Ч.Ганбилэг захирал ямар ч хууль зөрчөөгүй
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэгийн талаархи цуврал мэдээлэл цахим ертөнцөөр цацагдсан билээ. Тус нийтлэлүүдэд хэд хэдэн үндэслэл гаргаж, түүнийг шүүмжилж бичсэн нь ташаа болохыг нягтлан шалгасны үндсэн дээр ийнхүү Ч.Ганбилэг захирлаас хүлцэл өчиж байна. Хамгийн гол нь энэхүү үндэслэлгүй мэдээлэлдээ Байгаль орчин Ногоон Хөгжлийн Сайд С.Оюуныг холбож бичсэн нь зөвхөн Ч.Ганбилэг захирлын нэр хүндэд халдаад зогсохгүй С.Оюун сайдын нэр хүндэд ч давхар халдсан хэрэг болсон байна. Тиймээс Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайд С.Оюун танаас давхар хүлцэл өчье. Тус нийтлэлийг бичсэн манай сэтгүүлч цуглуулсан мэдээллээ сайтар нягтлаагүй бөгөөд редакцийн зүгээс ч анхаараагүй нийтэлсэн учраас ийнхүү ташаа мэдээлэл цацагдсан болно.
Нийслэлд цөөхөн байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургах үйлсэд зүтгэж яваа 55 дугаар сургуулийн нийт албан хаагчдын нөр их хөдөлмөрийг өөрсдийн биеэр танилцаж, ямархан бэрхшээл туулж хүүхдүүд сургадаг юм бэ гэдгийг ойлгосны үндсэн дээр үүнийг бичиглэлээ. Жирийн сургуулийг бодвол илүү их ажиллагаа шаардсан, багш нараас илүү их ур чадвар шаардсан, сурах нөхцөл орчин илүү ая тухыг шаардсан тийм ертөнц байдаг гэдгийг тэр бүрий хүмүүс мэддэггүй бололтой. Тэр тусмаа тус сургуульд төрөөс илүү их анхаарал халамж хэрэгтэй нь ч мэдрэгдсэнийг нуух юун. Тиймээс үүнийг ч эрх баригчдын зүгээс анхаарч уншаасай хэмээн хүсч байна.
Тус сургуулийн захирлын талаар удаа дараагийн нийтлэлд дурдагдсан хууль бус үйлдлүүд нь огт үндэслэлгүйг бид сургуульд дээр нь очиж танилцан, баримт нотолгоог нь үзэж харсны үндсэн дээр бичиж байна.
Ч.Ганбилэг захирлын үндсэн мэргэжил нь хэл засалч багш аж. Тодотговол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл заах эрхтэй, тусгай мэргэжил эзэмшсэн гэсэн үг. Илүү их ажлын уян хатан чанар, илүү их ур чадвар, мэдрэмж, энэрэнгүй сэтгэл шаардсан мэргэжил эзэмшсэн утгаараа Ч.Ганбилэг нь тусгай сургалттай 55 дугаар сургуулийг жинхэнэ утгаар нь сэтгэл зүрхээ зориулан удирдаж байгааг ч багш, ажилчид нь дуулгасан. Нөгөө талаас мэргэжлийнхээ дагуу нийгмийн эмзэг давхаргын хүүхдэд зааж сургахын төлөө чармайж яваа нь нүдээ олсон гэлтэй.
Цахим ертөнцөд тавигдсан нийтлэлүүдэд Ч.Ганбилэг нь БОНХ-ийн сайд С.Оюуны хамгаалалтанд доор хууль зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан хэмээсэн нь ташаа мэдээлэл байсныг албан ёсоор дуулгаж байна. Өөрөөр хэлбэл С.Оюун сайдаар, түүнчлэн Тамгын Газрын дарга Ё.Гэрэлчулуунаар хамгаалуулж, хууль зөрчдөг гэсэн утга бүхий үг өгүүлбэр тус нийтлэлд байгаа нь ташаа болохыг мэдэгдэж байна.
URL: