Эрх баригчид Н.Энхбаярыг зэвсгээ хураалгахыг шаардаж эхэллээ
Хуучнаар Хувьсгалт намын, одоогоор Ардын намын дарга нарыг зад шүүмжилсэн нэвтрүүлэг үзье гэвэл та “TV9″ телевизийн сувгийг тааруулаарай. Мөн энэ талаар үргэлжлүүлээд “Зууны мэдээ” сониноос уншиж болно. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ялагдсандаа хорсч одоогийн намын дарга нараа хувийн сонин, телевизээрээ шүүмжилж байгаа нь тэр билээ. Үүнд нь өсөрхсөн эрх баригчид энэ хоёр зэвсгийг нь хурааж авахаар шийджээ. Тэр нь саяхан “Мон-Уран”-ы Б.Наранхүү гэгчийн нэр төрийг шороотой хольчихлоо гэх хэрүүл маргаантай холбогдон гарч ирлээ. Цагдаагийнхан өөрсдөдөө хэрэгтэй эсвэл өөрсдөөсөө огт хамаагүй болгох гэсэн зүйлээ гэмгүйхэн мэдээ болгоод хэвлэл бүрт тараадаг. Гэхдээ бүр сенсааци маягаар ч өгч болно. Хилс хэргээр Францаас хулгайлагдан шоронд нас барсан Дамирангийн Энхбатын дүү Баяр саяхан үл таних хүмүүст зодуулсан тухай мэдээлэл сонин хэвлэлээр гарсан билээ. Үүний дараахан “Энхбатын дүү зодууллаа гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирээгүй шүү” гээд бүх сонинд зарласан байх жишээтэй. Энэ мэт дарга нарын даалгавраар цагдаагаас зориуд зохион байгуулан сэтгүүлчид худлаа мэдээллийг өгөөш маягаар өгдөг хөөрхөн арга байдаг. Дээрх Наранхүүтэй холбоотой сенсааци ийм маягаар гарсан ч байж болно. Адилхан нэртэй Наранхүүг “Мон-Уран”-ы Наранхүү шалгагдаж байгаа мэтээр ойлгуулах амархан. Мэдээлэл гарсны дараа Б.Наранхүүгийн өмгөөлөгч нар индэр дүүргэн чихэлдэж “Захирлынхаа нэрийг цэвэрлэнэ, гурван тэрбум төгрөг “Зууны мэдээ” сониноос гаргуулна” гэв. Тэрбум гэдэг мөнгийг энгийн иргэд хэвлэлээс уншиж байснаас тоолж байгаагүй, хэр их мөнгө гэдгийг төсөөлөхгүй. Ямартаа ч энэ гурван тэрбум төгрөг бол сонин телевиз хоёроо хоёуланг нь өгөөд ч барахгүй их мөнгө билээ.
Ингэхэд “Мон-Уран”-ы Б.Наранхүү гэж хэн билээ. Алдартай хурдан шарга азарганы эзэн гэдэг нь эерүү мэдээлэл байх. Түүнээс биш хэвлэлээр түүний тухай дандаа л бараан зүйл гарч байдаг юм. Түүнийг Шадар сайд М.Энхболдын хуурай дүү нь гэдэг. Шадар сайдыг хотын дарга байхад нь газрын ченж хийж овоо баяжсан ч гэх юм билээ. Цагтаа сайн явахад нь Н.Энхбаярт ч газар авч өгч байсан юм гэнэ лээ. Хорвоод хосгүй сайхан үйлчилгээтэй “Дүнжингарав” гэдэг төвийг 2008.08.08-ны өдөр нээнэ гээд баахан шоудав даа. Одоо тэр төв нээгдэх байтугай лангуу түрээслүүлнэ гэж хүмүүсээс авсан мөнгөө ч буцааж өгөөгүй, өртэй яваа гэх. Б.Наранхүүгийн өмгөөлөгч нар нэг сонин үг хэлээд байгаа юм. “Ийм хэвлэл байх хэрэг ч байгаа юм уу?” гэж. Хэвлэлийн хурлын үеэр хэд хэдэн удаа ингэж хэлээд авна лээ. Сонин хэвлэл хэрэгтэй, үгүй гэдгийг өмгөөлөгч нар мэддэг болсон юм уу?
Энэ бол ард нь байгаа захиалагч нарын үг гэдэг нь тодорхой. Үүгээр нь далимдуулаад сонинг хаах санаа цухалзаж байгаа нь илхэн. Н.Энхбаярыг дуугүй болгохын тулд эхлээд зэвсгээ хураалгахыг эрх баригчид шаардаж байгаа юм байна гэдэг нь эндээс ойлгомжтой байна. Энэ Наранхүү гэдэг нь олон тэрбумын зээлтэй, тэрнээс нь болж банк дампуурч байна гэж л дуулддаг болохоос ийм олон тэрбумын өндөр нэр төртэй гэдгийг сайн мэдэхгүй юм. Ямартаа ч эрх баригч нарын эвийг олж сурсан нөхөр юм гэнэ лээ. Өдгөө тэрээр Н.Энхбаярын сонинг дуугүй болгож М.Энхболд, С.Батболд нарынхаа өмнө хүндтэй гавьяа байгуулахаар шийджээ. Хэний гарт ямар аргаар очсоныг нь түр мартаж, “Зууны мэдээ” сонинг эрх баригчдын савраас аврах хэрэгтэй байна. Монголын бүх сонин, хэвлэл, сэтгүүлчид нэгдэж тэмцэх хэрэгтэй юм. Сонинуудын холбоо, сэтгүүлчдийн байгууллагууд ч дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай болжээ. Сүржигнэж байна гэж битгий бодоорой. Яагаад гэвэл өнөөдөр нэгэнд нь ирж байгаа боловч маргааш хэнд нь ч нүүрлэж болох гамшиг бол энэ мөн билээ. Хэн дуртай нь сонин хэвлэлээс дааж давшгүй мөнгө гаргуулж дампууруулаад байх болно. Ялангуяа төрийн толгойд сууж байгаа одооны энэ олигархиуд нэг л амтанд нь орчихвол бүүр хэцүү. “Бид Оросын олигархиуд шиг хөөрхий муу сэтгүүлч, сурвалжлагч нарыг орцонд нь буудаж устгадаггүй. Сонинг нь шүүхэд захиалга өгөөд дампууруулчихдаг юм” гэлцдэг болно шүү дээ.
Д.ОЮУНТУЯА
URL: