Н.Батбаяр сайд “бухимдав”
УИХ-ын нэгдсэн чуулган хуваарь ёсоор пүрэв, баасан гаригт хуралддаг ч “Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай батлах шаардлагатай учраас өнөөдөр хуралдаж, Байнгын хороон дээр дэмжигдээгүй саналуудаар санал хураасан юм.
Энэ үеэр төсвийн байгууллагуудын зардлыг хэмнэх асуудлаар гишүүд санал хэлж байлаа. Тухайлбал төрийн мөнгөөр хэвлэл мэдээллийн байгууллагуудтай “хаалтын гэрээ” байгуулж, өөрсдийн талаар сөрөг мэдээллийг хаадгийг зогсоох хэрэгтэй гэж үзэх гишүүд байна. Ингээд хэн хэн ямар байр суурь илэрхийлсэнийг товчхон хүргэе
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:“Ганц нэг хэвлэл, мэдээлллийн байгууллагаас “хаалтын гэрээ” байгуулах санал ирж байсан ч бид ямар ч хэвлэлтэй хаалтын гэрээ гэдэг зүйлийг байгуулаагүй, хийх ч үгүй. Байгууллага удирдаж буй дарга нар заримдаа ямар нэг, баяр ойг тохиолдуулан төсвийн мөнгөөр хэвлэлд мэндчилгээ нийтлүүлдэг байсан. Үүнийг болиулсан. Гэхдээ УИХ болон олон нийт биднээс нээлттэй байхыг шаарддаг. Засгийн газар баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээллийг олон нийтэд хүргэх гэхээр бүх хэвлэл хувьд шилжчихсэн, улс төрчдийн мэдэлд оччихсон болохоор төвөгтэй байдаг. Арга ядаад, дөрөвхөн нүүртэй “Шинэчлэлийн цонх” нэртэй мэдээллийн хуудсыг долоо хоног бүр гаргаад, бүх аймаг, сумдад тарааж байна. Ер нь энэ асуудлаар хаалттай хуралдаж, шийдэх нь чухал байна” гэсэн тайлбар өглөө.
Эдийн засгийн сайд Н.Батбаяр: “Ил тод, нээлттэй байдал гэж чухам юуг хэлж байна вэ? Өнөө цагт байгууллага бүхэн цахим хуудастай болсон. Манай яамны сайт руу ороход тэнд бүх мэдээлэл байдаг. Бүх хүн цахим талбараас мэдээлэл авах боломжгүй гэж үзэж байгаа бол бусад мэдээллийн хэрэгслүүдэд мэдээллээ тавих мөнгийг нь батлаад өгчихөөч, тэр нь шулуухан шүү дээ. Хэвлэл мэдээлэлд зориулж мөнгө зарцуулж болохгүй гэсэн хэрнээ ил тод байсангүй гээд, энэ бүхэн чинь хорондоо зөрчилдөөд байна” хэмээн бухимдав.
М.Батчимэг гишүүн: “Төрийн мөнгөөр олон нийтийн мэдээлэл авах эрхийг хаах явдал буруу. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй” гэсэн юм.
Н.Батаа Uls.mn
URL: