Үе үеийн хотын дарга нар хүүхдэд “харшилтай”

527-1399260458P1430029Хүн амын дийлэнх нь төвлөрсөн болохоор өнөөдөр Улаанбаатар хотод олон хүндрэл бэрхшээл тулгамдаж байгаа. Үүнээс хамгийн чухал, нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал нь ирээдүй болсон бяцхан үрс маань цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муугаас сурч хөгжих эрх нь зөрчигдсөөр өнөөг хүрлээ. “Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-аас өнөөдөр сургууль, цэцэрлэгийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийж, тулгамдаад буй уг асуудлыг үе үеийн хотын дарга нарын хариуцлагагүй бодлоготой холбон тайлбарлаж байсан юм.
Тус байгууллага нь 2009 оноос хойш дээрх асуудлаар иргэдийн санал гомдлыг цуглуулж, судалгаа гаргажээ. Өнөөдөр сургууль, цэцэрлэг шинээр баригдахгүй байгаагийн үндсэн шалтгаан нь газар олдохгүй байгаатай шууд холбоотой. Үүний улмаас барихаар төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн ажил жил бүр хойшилсоор өнөөг хүрлээ.
Жишээ нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд өдөр бүр шинээр орон сууцны барилгууд нэмэгдэж байгаа атал, ганц ч улсын цэцэрлэг байхгүй. Үүний улмаас бусад хорооны цэцэрлэгүүд ачаалалтай ажиллаж, нэг ангид л гэхэд дунджаар 65 хүүхэд хүмүүжиж байна. Энэ нь байх ёстой хэмжээнээсээ 2-3 дахин илүү ачаалалтай байгаа үзүүлэлт юм. Уг нь тус хороонд 2 жилийн өмнөөс улсын цэцэрлэг байгуулах мөнгө төсөвт суудаг хэдий ч газар олдохгүйгээс 2014 онтой золгожээ. Цаашдаа ч баригдах эсэх нь тодорхойгүй байна.
31 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжгүй байна   
“Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-ын гаргасан судалгаанаас харахад өнөөдөр нийслэлд нийтдээ цэцэрлэгийн насны 97 мянган хүүхэд байгаагаас 56 хувь нь улсын цэцэрлэгт, 12 хувь нь хувийн цэцэрлэгт явж байна. Тэгвэл үлдсэн 32 хувь нь буюу 31 мянга орчим хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна. Үүнийгээ дагаад ид ажиллах насны залуучууд хүүхдээ харан, хөдөлмөр эрхлэх боломжгүй болж буй юм.
Тэгвэл сургуулийн насны 188 мянга 391 хүүхэд байгаагаас 88 хувь нь төрийн өмчийн сургуульд, 11 хувь нь хувийн сургуульд хамрагджээ. Харин 134 хүүхэд өнөөдөр огт сургуульд явж чадахгүй байна. Улсын сургуулиуд нь 3 ээлжээр хичээллэж, хэт их ачаалалтай ажиллаж байгаа. Тодруулбал, 61 мянга 996 хүүхэд хүчин чадал нь хэтэрсэн сургуульд хичээллэж буй юм.
Цэцэрлэгийн газруудаас хотын дарга нар хумслаад байна уу
Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ маш муу байгаа нь дээрх тоо баримтуудаас харагдаж байна. Гэтэл үе үеийн хотын дарга нар энэ асуудалд анхаарч, газар олгочихдоггүй юм аа гэхэд олдсон газар нь дээр нь ядаж бүхэлд нь сургууль, цэцэрлэгийн барилгыг нь бариулчихдаггүй аж.
Жишээ нь 2004 онд М.Энхболд хотын даргаар ажиллаж байхдаа Баянгол дүүрэгт баригдах 15 дугаар цэцэрлэгийг барих 5800 м2 талбайгаас хасч, 3000 м2 талбайтай болгох шийдвэр гаргасан тухай “Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Уламбаяр ярьж байв.
Үүний улмаас дээрх цэцэрлэг нь өргөтгөл барих газаргүй болжээ. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгийн өргөтгөл барих ёстой талбайгаас тухайн үеийн хотын дарга хумсалж, орон сууц, аж ахуйн зориулалтаар бусдад ашиглуулсан байна.
Түүнчлэн 2010 онд Г.Мөнхбаяр хотын дарга байхдаа мөн Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд барих 133 дугаар цэцэрлэгийн 13100 гаруй м2 талбайг 9300 м2 болгох шийдвэрийг батлажээ.
Энэ мэтчилэн хотын дарга нар ирээдүй хойчдоо хэтэрхий хахир хатуу хандаж, олон хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээж, олон залуу гэр бүлийн ажиллах боломжийг боогдуулсаар иржээ. Тиймээс “Хэрэглэгчийн үнэлэмж” ТББ-ынхан одоо ч улсын сургууль, цэцэрлэгийн тоо төдий л нэмэгдэхгүй байгааг хотын дарга Э.Бат-Үүлийг үе үеийн дарга нарын алдааг давтаж байж болохыг үгүйсгэхгүй хэмээн хардаж буйгаа хэлсэн.
Уг нь жил бүр л орон сууцны барилга нэмэгдэж байгаа юм чинь бяцхан үрсээ сургах сургууль, цэцэрлэгийн газар олдохгүй байна гэхээр гайхмаар. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас шинээр барьж буй орон сууцны барилгуудыг заавал сургууль, цэцэрлэгийг давхар барихыг шаардаж, үүнийг нь зөрчвөл зөвшөөрөл олгохгүй байх бүрэн эрх бий. Энэ мэтчилэнгээр асуудлыг шийдэж, нэгэнт төсөвт хөрөнгө мөнгө нь суусан сургууль, цэцэрлэгүүдийг эхнээс нь байгуулаад эхэлбэл болмоор л байлтай. Ганцхан тэдэнд сэтгэл л алга байна уу даа.

URL:

Сэтгэгдэл бичих