“Буруутангүй хямрал”-ын араас хийсэн “буян” буюу 100 хоногийн хөтөлбөр
Засгийн газрын оруулж ирсэн эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хөтөлбөр ойрын хэдэн өдөр хууль тогтоогчдын хүрэн зандан ширээн дээр “шүүсээ шахуулж” байна.
Нэг талаас нь харвал энэ их оройтсон хөтөлбөр. Өөрөөр хэлбэл өнгөрсөн борооны араас цув нөмөрч байгаагаас бараг өөрцгүй. Гэхдээ ийм нэг шахуу хугацааны бодлогын баримт бичиг байхад илүүдэх юм бас байхгүй. Ядахнаа Засгийн чихэнд үе үе хонх дэлдэж байна гэсэн үг.
Хөтөлбөрийн эргэн тойронд тодорч харагдах дүр байдал гэж бий. Монголын төр засаг алсыг харж, аливаа эрсдлийн эсрэг угтуулж бодлогоо тодорхойлж чадахгүй байгаагийн нэг жишээ нь энэ “ниргэсэн хойно нь хашгирч байгаа” 100 хоногийн хөтөлбөр болж байна. Эдийн засгийн хүндрэлийн утаа уг нь их алсаас үнэртсэн. Харин угтуулж цурам тавьж чадсангүй, Том ярьж, том дуугарч толгой гэдгэр байснаар эдийн засаг сайжирдаггүй юм байна. Юутай ч энэ бүхэн дохио сануулга, сэргэмж болгоомжлол болж эрх баригчдыг цочоосон нь сайн хэрэг.
Хамгийн дүлий төр засаглал Монголд л оршин тогтнодог. Юу ч болж байсан байдгаараа байж л байдаг. Өмнөд Солонгос шиг усан онгоц живсний хариуцлагыг өөртөө үүрэхгүй, япончууд шиг цагаан будааны экспортдоо шүүмжлэл дагуулсныхаа төлөө огцордог тийм улс төрийн хариуцлага бидэнд үгүй.
Монголд буруутныг нэрлэх нь бурхньг хойд дүрийг тодруулахаас хавьгүй хэцүү, бараг боломж үгүй. Тийм болохоор эдийн засгийн энэ доройтол бас эзэнгүй.
Одоо яригдаж байгаа энэ хөтөлбөр их ерөнхий, нийт дунд нь хаягласан гэмээр бичиг баримт болох магадлалтай. Бодлогын хувьд байгаа оносон эсэх нь эргэлзээтэй гэсэн шүүмжлэл дагуулж байгаа.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах өөрийн хувилбарыг гаргалаа. Энэ бол мөнөөх УИХ-аас гаргахаар бэлдэж буй эрчимжүүлэх хөтөлбөртэй санаа нийлэхгуй байгаагийн илрэл. Тогтоолын төслийн эргэн тойрон дахь өрнөл нэг иймэрхүү байна. Одоо эдийн засгийг ямар арга замаар хэрхэн эрчимжүүлэх гэж байгааг сөхөж харцгаая.
Тогтоолын төсөл нийтдээ 24 зүйлээс бүрдэж байна. Төлөвлөж буй энэ арга хэмжээнүүдийг УИХ-ын хаврын чуулганы хугацаанд буюу 100 хоногт хийж хэрэгжүүлж эхлэх учиртай.
Эдийн засгийн үр ашиг талаасаа гэвэл урьдын адил уул уурхайн салбарт түлхүү ач холбогдол өгч, энэ талын хоёр ч заалтыг тогтоолын төсөлд оруулсан. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр болж байна. Мөн Тавантолгойн уурхайд гадаадын хөрөнгө оруулагчдыг оролцуулах арга замыг хайна гэж байна.
Монголд хамгийн их яригддаг хэрнээ төгс төгөлдөр болж чаддаггүй байнгын сэдэв бол бизнес эрхлэх эрх зүйн орчин юм. Харин энэ 100 хоногийн хөтөлбөрийн хүрээнд үүнийг нэг мөр цэгцлээд авъя гэж байгаа бололтой. Төсөлд жижиг бизнес эрхлэгчдэд төрөөс үзүүлэх бодлогын дэмжлэгийн хэлбэрүүдийг тодорхойлж, аливаа зөвшөөрлийг хөнгөвчлөх, татвар, түрээсийг тодорхой хугацаанд тогтвортой байлгахаар тусгасан. Түүнчлэн дунд хэмжээний компаниудын бизнес эрхлэх орчинг сайжруулж, зээлийн болон зээлийн даатгалын дэмжлэг үзүүлэх, харин томоохонд нь бол тогтвортой үйл ажиллагааг хангах, гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэхээр болж байна.
Энд бизнесийн орчны шинэтгэлийн үйл явцад эрс шинэтгэлийн хандлага, арга барилыг Толчлон хэрэглэх чиглэл яригдаж байгаа нь шинэ сэргэг сонсогдож байгаа. Харин чухам яаж гэдэг нь тодорхойгүй, үүнийг УИХ-ьш хүрээнд шийдвэрлэх бололтой. Энэ “эрс” гэдэг үг илүү сонирхолтой, хүлээлт, дэмжлэг, бас болгоомжлол дагуулж байж мэдэх юм.
Хөтөлбөрт шинээр туссан сэргэг санаа гэж тодотгож болмоор нэг заалт нь гадаадад байгаа Монгол улсын иргэдийн хөрөнгийн урсгалыг татах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь мөнгөн хадгаламжийг эх орондоо шилжүүлэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх тухай юм. Ингэх нь хэрэгтэй байх. Энэ нь тийм ч их мөнгөний урсгал биш гэлээ эдийн засагт дэм болох нь тодорхой. Гэхдээ үүний тулд Монголын банк санхүүгийн тогтолцооны найдвартай байдлыг хангах учиртай. Хадгаламж зээлийн хоршоо шиг юм болбол яана. Ядахад иргэдийн 20 сая төгрөгөөс дээшхи банкны хадгаламж одоо хэр даатгалгүй байгаа нь итгэл төрүүлж чадах уу.
Валютын ханшийн өсөлт үндэсний мөнгөн тэмдэгтэд итгэх итгэлийг нэгмөсөн хийсгэж байна. Хамгийн харамсалтай нь энэ бол нэг талаасаа Монголын маань гээгдэж буй үнэ цэнэ юм.
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсч, валютын захад цочрол бий болсон үед түүний нөлөөллийг саармагжуулах арга хэмжээг цаг тухайд нь авна гэжээ. Ийм хэмжээнд хүртэл ханш уначихсан үед энэ өгүүлбэр их эргэлзээтэй уншигдаж байгаа байх.
Нөгөө талаасаа ханш цаашдаа ч цочрол бий болгосоор байх юм байна гэж ойлгогдож байна. Харин тэр цочоосон үед нь нөлөөллийг нь саармагжуулахыг хичээх бололтой. Нөлөөллийг нь саармагжуулахаас илүүтэй ханшаа тогтвортой байлгахад л анхаарах ёстой биш гэж үү.
Хөтөлбөрт валютын ханшийн эрсдэлийг бууруулах санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн хэрэглээг бүх чиглэлд идэвхжүүлнэ гэсэн. Ийм бэлэн зэлэн арга хэрэгсэл байдаг юм бол тухайн үед нь буюу барын зулзагыг бага байхад нь яагаад хэрэглэж байгаагүй юм бэ гэсэн асуулт араас нь өндөлзөөд байна.
Ханшийг тогтворжуулахад гол нөлөөтэй гадаад валютын урсгалыг чухам ямар арга замаар идэвхжүүлэх тухай хөтөлбөрт тодорхой заалт байхгүй, ерөнхий тунхаглалын шинжтэй байна билээ.
Олон жил яригдаж бараг догма болох шахсан хоёр хөршөө холбосон таван шугам буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох ажлыг эрчимжүүлэх, эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг шинээр барьж байгуулах асуудал бас л энэ хөтөлбөрт “цохьж явна” билээ.
Ийм нэг нохойнд барьдаг мод гэгчээр эрх баригчдын үгийн үзүүрт явж байдаг, хийх хэрэгжих нь тодорхойгүй “амны уншлага”-ууд энд бас л ийн орон зайгаа эзлээд явж байх жишээний.
УИХ-ын энэ хаврын чуулган “давхар дээл”-ээ дагалдуулаад эдийн засгийг эрчимжүүлэх ийм нэг ерөнхий санаануудыг хэлэлцэж байна. Баахан улстөржиж байгаад нэг батлагдах байх. Хамгийн чухал нь төрийн бодлого болж жинхэнээсээ хэрэгжээсэй гэсэн хүлээлт л үүний ард үлдэнэ. Тэгснээс бичиг цаас, уриа тунхаглал, хөтөлбөр тогтоол ер цөөдөөгүй байгаа.
П.ЯДАМДОРЖ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: