг сонирхол байх вэ гэж бодож байна уу. Хонгконгоос 650 сая ам.доллар босгож Монголын анхны тэрбумтан болсон “MCS” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал “Энержи ресурс”-ийн хувьцааны унэлэмжийг өсгөж, худалдаж авсан хүмүүсийг нь баяжуулах өндөр хариуцлага үүрсэн. Хувьцааныхаа ханшийг өсгөх хамгийн сонгодог арга нөөцөө нэмэх. Хувьцааных нь үнэ өсвөл Ж.Оджаргал болоод олон хувьцаа эзэмшигч нь баяжна.
“Рио тинто” гэх мэт өндөр үнэлэмжтэй компаниуд дэлхийн өнцөг булан бүрт орд эзэмшдэг нь ийм учиртай. “Энержи ресурс” нөөцөө нэмэхийн тулд Тавантолгойн ордоос тодорхой хэсгийг нь салгаж авах зорилт тавих нь ойлгомжтой.
Хонгконгоос босгосон 650-ынхаа 250 сая ам.долларыг нөөцөө нэмэхэд зарцуулахаа мэдэгдээд байгаа бололтой. Арай “Энержи ресурс” стратегийн хөрөнгө оруулагчийн дүрд хувираад Тавантолгойн ордын баруун хэсгийг эзэгнэчих юм биш биз. Тэгвэл Тавантолгойн 50 хувь нэг компанийн мэдэлд орлоо гэсэн уг. Юун Монголын төр 100 хувь эзэмших.
“Энержи ресурс”-ийн 43.5 хувийг “MCS”, 2,3 хувийг “MCS Холдинг”, 14,1 хувийг “Петровис”, 29 хувийг “Тэнгэрийн цаг”, 6,1 хувийг “Шунхлай Майнинг” компани, таван хувийг Европын сэргээн босголтын банк эзэмшдэг байсан. Тус компани 25 хувиа хувьцаа гаргаж зарсан. Тэгэхээр 75 хувь нь Монголын баян компаниудын эзэмшилд үлдсэн гэсэн үг.
Энэ компаниудад төр, нийгэм, бизнесийн хүрээний томчуулын хөрөнгө оруулалт бий. Хэрвээ “Энержи ресурс” Тавантолгойн ордын баруун хэсгийг эзэмших юм бол Монголчуудын бараг бүгдийг нь нэрлэж чадах 10 гаруйхан гэр бүл хагартлаа баяжих нь. Тэдний Монголын улс төрд нөлөөлөх гар хөл хангалттай бий.
“Энержи рерурс” Тавантолгойн тал хувьд эрх мэдлээ тогтоовол газрын хэвлийн баялаг ард түмний өмч гэсэн хуулийн заалт, баялгийн тэгш хуваарилалтын зарчмаа хааш нь хийх вэ. Засгийн газрын хэрхэхийг тэнгэр мэдэх хэрэг үү.
Т.Энхбат
URL: