Хэвлэлийн эрх чөлөө 11 байраар урагшилжээ

1452-1tД.ГЭРЭЛЦЭЦЭГ

Эх сурвалжаа ил болгохыг шаардах, бичсэн мэдээ, нийтлэлийг нь цагдан хянах, нийтлүүлэхгүй байх, ажлын байран дээр дарамт үзүүлэх зэрэг сэтгүүлчийн эрх цаашлаад хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан асуудал ар араасаа гарсаар ирсэн. Одоо ч гарч байна. Мэдээж энэ асуудал дэлхийн аль ч хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй хэвлэлийнхэнд хамаатай юм. Яг үүнтэй холбоотой Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей 1993 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхийг тунхагласан байдаг. Чухам энэ өдөр хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг мөрдөн мөшгих, үйл ажиллагааг нь таслан зогсоох улмаар сэтгүүлч, зохиолч, уран бүтээлчдийг айлган дарамтах, эрх чөлөөнд нь халдах зэрэг хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт үйлдэл гарсаар байгааг олон нийтэд мэдээлэх, нэхэн сануулах зорилгоор тэмдэглэдэг учиртай. Үүний зэрэгцээ улс орны Засгийн газар мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад өөрсдөд нь хэвлэлийн эрх чөлөөний мөн чанарыг ухамсарлах, мэргэжлийн ёс зүйгээ дээдлэх ёстойг сануулдаг ч гэж болно. Маргааш тохиох хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан ЮНЕСКО-гийн Үндэсний комисс, Глоб Интернэшнл төв, Монголын сэтгүүлчдийн эвлэл хамтран дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд хэвлэлийн салбарын тал бүрийн төлөөлөл оролцож хагас эрх чөлөөтэй гэгддэг манай хэвлэлийн салбарын талаар нэлээд нухацтай яриа өрнүүлсэн юм.

Дугуй ширээний уулзалтанд ирсэн хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл нэг зүйл дээр санал нэг байсан. Энэ нь Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг батлах тухай байв. Мэдээж хууль батлагдвал хууль эрх зүйн орчин бий болж хэвлэлийн эрх чөлөө хангах баталгаатай болох учиртай юм. Хэвлэлийн эрх чөлөөний талаар уйгагүй ярьж чамгүй олон ажил  хийсний үр дүнд 2014 оны хэвлэлийн эрх чөлөөний индекст нэлээд амжилттай оролцсон статистикийг дурдаж болох юм. Энэхүү судалгаанд дэлхийн 180 орон оролцсон ба гадны ямар нэг байгууллага, хувь хүний нөлөө байгаагүйг онцлох хэрэгтэй болов уу. Өнгөрсөн жилийн хувьд Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 99-т жагсч байсан. Харин энэ онд 11 байраар урагшлан 88-д орсон байх юм. Энэ нь хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс гэж чичлүүлж байгаа манай орны хувьд чамгүй амжилт юм.

Нэг зүйлийг дурдахад Финланд улс хэвлэлийн эрх чөлөөг бүрэн хангасан улсаар сүүлийн дөрвөн жил шалгарчээ. Харин хэвлэлийн эрх чөлөөний индекст оролцсон 180 орноос хамгийн сүүлийн жагсаалтад Эритр улс орсон байна.

Энэ үеэр хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой асуудал гарсаар байгаа нь уулзалтын үеэр тавьсан мэргэжилтэн, судлаачдын илтгэлээс харагдаж байсан юм. Үүний нэг нь гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн хэрэгсэл манайд олноор орж ирж байгаа асуудал байв. Үүний зэрэгцээ жижиг болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжих асуудал орхигдсоныг ч орон нутгийн төлөөлөл сануулж байсан юм. Уулзалтад ирсэн хэвлэлийн салбарыхны саналыг сонирхлоо.

Глоб Интернэшнл төвийн хуульч Д.Мөнхбүрэн:

-Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд 670 гаруй сэтгүүлч амиа алдсан тоо бий. Эдгээрээс 10 хэрэг тутмын есөд нь ял шийтгэл оноож чадахгүй үлдээж байна гэсэн статистик гарсан байгаа. Тиймээс ял шийтгэлгүй үлдээж байгаа энэ асуудал нь нэгэнт нийгэмд хэвийн үзэгдэл болон хэвших хандлагатай болсон байна. Энэ бүхний ард хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн эрх зөрчигдөж байгааг анхаарах ёстой. Үүний тулд мэдээж хэвлэлийн эрх чөлөөг хангах гол баталгаа болох сайн хууль хэрэгтэй байна.

Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Х.Батхишиг:

-2015 оноос хойших хөгжлийн ерөнхий чиг хандлагын талаар өнөөдөр бид хэлэлцэж байна. Бидний зүгээс хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийг хөгжүүлэх талаар түлхүү ажиллаж байна. Монголын сэтгүүлчдийн эвлэлийн хувьд хэвлэлийн эрх чөлөөний өдрийг зөвхөн нэг өдөр тэмдэглэх биш бүтэн сарын хугацаанд эрүүл мэндийн аян болгон зарлаж байгаа. Мөн Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллаж байна.

ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөлөгчийн газрын мэдээлэл, харилцааны зөвлөх Андреа Кайрола:

-ЮНЕСКО 2013 онд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Илүү сайхан ирээдүйн төлөө хэвлэл мэдээллийн эрх чөлөө: 2015 оноос хойших хөгжлийн хөтөлбөрийг бэхжүүлэх нь” сэдвийн дор хэд хэдэн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэйг уриалсан. Харин бид одоо 2015 оноос хөгжлийн шинэ зорилго зорилтыг тодорхойлох  мөчид тулж ирээд байгаа юм. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний өдөр ач холбогдол өгч үр бүтээлтэй ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Өнөөдөр бид цаашид хэвлэлийн эрх чөлөөг хангахын тулд ямар зүйл дээр анхаарч ажиллах түүнийгээ хэрхэн ажил хэрэг болгох талаар ярьж байна.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих