Н.Номтойбаяр: Чаддагаараа популизм хийж мэддэг хүмүүс энэ парламентад олон байна

20130702_nomtoibayarУИХ-ын гишүүн Н.Ном­той­баяртай ярилцлаа.

-Та саяхан Ахмад настны талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, Засгийн газраас санал авахаар өгсөн. Ямар учиртай төсөл билээ?

-Монголынхоо төлөө ажил хийх үүрэг даалгаврыг Дорнодын ард түмэн надад өгч, УИХ-д илгээсэн шүү дээ. Тийм учраас энэ ажлаа хийж “Гурван А бодлого” боловсруулж байна. Үүний нэг нь ахмадын талаар баримтлах бодлого юм. Ахмадуудад тулгарч байгаа таван асуудлыг шийдэхээр тусгасан. Тухайлбал, тэдэнд зориулж тэтгэвэр, орон сууц, эрүүл мэнд, хагас цагаар хөдөлмөр эрхлэх, асрамжийн амралтын газар цогцоор нь шийдэхээр тусгасан байгаа. Ахмадууд тэтгэвэрт гарсан л бол баяртай гэдэг ойлголтоосоо монголчууд салах хэрэгтэй. Энэ бодлого батлагдсанаар “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль”-д өөрчлөлтийг  хийж  “Ач санах  тухай хууль” болгох зорилготой юм. Үүний дараа ажилгүйдлийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-д өргөн барина. Гурав дахь нь ажил хөдөлмөрийн үнэлгээ, урамшууллын бодлогыг өргөн барина. Өнөөдөр амжилттай ажиллаж байгаа зарим хувийн аж ахуйн нэгжүүд ажилтандаа хангалттай цалин өгөхийн зэрэгцээ хариуцлагыг өндөржүүлж, ар нийгмийнх нь асуудлыг шийдчихдэг. Тухайн хүн ар гэр, үр хүүхдэдээ санаа зовохгүйгээр ажилдаа анхаарч бүтээмж өндөртэй ажилладаг. Хөдөлмөрийг зөв үнэлэх нь тухайн байгууллагын хөгжлийн хөшүүрэг болж байна. Монгол Улс тэр аяараа ийм л тогтолцоо руу шилжих хэрэгтэй. Мөн Залуучуудын талаар баримтлах бодлогыг О.Содбилэг гишүүн НАМЗХ-ныхон хамтран боловсруулж байна. Бас цэргийн эрх зүйн хуульд өөрчлөлт оруулах төсөл дээр ажиллаж байна.

-УИХ-аар эдийн засгийг эрчимжүүлэх төслийг хэлэлцэж байна. Та энэ төслийн талаар ямар бодолтой байгаа вэ?

-Энэ төсөл дээр УИХ-аас ажлын хэсэг гаргаж, намуудын төлөөллөөс оруулах шийдвэрийг УИХ-ын дарга З.Энхболд гаргасан. Эдийн засгийг эрчимжүүлэх төлөвлөгөөг гаргахад улс төржихгүйгээр бүгдээрээ хамтарч ажилла гэж манай ангийн дарга үүрэгдсэн. Ингээд манай намын зүгээс энэ төлөвлөгөөг дэмжиж өөрийнхөө бүлэг дээр ажлын хэсэг гаргасан. Хэдийгээр МАН эрх бариагүй ч гэлээ ард түмний итгэлийг хүлээж, тэднийг төлөөлж Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн төлөө шийдвэр гаргахаар тангараг өргөсөн 26 гишүүн нь УИХ-д сууж байна.  Эдийн засаг муудсан учраас сөрөг хүчнийхэнд шүүмжлэх олз олдлоо гээд  баярлаад суух  эрх  байхгүй. Тийм ёс суртахуун ч бидэнд байхгүй. Тиймээс энэ тогтоолын төсөлд орж байгаа  39 саналыг нэлээд магадалсан. Тэгээд эдийн засгийг эрсдэлд орохоос урьдчилан сэргийлэх  саналуудаа ч нэмж багтаасан.

-Улс төржиж гацаахгүйгээр ажил хэрэгч байдлаар хандаж байгаа гэсэн үг үү?

-Чуулганы завсарлагаанаар тойрогтоо очиж ажиллалаа. Манай дорнодыхон “Та нар эрх баригчидтай сөргөлдөөд бай” гэж хэлэхгүй байна. Хөгжил нэхсэн бухимдалтай хүмүүс л байна. Ард түмэн биднийг бүтээлч байгаач, АН-ын мэдэхгүй, чадахгүй зүйлд туслаач гэж  шаардаж байна. Тийм учраас эдийн засгийг эрчимжүүлэх төслийг ажил хэрэгч талаас нь дэмжиж байгаа юм.  Хамгийн гол нь энэ төсөл батлагдлаа гэхэд дараа нь амьдрал дээр бодитоор хэрэгжихүйц байх ёстой.  Хэрэгжихүйц төсөл байлгахын тулд Засгийн газар сууриараа эрүүл бодлого, бүтэцтэй, УИХ нь түүнд хяналт тавьж хариуцлага тооцож чадах нөхцөл бүрдэх хэрэгтэй. Гэтэл УИХ нь давхар дээлтэй. Засгийн газарт хяналт тавих гол стратеги салбарт эрүүл суурь нь алга. Үүнд л санаа зовж байна. Тэрнээс биш эдийн засгийн идэвхжүүлэх төсөлд улс төр, бизнесийг холдуулж, эрүүлжүүлэх бодлого баримтлах нь уу гэдэг хандлага ажиглагдаж байгаа.

-Тэр нь юунаас харагдаж байна…

-Төрийн оролцоог хумих чиглэлийн зүйлүүд ихээр туссан байна. Жишээ нь одоогийн байдлаар манайд төрийн өмчит 100 гаруй аж ахуйн нэгж бий. Үүний 48 хувь нь тэрбумаас дээш төгрөгийн алдагдалтай. Энэ дампуурлыг хэн бий болгов. Бизнест хэт хутгалдаад байгаа төрийн оролцоо шүү дээ. Тэгэхээр энэ бүхнээс салсан нь дээр гэдэг үзэл энэ төсөлд яваад байгаад нь баярлаад байна. Түүнчлэн өнөөдөр зарим хүмүүс “Уул уурхайн салбарынхан баялаг бүтээгч биш, гэрийн шаахай хийдэг хүмүүс баялаг бүтээгч” гэдэг байдлаар яриад байх юм. Үгүй шүү дээ. Баялаг бүтээгчдийн төрд өгч байгаа мөнгөөр зам харилцаа, сургууль цэцэрлэг, барилга байгууламжууд босч байна. Хүмүүсийн цалин тасалдахгүй, тэтгэврийн сангийн алдагдал ч нөхөгдөж байгаа.

Гэтэл энэ бүхнийг үгүйсгэдэг утоп сэтгэхүйтэй хүмүүс байна л даа. Ер нь эдийн засгийг эрчимжүүлэх төсөлд туссан саналуудыг дэмжиж байгаа ч нэг л зүйлийнх нь эсрэг байр суурьтай байна. Тэр нь 31 дэх санал юм.

-Оюу толгойн далд уурхайн ажлыг түргэтгэх тал дээр УИХ, Засгийн газар бодлогоор дэмжинэ гэсэн заалт байгаа билүү?

-Тийм. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гэрээнд УИХ хөндлөнгөөс оролцох эрх байхгүй. Энэ нь магадгүй Лондонгийн Арбитрийн шүүхэд дуудагдах магадлалтай шүү дээ. Далд уурхайн зураг төсөл, ТЭЗҮ бэлэн болоогүй. Тийм байхад гүйцэтгэлийг нь шахаж болохгүй. Засгийн газар болон Монгол Улсыг төлөөлж Оюу толгойн ТУЗ-д суугаа гурван хүнийхээ байр суурь, нөхцөл байдал, гарц шийдлийн хувилбарыг УИХ сонсоогүй байж харанхуйгаар юуг нь яаж дэмжих гээд байгаа юм. Үүнийг хэлэлцэх үеэр Засгийн газарт хамтарч байгаа “Шударга ёс” нэртэй  “Шударга “бус” эвслийнхэн Оюу толгойд Монголын эзэмших хувийг 51 болгоно гээд зүтгээд байвал яах юм. Хэрэв тэгвэл би хувьдаа эсэргүүцнэ. Далд уурхайн санхүүжилтийг одоогийн үйл ажиллагааныхаа орлогоосоо санхүүжүүлэх боломжтой.

-Ер нь та Оюу толгой асуудал дээр ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Бид 34 хилийн туухайг Оюу толгойн хүзүүнээс зүүчихээд унагах гээд байна шүү дээ. Үүнийгээ больчих хэрэгтэй. Зүгээр л Оюу толгойгоос татвар болон өсөн нэмэгдэх роялтаа авахад хангалттай.Харамсалтай нь ингэж ярьж байгаа хүмүүс нь эх оронч биш юм шиг, 34 хувийг 51 болгоно гэж дуугардаг нөхдүүд нь эх оронч мөн юм шиг ойлголт нийгэмд яваад байх юм. Гэтэл Оюутолгойгоос татвараа авчихаад Монгол Улс өөрсдөө өр тавилгүйгээр авто зам, эмнэлэг, сургууль цэцэрлэгүүдээ сүндэрлүүлээд, хүний хөгжлийн сууриа бэхжүүлэх бүрэн боломжтой. Үнэхээр хөгжье гэж бодоод байгаа юм бол үүнийг л хий.  Далд уурхайн хөрөнгө оруулалтыг шийдэх гэхээсээ өмнө Засгийн газар нөгөө талтайгаа хэлэлцээ хийгээд хаана юу нь болохгүй байгааг ярилцаж, санал солилцоод Оюутолгой гэх толгойн өвчнөөсөө салах бодлого УИХ-д оруулж ирэх хэрэгтэй. Эх орноо гэх эдийн засгийн эрүүл ухаантай хүмүүс энэ парламентад олон байна. Чаддагаараа популизм хийхээ  мэддэг хүмүүс ч олон байна. Гадныхан бүгдийг харж байгаа шүү дээ. Зөвхөн хөрөнгө оруулалтын тухай хууль баталлаа бол хөрөнгө оруулалт, валютын урсгал нэмэгдэж, долларын  ханш буурна гэдэг шиг худлаа юм байхгүй.  Монголын төр хэр эрүүл эдийн засгийн чиг баримжаатай бодлого явуулах вэ, Оюу толгойд хэрхэн хандахыг л гадныхан ажиглаж байгаа. Манайхны овлигогүй тэнэг үйлдлүүдийг гадныхан хараад, Dickhead буюу махчилж орчуулбал “боовон толгой” гэж  дуудаж байна гээд бод доо. Би хувьдаа ичиж байна.

-Төр мэдэлдээ байгаа Оюу толгойн 34 хувиа худалдана, хувьчилна гэх мэтийн ярианууд гараад байна. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-34 хувиасаа татгалзах нь зөв. Хөрөнгийн биржээр эсвэл шууд худалд л даа. Гэхдээ BARGAINING POWER буюу худалдаа, арилжааны давуу эрхээ алдахгүй байхыг зохицуулах ёстой. Жишээ нь дэлхий нийтийн зэсийн хэрэглээний 40 хувийг Хятад улс хэрэглэж байна.  Тэгтэл энэ эцсийн худалдан авагч нь шууд Оюу толгойд хувь эзэмшчихвэл бид зах зээлийн хувьд санаа амрах ч гэлээ давуу талаа алдаж, эрсдэлд орох магадлалтай. Нөгөө талд зарим гишүүд 34 хувиа ард түмэндээ өгчих гээд байна. Үнэгүй өгч болохгүй шүү дээ. Бид яалаа даа. Хүний хөгжлийн сан, Эрдэнэс таван толгойгоор дамжуулж, баахан хувьцаа тараасан. Үр дүн нь хаана байна. Ширхэг талхны мөнгө сардаа өгч байна уу. Төр гэдэг бол ард түмэндээ хөдөлмөрлөх хөшүүргийг нь бий болгож өгөх ёстой болохоос аманд нь бэлэн хоол халбагадаж өгөх хэрэггүй.  Өнөөдөр Засгийн газар Оюу толгойн асуудал дээр худалдааны тактикаа яаж хийхээ мэдэхгүй элдэв хэрүүл маргаанаас айгаад байна.

-Таныхаар яаж ажиллах ёстой юм бэ?

-Оюу толгой юун дээр гацчихаад яагаад байгаагаа УИХ дээр даруй танилцуулах хэрэгтэй байна. Гишүүдээсээ зөвлөгөө ав. Бүгдийг өөрсдөө мэддэг, чаддаг юм шиг яваад байх юм. За тэгээд мэдээж монгол төрийн мэдэлд байгаа Оюутолгойн хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай хүмүүс байгаа нь ажилд чөдөр тушаа болж байна шүү дээ. Гэрийн шаахайнаасаа цааш сэтгэж чадахгүй нөхдүүдээс болж Оюу толгой гацаж байна. Гэтэл төр хэдий чинээ бизнест хутгалдана, тэр хэрээрээ ажил нурдаг шүү дээ.  Төр оролцох тусам аливаа ажлын өртөг зардлыг нэмэгдүүлж,эрүүл эдийн засгийг эвддэг. “Манай дүүг ажилд ав, энэ компаниас дугуй, бензинээ авч бай, ийм ч гэрээ байгуул, тийм ч найр наадамд мөнгө өг, надад тийм шагнал өг “гээд лайтай шүү дээ. Бизнесийн салбарт ажиллаж явсан хүний хувьд энэ дарамтыг мэднэ. Нэг жишээ хэлчихье.  УИХ-ын гишүүн байсан хүнээс,  “Та нар “Эрдэнэт” үйлдвэрийг ноолохоо болиоч. Хэрэв тэгвэл энэ үйлдвэрийн бүтээгдэхүүний өртөг зардал багасч, улсын төсөвт орох орлого нэмэгдэнэ.Үр дүнд нь сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийг хангалттай байгуулна биз дээ” гэтэл өөдөөс “Харин тиймээ энэ Оюу толгой хурдан ашиглалтад орчихвол Эрдэнэтийг орхих гээд байна” гэж хэлдэг байгаа. Ийм л ядарсан сэтгэлгээтэй хүмүүс төрд ажиллаж байна шүү дээ.

-Популист сүгсэлзүүрүүдээс болж эдийн засаг, уул уурхай уначихаад байгаа гэдэг шүүмжлэл хэлэх хүмүүс их бий. Үүнтэй санал нийлж байна уу?

-Тийм шүү дээ. Тэд дандаа нэр төр, дахиж сонгогдохоо бодож сонгогчдын тархийг худал мэдээллээр угаадаг.Зарим нэг нь шууд ашиг хонжоо хайж ажилладаг. Эдийн засгийн чухал асуудал дээр завсарлага авдаг, шантааж хийдэг хувийн сонирхолтой нөхдүүд мэр сэр байна. Улс төрд мань мэттэгвэл яах гэж орж ирсэн юм. Ийм заваарсан юмнуудтай тэмцэх гэж орж ирсэн юм. Дэлхийн сайн сургуулиудыг нь төгслөө. Эдийн засгийн хувьд бусдаас хараат байх боломж бас байна. Монголынхоо төлөө зүтгэе, үзсэн, харсан, мэдсэн сурсан зүйлээ зориулъя гэж орж ирсэн юм. МАК компанийн хувьд ширхэг хадаасч тендерээр авч үзээгүй. Төрөөс зээл болон төрийн өмчийг хувьчилж аваагүй хөл дээрээ боссон. Тиймээс надад компанийн хөгжлөө бодсон хямдхан бодол байхгүй. Эдгээр давуу талаа ашиглаад улс төрийг эрүүлжүүлж, элдэв сүгсэлзүүрүүдээс хамгаалан ажиллахыг хичээж байна.

-Томоохон компаниуд өрийн сүлжээнд ороод хэцүү болчихсон гэх юм. Хүмүүс таныг “МАК”-ийн эзэн гэдэг утгаар нь хардаг нь нууц биш.Тэгэхээр “МАК” компанийн хувьд асуудал ямар байгаа бол?

- Үнэндээ намайг МАК гэж хардаг нь үнэн. Гэхдээ улстөрч хүнд ёс зүйн зарчим байх ёстой.Биднийг төлөөлж төрд ажилла гэж ард түмний өгсөн суудлыг компанийн ашиг сонирхлыг хамгаалах хэрэгсэл болгон хувиргамааргүй байна.Тэгээд ч би энэ улс төрд дор хаяж 20-25 жил зүтгэе гэдэг бодолтой байна. Тийм учраас анхнаасаа ёс зүй, зарчимтай байх хэрэгтэй шүү дээ. Энэ бол миний эцэг, эхээс өгсөн хүмүүжил, баримталдаг зарчим.

-Тэгэхээр төр гэдэг хүлээснээс хувийн хэвшлийг салгах хэрэгтэй гэдэгтэй санал нийлэх үү?

-Эхлээд сэтгэлгээндээ ялгаж салгасан байх ёстой.Төрийн өмч хэмээх эзэнгүй өмчид төрийн эрх мэдлээр эзэн сууж хувьдаа ашиг олохыг эсэргүүцэж байна. Маргарет Тетчер Ерөнхий сайд болоод яалаа. Шат дараалалтайгаар төрийн өмчийн бүх компанийг хувьчилсан. Үр дүн нь иргэддээ бодит хөгжил авчирсан.Үүн шиг л байх хэрэгтэй.

-Гэхдээ Эдийн засгийн эрчимжүүлэх төслийг баталчихвал таны яриад байгаа зүйлүүдийг хийх төлөвтэй юм шиг харагдаад байна. Төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлээ дэмжье гээд байна даа.

-Эдийн засгийг эрчимжүүлэх бодлого хэрэгжихүйц байх ёстой. Бодлогыг нь УИХ батлаад өглөө. Засгийн газар нь үүнийгээ хэрэгжүүлэх чадамжтай байх хэрэгтэй байна. Харамсалтай нь чадамжийн хувьд энэ нь эргэлзээтэй байна шүү дээ. Зарим салбарт эрүүл, мэргэжлийн түвшинд ажиллаж чадах сайд алга. Ерөнхийлөгч ч хэлсэн шүү дээ. “Зарим сайд нар өөрсдөө зайгаа тавиад зайлаад өгвөл салбар нь өөрөөрөө хөгжих гээд байна” гэж. Ерөнхий сайд ч мөн, “Хөрөнгө оруулалтын хувьд гадныхан манайх руу яарахгүй байна” гэж хэлсэн. Яагаад гэвэл Монголын зарим сайд нар сайн ажиллана гэсэн итгэлийг гадныханд төрүүлэхгүй байна шүү дээ. Гэхдээ Засгийн газрын бүх сайд муу ажиллаж байна гэж хэлэхгүй ээ. Хамгийн гол нь Засгийн газар одоо зоригтой байх хэрэгтэй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч гэсэн нэгэнт л улс орноо хөгжүүлэх хариуцлага хүлээсэн хүн, тултал нь ажилла.  УИХ-тайгаа ялангуяа сөрөг хүчнээ сонсч хүндэл, хэлж байгаа үг, саналыг нь ажилдаа тусга. Сөрөг хүчин яах бол, нөгөө нэг эвслийн нэр чинь юу билээ, Шударга “бус” билүү тэрний зарим гишүүд, бие даагч гэх зэрэг төрд биеэ үнэлэгчид болоод нам доторх фракцын таалалд нийцүүлж бэмбэгэнэхгүйгээр нийгмийнхээ эрх ашгийн төлөө ажиллах хэрэгтэй. Эдийн засгийн эрүүл зарчимд тулгуурлаж, үүсээд байгаа гацааг арилгах зөв шийдлийг олох хэрэгтэй. Зөвийг нь бид дэмжинэ. МАН бол эх орондоо хайртай нам шүү.

-Төрийн зүгээс хувийн хэвшлийг ямар оролцоогоор дэмжих ёстой гэж та үздэг вэ?

-Төр ердөө бодлого боловсруулагч бөгөөд нийгэмдээ үйлчлэгч байх үүрэгтэй. Дэд бүтцээ байгуул. Эрчим хүч зам харилцаагаа хөгжүүл. Өөр юу хийх юм. Тийм хэцүү толгой эргүүлж ядсан юм энэ төрийн ажилд байхгүй. Иймхэн юмыг зохион байгуулж чадахгүй өөрсдөө төрийн хийх ажлын хэм хэмжээгээ хэтрүүлээд улам хүндрүүлчихээд байна.  Оюу толгойн хувьд  ч хөрөнгө оруулалтын хэмжээ нь л гэхээс яс юман дээрээ практикт нэвтэрсэн энгийн  төсөл шүү дээ. Яг адилхан бизнесийн зарчмаар, уул уурхай, үйлдвэрлэлийн техник технологийн энгийн аргаар ажлыг нь явуулчих байхад л төр хөнжилд нь шургаж ороод завхруулаад байх юм. Ямар ч байсан төр бизнест битгий гай бол. Татвар төлөгчдийнхөө өмнө бөхөлз. Хувийн хэвшлээ татварын бодлогоороо дэмж. Татвар төлөх цар хүрээг нэмэгдүүл.Төр хувийн хэвшлийг яаж дэмжих вэ гэж үү, ерөөсөө ийм л энгийн.Татвараа хураа, хураасан татвараараа хатуу болон зөөлөн дэд бүтцийг хөгжүүл, нийгэмдээ үйлчил. Татварын хувьд гадаад, дотоод гэж бүү ялгаварла. Саяхан манай МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ч чуулган дээр хэлж байна лээ. Манай төр гадныхныг харахаараа  өвдөг нь сулраад чичрээд гүйгээд байдаг. Гэтэл дотоодынхондоо ямар муухай хахир хатуу дээрэлхүү ханддаг гээч. Татвар нь үнэхээр хатуу чанга.Татвараа өгөхгүй бол цагдаа, шүүх,  АТГ гээд амар заяа үзүүлэхгүй,  бөөн дарамт. Үүнийгээ л больчих.

-Төгсгөлд нь таны хутга шөвөгтэй холбогдоод байсан асуудал юу болж байгааг асуухгүй өнгөрвөл уншигчид зэмлэх байх…

-Ийм хөгийн юм асуух шаардлага байна уу. Би хэд хэлэх вэ. Тийм зүйл болоогүй гэж хэлээд байхад зарим хүмүүс надад итгэхийг хүсэхгүйбайгаа нь харамсалтай.Өөр яах ёстой юм бэ. Шуудхан хэлэхэд манай хэвлэлийнхний хариуцлагагүйнх шүү дээ. Асуудлыг хоёр талаас нь магадлаж нягтлаагүй. Нохой хүн хазсан бол онцлоод байх сонирхолтой мэдээ биш. Харин сонирхолтой болгох үүднээс хүн нохой хазлаа гээд биччихвэл онц сонирхолтой мэдээ болдог. Ийм л зүйл надад тохиолдсон. Үнэхээр би асуудал гаргасан бол олон юм гонгинохгүй. Төр түмнээсээ уучлалт гуйгаад хуулийн дагуу хариуцлага хүлээх хатуужил, хүмүүжил, зориг надад хангалттай байна.Нөхөрлөх хүнийхээ гарал үүсэл, мөнгө хөрөнгийг харж нөхөрлөх эсэхээ шийддэг бол, хэнийг ч ялгахгүй нөхөрлөсөн нь миний буруу.  Надаас их хэмжээний мөнгө нэхэж хэрэв өгөхгүй бол гүтгэнэ. Гүтгэхэд нь мөнгө өгөх ёстой байсан бол өгөөгүй нь бас миний буруу. Бусдын төлөө үйлдсэн буян нь надад бузар болж ирээд байгаатай би яаж тэмцэхээ мэдэхгүй л байна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

 


URL:

Сэтгэгдэл бичих