Ш.АМАНТАЙ: УЛС ТӨРИЙН ОНОО ЦУГЛУУЛАХ АЖИЛ ХИЙХЭЭ БОЛИМООР ЮМ

amantai1Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Амантайтай цаг үеийн асуудлаар ярилцав.
-УИХ-аар Засгийн газрын тухай хуульд өөрчлөлд оруулах тухай, “Давхар дээл”-ийг дан болгох тухай ярьж байгаа. Таны тухайд “Давхар дээл” тайлуулах асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Давхар дээл”-ийг хэзээ тайлбал оновчтой вэ гэдгийг Ерөнхийлөгч тов тодорхой хэлсэн байгаа шүү дээ. Одоо энэ асуудлыг ярих цаг нь биш. Засгийн газрын тогтвортой байдал нь юу юунаас илүү чухал. Засгийн газрын тогтвортой байдал гадны хөрөнгө оруулалтад чухал нөлөөтэй. Хэн ч гэсэн улс төрийн хямралтай, бужигнаантай оронд хөрөнгө оруулахыг хүсэхгүй. Дотооддоо нэгдмэл байр суурьгүй, гадны хөрөнгө оруулагчдад буруу зөрүү хандсанаас болж тэднийгээ үргээсэн урьдах гашуун туршлага бидэнд байна. Иймд дотроо олон үзэл бодолтой байвч гадагшаа харьцахдаа нэгдмэл байж, төр засгаа тогтвортой ажиллуулмаар байгаа юм.

-”Давхар дээл”-ийг тайлуулах хуулийн төслийг 2016 оны долдугаар сарын 1-нээс эхэлж мөрдөхөөр болсон. Гэтэл УИХ-ын чуулганаар 2014 оны долдугаар сарын 1 болгох нь. Хэр оновчтой шийдвэр гэж та бодож байна вэ?
-Сөрөг хүчний хүсээд байгаа зүйлийг зөвшөөрч болохгүй. Энэ чинь эрх баригч нам, сөрөг хүчин гэх хоёр намын ч асуудал биш. Бүхэл бүтэн улс орны хувь заяанд нөлөөлөх ноцтой асуудал. МАН-ын хувьд улс төрийн оноо цуглуулах ажил хийхээ болимоор юм.

-АН олонхи болсон энэ цаг үед нэгдмэл бодлоготой байх хэрэгтэй гэж олон нийт үзэж байна. Давхар дээлний хууль дээр намын бодлогоосоо зөрж санал өгсөн дөрвөн гишүүнд хариуцлага тооцох ёстой юу?
-Мэдээж УИХ-ын гишүүн ч бай, энгийн иргэн ч бай ямар ч хүн өөрийн байр сууриа чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Гэхдээ нам бол нэг нэгээрээ биш баг хамт олноороо нэг зүгт харж, нэгдмэл байр суурьтай байж амжилтад хүрнэ. Ялангуяа төр засгийн тогтвортой байдалд нөлөөлөхүйц асуудал дээр намын гишүүд зангидсан гар шиг нэг бодлоготой байх ёстой гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Дээрх дөрвөн гишүүн намын дүрэмдээ захирагдахгүй, хувийн тоглолт хийлээ гэж бодож байна.

 

Б.АНАР /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих