Спикер эсэргүүний нэг болов
Төрийн ордонд түмнийг гайхашруулсан улс төр өрнөж, илүү сартай хаврын хуйсагнуур өдрүүд үргэлжилж байна. УИХ-ын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах Засгийн газрын тухай хуулийн өөрчлөлтийг хэл амтай сар гаруй нухсан боловч юу ч биш болгож хаялаа. Н.Алтанхуягийн танхимын 17 сайд нь бүгдээрээ парламентын гишүүн байгаа нь ажил үүргийн давхцал үүсгэж, Монгол Улсын хөгжилд тушаа болсон ариун бус явдал гэдгийг уг нь бүгдээр хүлээн зөвшөөрөөд байгаа юм.
Тиймээс 2016 оны ээлжит сонгуулийн дараагаас Ерөнхий сайдаас бусад танхимын сайд нарыг чуулганы танхимын гаднаас томилъё гэж байв. Гэвч энэ хуулийн төсөл дээр сөрөг хүчин МАН-нынхан амжилттай тоглолт хийж, дээрээс нь АН-ын хэсэг нөхөд “нэрмээс” болгосоор өөх ч биш, булчирхай ч биш болголоо. Бодлогын таван сайдыг парламентаас томилдог байх, дээрээс нь хуулийг энэ зунаас хэрэгжүүлэх гэх мэт болж хувирсан энэ төсөл эцсийн хэлэлцүүлэг дээрээ “унаж”, хууль санаачлагч Ц.Элбэгдоржийн ширээ рүү буцав.
Ийнхүү өчигдөр өрнөсөн улс төрөөс нэгэн сонирхолтой зүйл ажиглагдсан нь УИХ-ын даргын өгсөн санал, хэлсэн үг нь байлаа. Хуралдаанаа зохион байгуулах үүрэгтэй спикер Засгийн газрын тухай хуулийг батлах эсэх санал хураахынхаа өмнөхөн “Энэ хуулийг их удаан хэлэлцлээ. Батлачихмаар байна. Гишүүд та бүхэн сайн бодож үзээрэй” гэх мэтээр санал хураалтын дүнд нөлөөлөхийг оролдов. Тэгээд АН-ын эсэргүү нэр авсан нөгөө дөрөв дээрээ нэмэгдэн, Р.Амаржаргал гишүүнтэй хамт хуулийг батлаж, Н.Алтанхуягийн танхимыг унагаах санал өгөв. Уг нь АН-ынхан ойрдоо зав муутай хуралдаж байр сууриа нэгтгэсэн гээд байсан.
Эдийн засгийн хүнд байдлаас гарахын тулд засгаа тогтвортой байлгаж, дотроо эв нэгдэлтэй байхыг чухалчилж байгаа гэсэн ч УИХ-ын дарга нь ажил үүргийнхээ хуваарьт байхгүй “пи-ар”-ын ажил хийж, намынхаа эсрэг тоглож орхилоо. Тэгээд дараа нь “Эцсийн хэлэлцүүлэгтээ унасан хуулийн төсөл өмнө нь байсангүй” гэж ярив. АН-д яг одоо бол эв нэгдэл хамгаас чухал байгаа юм. Эдийн засгийн байдал нэгэнт хүндэрсэн өнөөгийн нөхцөлд алсыг зөв харж, хэрхэн ажиллаж чадахаас 2016 онд тус намын мөхөл, сэхэл шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл танхимаа огцруулж, сандал суудал ярихаас илүү гаднаас нэг ч гэсэн валют олж ирэх ажлыг нойр хоолгүй хийх ёстой. Жирийн гишүүд нь байг гэхэд эрх баригч намынх нь төрийн гурван өндөрлөг нэг зүгт харахгүй бол АН “арчигдах” ажлаа л хийж байна гэсэн үг.
Ө.СОНОР
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: