Л.Гантөмөр: Үнэхээр үзэл баримтлалаа ялгахгүй байгаа бол Н.Алтанхуяг огцрох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын дэд дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.

МАХН МАН болчихсон учраас яаралтай дахин сонгууль явуулах хэрэгтэй

-Сүүлийн хэдэн өдөр МАХН-ын XXVI их хурал олны анхаарлын төвд байлаа. Нэрээ солиод МАХН МАН болчихсон. Энэ үйл явцыг та хэрхэн харж байгаа вэ?
-Улс төрийн аливаа хүчин нэрээ өөрчлөх барих гээд янз бүрийн юм хийж болно л доо. Гэхдээ зүгээр парламентын засаглалтай улсуудад нэг соёл байдаг. Тэр нь юу гэхээр засгийн эрхэнд гарсан нам засгийн эрх барьж байх хугацаандаа хариуцлагаас зугтахыг оролддоггүй байхгүй   юу. Хариуцлагаа хүлээж, дараагийнхаа сонгуульд ордог. Энэ бол улс төрийн соёл. Энэ нь л Монголд алга болчихлоо гэж харж байна. Яагаад гэхээр МАХН-д хүмүүс саналаа өгсөн. Монгол ардын хувьсгалт намын бодлого, үзэл баримтлалд саналаа өгсөн. Энэ санал авсан нам нь өнөөдөр УИХ-д олонхийн бүлэг байгуулаад ажиллаж байгаа. Тэгэхээр энэ нам бол дараагийн сонгуульд зүсээ хувиргаад орох нь.

эрээ сэргээсэн гэж яриад байгаа. Харамсалтай нь сэргээгдсэн нэр биш. Монгол Ардын нам гэдэг нам 1992 оны сонгууль, 1996 оны УИХ-ын сонгуульд МАХН-тай өрсөлдөөд орж байсан байдаг. Шал өөр хүмүүс энэ намыг байгуулаад, сонгуульд оролцоод явсан байдаг. Тийм учраас бид МАН гэдэг тэр 1992, 1996 оны УИХ-ын сонгуульд орж байсан намыг МАХН өөртөө нэгтгээд, нэгтгэсэн намынхаа нэрийг өөрийн намын нэр болгож ашиглаж байна гэж харж байгаа. Энэ бол хариуцлагаас бултах хэлбэр л дээ. Монгол Улсын парламент, Монголын төрд ийм жишиг тогтчих юм бол маш харамсалтай зүйл болно.

-МАХН МАН болж хувирах явцад парламентад МАН-ын бүлэг байх уу гэдэг асуулт сэтгүүлчдийн анхаарлын төвд байсан л даа. Тэгэхээр энэ парламентад МАН-ын бүлэг байх эрх зүйн үндэс байна уу?

-Тэгэхээр та нар төрийн эрх баригч нам гэдэг талаас нь харах хэрэгтэй. Төрийн эрх баригч нам өөрийнхөө нэрийг сольж дараагийн сонгуульд орж байсан түүх олон улсад байдаггүй. Парламентын засаглалтай улсуудад. Энэ нь өөрөө парламентын засаглалыг илүү хүчтэй болгох, ард түмний дунд итгэлтэй болгоход хэрэгтэй болохоор тэр. Өмнөх сонгуулиар МАХН-д санал өгсөн хүмүүс ирэх сонгуульд юу бодож, яаж саналаа өгөх юм бэ. Энэ чинь өөрөө асуулт. Түрүүчийн сонгуульд МАХН гэж орсон нам ирэх сонгуульд нэрээ өөрчилчихөөр юу бодож, яаж хариуцлага тооцох вэ. Амлалт нь биелэхгүй бол яах юм. Амлалт биелэх эсэх нь тодорхойгүй, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр нь хэрэгжих эсэх нь бас тодорхойгүй.

Ийм нөхцөл байдалд МАХН-ыг би зугтаж байна л гэж хэлмээр байгаа юм. Ерөөсөө хариуцлагаас зугтаж байгаа л асуудал. МАХН-ын бүлэг гэж УИХ дээр байгаа. Энэ бүлэг УИХ-ын даргыг нэр дэвшүүлдэг, энэ бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Гэтэл энэ бүлэг байхгүй болчихлоо. Тэгэхээр бодвол МАН-ын зөвлөл гэж байгуулагдах болов уу. Хэрвээ ийм зөвлөл байгуулагдвал энэ нь олхиогүй парламент үүснэ. Тэгэхээр нэгэнт нэрээ сольчихлоо. Одоо гарах гарц бол энэ жилдээ багтаж УИХ-ын сонгуулийг явуулах хэрэгтэй. Ингэж байж, энэ төр, парламентын засаглал бат бэх болно гэж үзэж байгаа.

-Дахин сонгууль явуулах хэрэгтэй гэж үү?
-Тийм. Тэгэхээс өөр арга байхгүй. Түрүүчийн сонгуулиар санал авсан нам чинь нэрээ, зүсээ хувиргачихсан. Тэгэхээр түрүүчийн сонгуулиар энэ намыг авч орсон намын дарга нь ч одоо Ерөнхий сайд биш, ард түмэн саналаа өгсөн нам нь ч байхгүй болчихлоо шүү дээ. Ард түмний саналаа өгсөн тэр нам өнөөдөр хариуцлага үүрэхээс зугтааж байгаа бол дахин сонгууль явуулахыг л шаардах ёстой. Дахин сонгууль явуулахгүйгээр сонгуульд ороогүй байж, сонгуульд орсон намынхаа үйл хэргийг үргэлжлүүлээд ажиллана гэж байгаа бол хэн зөвшөөрсөн юм. Ард түмэн бол МАХН-д саналаа өгч, МАХН-д үүрэг хариуцлага оногдуулсан. Түүнээс биш МАН-д өгөөгүй байхгүй юу. МАН гэдэг нам 1992 оны сонгуульд ороод ялагдаж байсан. 1996 оны сонгуульд ороод ялагдаж байсан. Тэгээд ялалтанд хүрэхгүй болохоороо намаа МАХН-тай нэгтгэсэн л асуудал байгаа. Гэтэл тэр нам МАХН-тай очиж нэгдсэн гэдгийг ард түмэн ойлгохгүй шүү дээ.

-Тэгвэл Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар үндсэндээ суудлаасаа буух ёстой гэж үзэж байгаа хэрэг үү?

-Хэрвээ Монголын улс төр цэвэрхэн байж, Монголын улс төр өөрийн гэсэн өв соёл, ёс жудагтай байх шаардлагатай гэж үзэж байгаа бол гарцаа байхгүй дахин сонгууль явуулах шаардлагатай. Үнэхээр нэрээ сольсон, үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулсан юм бол ард түмэнд өөрийнхөө нэрийг таниулж, үзэл баримтлалаа ойлгуулж дараагийн сонгуульд оролцох ёстой. Тэгэхгүй түрүүчийн намынхаа, МАХН-ын сонгуулийн ялалтыг энэ шинэ нам ийм автоматаар хүртэж болохгүй гэж би хувьдаа үзэж байгаа.

-Заавал дахин сонгууль явуулна гэж байхаар Ардчилсан намынхан МАХН-ын бүлгийг татан буулгаад өөрсдөө олонхи болчихож болдоггүй юм уу. Танай намд ашигтай биш үү?

-Бүлгийг татан буулгаж Ардчилсан нам олонхи болж болохгүй. Сонгуулиас айх хэрэггүй. Сарын дотор л болоод өнгөрөх зүйл. Ардчилсан нам тэртээ тэргүй 2008 оны сонгуульд ялагдсан нам. Тийм учраас ялагдчихаад, ялалт руу санаархдаг муухай байдлыг бид харуулж болохгүй. Нэгэнт ялагдсан нам. Ялагдсан юм чинь бид цаашдаа дараагийн сонгууль руу л хандаж үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Тэгэхээр бид дараагийн сонгуульд энэ шинэ байгуулагдсан намтай өрсөлдөх тухайгаа бодно уу гэхээс биш, хуучин байсан МАХН-ын үйл хэргийг Ардчилсан нам өөр дээрээ үүрээд явж болохгүй л дээ.

-Дахин сонгууль боллоо гэхэд Ардчилсан нам ялна гэсэн баталгаа, итгэл байна уу?

-Бид ялах ялахгүй баталгаа, итгэл энэ тэр бодох хэрэггүй. Зарчим л ярих ёстой. Энэ улс төр өөрийн гэсэн соёл, дүрэм журамтай байх ёстой. Жишээ нь энэ ардын нам дараагийн сонгуульд энэ нэрээрээ ялчихаад сонгуулийн өмнө дахиад МАХН гэдэг нэрийг авбал яах вэ. Авч болно шүү дээ. 1996 онд сонгуульд ороод ялагдсан намын нэрийг одоо эд нар аваад явж байгаа биз дээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө улс төрийн ёс бус үйлдлийг гаргаж байна л даа. Тэрэнд л би хувьдаа эмзэглэж байгаа. Түүнээс биш бид сонгуульд ороод энэ намыг ялчих юм сан, энэ намд ялагдчихвал яана ч гэдэг юм уу. Тийм богинохон бодол бид тээх ёсгүй. Энэ улс бол өөрийн гэсэн ардчиллын зарчим, үнэт зүйлтэй, парламентын засаглалтай, парламентын засаглалд ард түмэн итгэдэг улс орон болж хөгжөөсэй л гэж би хувьдаа боддог.

Хамтарсан Засгаас хөөгдсөнөөс өөрсдөө гарчихсан нь дээр

-Сүүлийн үед Ардчилсан намынхан хамтарсан Засгийн газраас гарна гэх асуудал нэлээд яригдах боллоо. Заавал ингэх шаардлага байгаа юм уу?
-Ардчилсан нам өөрийн гэсэн өнгө төрхтэй нам. Барууны ертөнцийг Монголд цэцэглүүлэхийн төлөө байгуулагдсан нам. Ардчилсан өөрчлөлтийг хийсэн нам. Энэ нам өөрийнхөө өнгө төрхөөр байх юм бол хамтарсан Зас-гийн газраас хөөгдөнө. Өөрийн өнгө төрхөөр байна аа гэдэг бол энэ намын бүлэг ард түмний дуу хоолойг парламентад уламжилдаг болно оо гэсэн үг. Буруу зөрүү явж байгаа зүйлийг шүүмжилдэг, ард түмэнд эрх мэдэл олгохын төлөө тэмцдэг болно гэсэн үг. Орон нутагт эрх мэдэл олгохын төлөөх тэмцэл парламентад өрнөнө. Тэгээд улс оронд шударга ёс тогтоохын төлөө Ардчилсан намын бүлэг ажиллана гэсэн үг. Ингээд ажиллахаар МАХН Ардчилсан намыг Засгийн газраас хөөж таарна. Гэтэл ингэж ажиллахгүй болбол ард түмэн Ардчилсан намд шийтгэл өгнө. Ардчилсан намд итгэх итгэл алдарна гэдэг бол ардчилалд итгэх итгэл байхгүй болно гэсэн үг. Өөр хэнд итгэх юм. Тийм учраас бид байран дээрээ очъё гэж байгаа. Байран дээрээ очоод өөрийнхөө үүргийг гүйцэтгээд эхлэхээр тэртэй тэргүй хөөгдөнө. Тийм учраас хөөгдөж гарснаас өөрсдөө гарах нь зөв гэж хэлж байгаа юм.

-Хамтарсан Засгаас гарахын тулд заавал намын даргын асуудлыг хөндөх хэрэгтэй юм уу?
-Ардчилсан намын өөрийн өнгө төрхийг хадгалж, өөрийнхөө үүргийг гүйцэтгэдэг болгохын төлөө намын дарга ихээхэн үүрэгтэй. Энэ ажлаа сайн хийхгүй бол Ардчилсан нам даргаа огцруулж л таарна. Энэ аж-лаа сайн хийгээд ирэхээр Засгийн газраас хөөгдөж л таарна. Хэзээ ч социалист нам шүү дээ, МАХН бол. Тэгээд социалист нам бол ардчиллын төлөө санаа бодлыг дэмжиж, тэрийг төрийн шийдвэр болгож гаргадггүй юм. Гаргаж байсан түүх асар бага. Тэр дүр зураг одоо ч бүтнээрээ харагдаж байна. Тэгэхээр Н.Алтанхуяг даргад сонголт хэрэгтэй болж байна. Ард түмнийхээ талд байх уу, эсвэл нэрээ сольж, зүсээ хувиргасан хүмүүсийн талд байх юм уу. Ийм л асуудал үүсч байгаа. Түүнээс биш тэр хун нь сайн, муу учраас солино, солихгүй гэдэг асуудал манай нам дээр огт яригдахгүй байгаа.

-Намын гишүүд захаасаа намын даргад өрсөлдөөд эхэлсэн. Таны нэр ч байгаа шүү дээ. Таны бодлоор шинэ намын дарга хэн байх ёстой юм бэ?

-Энэ бол нээлттэй өрсөлдөөнөөр явагдана. Н.Алтанхуяг даргад ч энэ боломж байгаа. Зүгээр одоо гишүүдийн илэрхийлж байгаа санаа бодол бол Ардчилсан нам ард түмэнтэйгээ цуг байя, өөрийнхөө байр суурин дээр очъё. Тэгэхгүй бол хамтраад их сайхан нийгэм байгуулчихна гэсэн бидний гэгээн бодол талаар болж байна. Байгуулж чадахгүй байна аа гэж байгаа. Болохгүй байна шүү дээ, тийм биз дээ. Болж байгаа бол дагаад яваад байж болно. Гэвч болохгүй байна. Тийм учраас бид алдаагаа засах естой. Ард түмнээс уучлалт гуйгаад алдаагаа засъя л гэж байгаа. Тэгээд энэ алдааг засч чадах, засч чадна гэсэн хүмүүс Ардчилсан намын даргын марафонд чөлөөтэй нэр дэвших эрхтэй. Өнөөдөр З.Энхболд гишүүн илэрхийлээд байна, маргааш хэн ч илэрхийлж магадгүй.

-Танай нам анхнаасаа хамтраад хийе, бүгээе гэж орчихоод болохгүй болоод ирэнгүүт нь хариуцлагаас бултах гэж хамтарсан Засгийн газраас гарах гэж байна гэж зарим хүмүүс ярих юм?
-Хариуцлагаас бултаж байгаа хэрэг биш л дээ. Ард түмэн бол биднийг цөөнх бай, сөрөг хүчин бай, ард түмний дуу хоолой бай, бид амьдрал муу байгаа учраас МАХН-ын Засгийн газраас мөнгө авмаар байна гэж сонгосон. Сонгуулийн дүн бол тэгж гарсан гэж би ойлгож байгаа. Засвартай ч бай, засваргүй ч бай тийм л дүн гарсан. Энэ дүнг бид хүндэлж үзэлгүйгээр ард түмэн бол амьдрал хэцүү учраас мөнгө хүсээд байгаа юм байна. Тэр мөнгийг нь олгохын тулд хэдүүлээ нийлээд зүтгэе гээд зүтгэсэн. Өнөөдөр энэ зүтгэлийн үр дүн хаана байна. Гаднах нийгэм ямар байна, ард түмэн ямар байна, амьдрал юу болж байна. Бүгд харагдаж байгаа. Тийм учраас бид ийм байдлаар төр засаг амжилттай, сайн ажиллаж чадахгүй юм байна. Харин сайн сөрөг хүчинтэй байгаад, тэр нь ард түмний дуу хоолой болоод, энэ хүмүүсийн үйл ажиллагаанд ташуур болох юм бол илүү байж магадгүй юм. Тэгэхээр бид гаргасан алдаагаа засах ёстой л гэж хэлээд байгаа.

Халамжийн бодлого барууны намд огт байдаггүй гэж хэн хэлсэн юм

-Танай намын зарим гишүүн намын даргыг огцруулах хэрэгтэй, үүний тулд ээлжит бус их хурлыг зарлах шаардлагатай байна гэж яриад байна. ҮЗХ-ны зарим гишүүн ч нийлчихсэн явж байна лээ?
-Бид хоёрын түрүүний ярьснаар Ардчилсан нам байрандаа байх ёстой, өөрийн өнгө төрхөөрөө байх хэрэгтэй, дээр нь ард түмнээс авсан даалгавраа биелүүлье гэж байгаа. Энэ шийдвэрийг гаргаж чадах газар бол ҮЗХ биш л дээ. ҮЗХ ийм шийдвэрийг гаргаж чадахгүй байна гэж намын зарим гишүүн үзсэн учраас их хурлыг зарлаач ээ гэж санал тавьсан болов уу.

-Хамгийн гол нь намынхаа үзэл баримтлалыг ч гүйцэд мэдэхгүй хүн намын дарга байж болохгүй гэж хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?
-Ер нь бол Ардчилсан намын дарга амнаасаа гарч байгаа хий болгон дээр хариуцлага хүлээх естой. Хэрвээ барууны үзэл баримтлалыг Монголд түгээн дэлгэрүүлэхийн төлөө тууштай тэмцэж чадахгүй юм бол энэ намын толгойд суугаад хэрэггүй. Энэ чинь онол. Дэлхий даяар энэ онолыг хэрэглэх гэж зарим нь оролдож байна. Нөгөө хэсэг нь зүүний онолыг хэрэглэх гэж оролдож байна. Саармаг онолтой улс орон гэж байхгүй. Тэр бол зөвхөн дарангуйлагч. Ардчиллын сонгуульд сонгодог, тэр төлөөллийн ардчилал гэдэг зэвсгийг ашиглаад зүүний бодлого явуулдаг дарангуйлагчдын бодлого бол төвийн бодол гэж өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд ийм шинэ бодол гаргаад зарлаад байна. Тэгэхээр манай дарга бол аль нэг талд нь л байх хэрэгтэй. Үнэхээр энэ намын хүн, энэ намын бодлого, үзэл баримтлалыг ягштал мөрдөж, энэ улс орныг хөгжүүлнэ гэсэн чин эрмэлзэл байдаг бол барууны бодлогоо ярих ёстой, хэлэх ёстой. Тэр онолыг ярьж, сурталчлах хэрэгтэй. Тэрний үр дагаврыг өөрөө үзэх ёстой. Тэрнээс биш бид аль ч байж болно гэсэн байдлаар асуудалд хандаж болохгүй. Намын дарга өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль ч байж болно гэж дуугарсантай холбоотой шүүмжлэл өрнөсөн байх гэж би харж байгаа.

-Гэхдээ үнэндээ танай нам ямар үзэл баримтлалтай юм бэ. Хүүхдийн мөнгө энэ тэр гээд л дандаа халамжийн бодлогыг дэмжих юм?
-Халамжийн чиглэлийн бодлого барууны намд байдаггүй юм гэж хэн ч хэлээгүй. Барууны нам бол иргэдэд эрх мэдэл, боломж олгодог. Тэр олгосон боломж дээр иргэд өрсөлдөж, улс орон хөгжих бодлого шүү дээ. Зүүний бодлого бол тэр эрх мэдлийг хязгаарладаг. Төрийн зохицуулалтыг оруулж ирдэг, дарамталдаг, шахдаг. Өнөөдөр бүхий л бодлого, шийдвэр зүүнийхээр явж байна. Ерөөсөө ард түмнийг дарамталдаг, шахдаг, төрийн албан хаагчид том харагддаг, ноён харагддаг тэр зүйл бүгдээрээ хэвээрээ байна. Тэгэхээр бид барууны бодлого ярихгүй байж болохгүй болчихоод байна. Түүнээс биш нэг хүүхдийн мөнгө, эхийн одонд өгч байгаа мөнгө зэрэг халамжийн асуудлын туйл бол Ардчилсан нам биш. Энэ бодлогыг хүчтэй мөрдөж байж улс хөгжинө гэж ярьдаг нь ч Ардчилсан нам биш. Манай нам бол иргэдэд эрх чөлөө, эрх мэдэл боломж олгох ёстой. Зах зээлийн эдийн засагт бүрэн гүйцэд шилжих ёстой. Хэвлэлийн эрх чөлөөг хүнддэн дээдлэх ёстой, төрийн албан хаагчид ёс жудагтай цомхон, хурдтай байх хэрэгтэй. Үйлчилгээний алба байх ёстой гэдэг. Ингэж өөрийнхөө зарчмыг бид тунхагладаг. Тэгээд энэ нь төрийн шийдвэр болж гарч чадахгүй байна шүү дээ. Ярихаас цаашгүй. Гэтэл нөгөө талд нь социалистууд, бүр цаашлаад коммунистууд байж байдаг. Тэр улсууд бол өөрийнхөөрөө л шийдвэрээ гаргана. Бид чөлөөт сонгуулиас бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй л гэж байгаа. Сонгуулиа ч маафаантай хийгээд байгаа байхгүй юу. Байдал ийм л байгаа. Түүнээс биш бид хүүхдийн мөнгө олгохын төлөө явснаараа барууны үзэл бодлоос ухарчихсан юм ерөөсөө байхгүй.

-ҮЗХ-ны хурал удахгүй болох гэж байна, Энэ хурлаар намын даргын асуудлыг ярина гээд байгаа. Яг дүрмээрээ бол намын даргын асуудлыг ярих боломж байгаа юм уу?
-Дүрмээрээ намын даргыг ҮЗХ ярихгүй л дээ. Намын дарга ярих газар бол их хурал.

-Гэхдээ Н.Алтанхуяг дарга их хурлаар баталгаажаагүй учраас ҮЗХ-ны хурлаар яаралтай энэ асуудлыг хэлэлцэж, дүрмийн зөрчлийг арилгах ёстой гэж зарим гишүүн хэлж байгаа. Нэг ёсондоо Н.Алтанхуягийг зүгээр л үүрэг гүйцэтгэгч гэж байна?
-Ер нь манай намын дарга их хур-лаар баталгаажих ёстой. Их хурлаар сонгогдох ёстой. Энэ бол манай намын философи. Үнэхээр энэ намын массын дэмжлэг авч чаддаг хүн намын дарга болох ёстой. Түүнээс биш ҮЗХ гэдэг төлөөллийн байгууллагаар сонгогдож байна гэдэг бол ардчиллыг буруугаар ашиглаж байгаагийн нэг хэлбэр болчихоод байна. Тэгэхээр тэгж шүүмжилж байгаа хүмүүсийг би дэмжиж байна.

-Тэгвэл намын даргыг огцруулах асуудлыг дэмжиж байна гэсэн үг үү?

-Огцор гэж дэмжиж байгаа юм биш. Намын даргаа их хурлаар сонгохыг дэмжиж байгаа. Тэр нь Н.Алтанхуяг байж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж. Тэр сонгуульд дэвшээд намын олонхийн саналыг авч болно шүү дээ. З.Энхболд ч байж болно. Хэн ч байж болно. Зарчим нь өөрөө олон хүний оролцоотойгоор асуудал шийдэгдэх юм бол манай нам зөв явна аа л гэж байгаа юм.

Л.Энхдэлгэр


URL:

Сэтгэгдэл бичих