Д.Сугар: Вакцин бүрийг хугацаанд нь хийлгэвэл 100 хувийн дархлал тогтдог
Манай улс жил бүрийн тавдугаар сард дархлаажуулалтын 10 хоногийн аян зохион байгуулдаг.
Тиймээс хүүхдийг дархлаажуулалтын вакцинд хамруулахаас гадна эцэг, эхчүүд хүүхдээ гэрийн нөхцөлд хэрхэн дархлаажуулж, эрүүлжүүлж болох талаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дархлаажуулалт, хүүхдийн эмч Д.Сугартай ярилцлаа.
-Энэ жилийн дархлаажуулалтын аяны хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Жил бүрийн тав, аравдугаар сард дархлаажуулалтын аяныг зохион байгуулдаг. Тавдугаар сарын тушаал нь ирээгүй байна. Гэхдээ уламжлал болсон учраас тухайн жилийнхээ вакцинаас хоцорсон болон дархлаажуулах шаардлагатай хүүхдүүдийн судалгааг хорооноос нь аваад дуудаж ирүүлээд дархлаажуулалтын 10 хоногийн аян зарладаг байгаа. Мөн сургууль, цэцэрлэгээр явж долоо, 15 настай хүүхдүүдийн вакциныг хийдэг. Үүнээс хоцорсон хүүхдүүдийн сургуультай нь холбоо барин вакцинд хамрагдаагүй хүүхэд олон байвал очиж хийнэ. Хэрэв цөөхөн хүүхэд байвал эрүүл мэндийн төвдөө авчраад хийх зэргээр зохион байгуулдаг. Мөн эцэг, эхчүүдэд дархлаажуулалтын талаар эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох ажлыг зохиодог.
-Сүүлийн үед иргэдийн дунд хүүхдэдээ вакцин хийлгэсний дараа урвал өгч янз бүрийн өвчин, эмгэгтэй болж байна гэсэн яриа гарсан. Энэ талаар юу хэлэх вэ?
-Вакцин гэдэг өөрөө амьд үүсгэгчийг нь бага зэрэг сулруулчихсан, тун бага хэмжээтэйгээр тухайн хүүхдэд хийж бага зэрэг хөнгөн өвчлүүлээд түүний эсрэг хариу урвал үзүүлж дархлаа тогтоож байна гэсэн үг. Ер нь илрэх урвалууд байдаг. Тухайлбал, халуурах, хавдаж улайх, загатнаж хөндүүрлэх нь вакцин болгонд байдаг. Ингэж байж дархлаа тогтдог. Вакциныг заавал эмгэггүй, эрүүл хүүхдэд хийх ёстой. Тиймээс эхлээд өрхийн эмчдээ үзүүлээд шаардлагатай хүүхдүүд вакцинд ордог. Гэтэл эмгэгтэй хүүхдүүдийг вакцинд оруулахад эмгэг нь хүндэрдэг. Үүнийг эцэг, эхчүүд мэдэж байх хэрэгтэй.
-Нэг хүүхдэд хэдэн төрлийн ямар вакцин хийдэг юм бэ?
-Хүүхдийг эмнэлэгт төрөөд гарахаас нь өмнө 24 цагийн дотор саагийн болон сүрьеэ, В гепатитын вакциныг хамгийн түрүүнд хийдэг. Өрхийн эмнэлгээр дамжаад вакцин хийдэг төвүүд дээр халдварт саагийн давтан тунгуудыг авна Мөн тавтын вакциныг авдаг. Үүнд сахуу, хөхүүл ханиад, В гепатит, амьсгалын замын өвчнөөс сэргийлсэн вакциныг 2-4 сартайд нь хийдэг. Харин есөн сартайд нь улаанууд, гахайн хавдрын эсрэг гурван төрлийн вакциныг нийлүүлээд нэгдүгээр тунг нь авч байгаа. Нэг нас хоёр сартайд нь гепатит А буюу бохир гарын шараас сэргийлсэн вакцины нэгдүгээр тунг хийдэг. Хоёр настайд нь есөн сар, нэг нас хоёр сартайд нь авсан вакцинуудынхаа давтан тунгуудыг авна. Долоон настайдаа сахуу татрангийн вакцины нэг, 15 настайд нь үүний хоёр дахь тунг хийдэг.
Ер нь товлолоор хийлгэхээс гадна улсаас үнэ төлбөргүй заавал хийлгэх ёстой вакцин гэж байна. Нөгөөтэйгүүр нэмэлтээр хийдэг вакцинууд байгаа. Манай улсын хэмжээнд тав, аравдугаар сард 10 хоногоор явагддаг. Үүнээс гадна сайн дурын дархлаажуулалт хийж байна. Үүнийг ХӨСҮТ-д хийдэг. Хүмүүс өөрсдөө төлбөр төлж хийлгэдэг ийм вакцинууд байна. Мөн тухайн цаг үетэйгээ холбоотой хийдэг вакцин бий болсон. Тухайлбал, хоёр жилийн өмнө N1H1 гэж гарч ирэхэд томуугийн эсрэг вакцин гээд өвчлөх насны сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг түүж аваад хийчихсэн. Тэгэхээр вакцин дотроо 3-4 хэлбэртэй.
Эцэг, эхчүүд эрхээ эдэлдэг хэрнээ үүрэг, хариуцлагаа ерөөсөө биелүүлдэггүй. Хүүхдийнхээ эрүүл мэндэд хайхрамжгүй хандаж вакциныг нь хойшлуулдаг. Тиймээс үүнийг сайн анхаарч яг хугацаанд нь хүүхдийнхээ вакциныг хийлгэх хэрэгтэй.
-Вакциныг хугацаанд нь хийлгэсэн, хожуу хийлгэхэд ялгаа гардаг уу?
-Ялгаа байлгүй яах вэ. Дархлаа тогтох үе, хугацааг нь судлаачид тогтоосон байгаа. Вакциныг сарын болон зургаан сарын зайтай хийж байж 100 хувийн дархлаа тогтдог. Тухайлбал, зургаан сартайдаа хийлгэх ёстой вакциныг найм, есөн сартай болгоод хийлгэх жишээтэй.
-Зарим эцэг, эх хүүхдээ өрхийн эмчдээ үзүүлэхгүй дүүргийн нэгдсэн эмнэлэгт очдог. Тэд үүнийгээ өрхийн эмч юу ч мэддэггүй гэж байсан. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-2011 оноос хойш гепатит А-гийн вакцин шинээр нэмэгдэж орсон. Энэ нь нэг нас хоёр сартай, хоёр настай ордог. Үүнийг манай зарим залуу эмч нар мэддэггүй юм шиг байна. Хоёр насныхаа вакцин дээр гепатит А-гийнхаа вакцины хоёрдугаар тунг хийнэ гэж бичихгүй байгаа учраас эцэг, эхчүүдэд ганцхан улаануудынхаа хоёрдугаар тунг хийлгээрэй гээд явуулчихдаг учраас асуудал үүсдэг. Тиймээс өрхийн эмч нар сайн мэдлэгтэй байхгүй бол болохгүй. Өрхийн эмч нар хоёр жил болоод солигдох нь их. Шинэ эмч ажилдаа дастал хэсэг хугацаа шаарддаг тул бага зэргийн алдаа гаргадаг.
-Залуу эцэг, эхчүүд хүүхдэд нь вакцин ямар ач холбогдолтойг сайн мэдэхгүй байж магадгүй. Тиймээс энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Дархлаажуулалт нь хүүхдийг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх журмаар хийдэг. Тиймээс вакциныг хугацаанд нь хийлгэснээр насан туршдаа өвдөхгүй, дархлаа тогтчихлоо гэж ойлгож болно. Вакцин гарснаас хойш өвчлөл багассан. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ вакциныг хийлгэх тухайн өдрөө заавал өрхийн эмчдээ үзүүлсэн байх ёстой. Зарим залуу эцэг, эх хоёр хоногийн өмнө өрхийнхөө эмчид үзүүлчихээд вакцины төвд ирдэг. Ингэж болохгүй. Эцэг, эхчүүд эрхээ эдэлдэг хэрнээ үүрэг, хариуцлагаа ерөөсөө биелүүлдэггүй. Хүүхдийнхээ эрүүл мэндэд хайхрамжгүй хандаж вакциныг нь хойшлуулдаг. Тиймээс үүнийг сайн анхаарч яг хугацаанд нь хүүхдийнхээ вакциныг хийлгэх хэрэгтэй. Хэрэв өвчтэй байгаа бол хурдан үзүүлж эмчлүүлээд эрүүл болсон хойно нь вакцинаа хийлгэвэл элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Монголд улаан бурхан устсан. Манайх удахгүй ХӨСҮТ-өөс ДЭМБ-аас өгсөн батламжаа авах гэж байгаа.
Р.Оюун
Зууны мэдээ
URL: