Ж.Амарсанаа: Арван жилийн дараа Монголд С вирус “домог” болно
-Та ойрын хэд хоног гадаад томилолттой байсан. Олон ажил амжуулсан байх. Түүний дотор монголчуудад дуулгах сайхан мэдээтэй ирсэн гэж сонслоо. Энэ талаар эхлээд танилцуулна уу?
-АНУ-д хэд хоног ажлын томилолттой байлаа. Юуны өмнө тус улсын “Gilead” компанийн удирдлагатай хийсэн яриа хэлэлцээний талаар товч танилцуулъя. АНУ-д элэгний С вирусийг устгадаг шинэ эмийг эмчилгээнд ашиглаж эхэлсэн. Үүнийг тус улсын Эм хүнсний агентлаг өнгөрсөн оны сүүлчээр баталж, зах зээлд гаргах зөвшөөрлийг нь өгсөн юм. Үүний өмнө судалгаа, туршилт, нотолгоо гээд олон дамжлагаар боловсрогдож, эмийн хэрэглээнд нэвтэрдэг учиртай. Миний мэргэжил элэг судлаач болохоор яг ийм төгс төгөлдөр эм, эмчилгээг хүсч мөрөөдөж байсан юм. Ийм төрлийн хэд хэдэн эм бэлдмэл бараг бэлэн болж байгаагийн түрүүч нь Sofosbuvir гэдэг эм болж байна.
-Сайхан мэдээ байна. Харин манайд хэдийд нэвтрэх бол. Үнэ өртөг нь нэлээд өндөр байх л даа?
-АНУ-даа зургаан сарын курс эмчилгээний эмийг 80 мянган ам.доллараар зах зээлд нийлүүлэхээр төлөвлөсөн юм байна. Одоо энэ үнээр борлуулж байгаа. Манай улсад бол энэ нь ямар ч бололцоогүйг бид бүхэн мэднэ. Хүн амын амьжиргааны төвшин, худалдан авах чадвар ямар байгаа билээ. Тиймээс бид “Gilead” эмийн компанийг зориуд зорьж очсон. Гадаадын эмийн нэг компани дээр Монгол Улсын салбарын яамны дэд сайд ингэж зорьж очсон уламжлал байхгүй. Ашиг сонирхлын зөрчил энэ тэр гэхээс болгоомжилдог байсан байх. Гэхдээ бид өөрсдөө л санал санаачилга гаргахгүй бол болохгүй нь гэж бодсон хэрэг. Бидний өмнө Египетийн өндөр дээд хэмжээний албаны хүн уулзаж учирсан л байна билээ.
-Манай улсад С вирусийн тархалт, өвчлөл ямар төвшинд байдаг юм бэ?
-2007 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 15 хувь нь элэгний С вирустэй гэж гарсан. Үүнээс үүдэлтэй элэгний хорт хавдар нь нас баралтын шалтгааны хоёрт бичигддэг. Энэ бүх байдлаа “Gilеad” компанийнханд танилцуулж, манай улсад арай хямд төсөр үнэ өртгөөр нийлүүлэх боломжийг судалж үзэхийг хүссэн. Аливаа компани ашгийн төлөө ажилладаг нь тодорхой ч нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, тусалж дэмжээч гэж ний нуугүй хэлэхэд гуйсан л даа. Үүний эцэст манай улсад С вирусийг устгах курс эмчилгээний зардлыг 1800 ам.доллараар тооцохоор ярилцаж тохирсон. Энэ нь тэндхийн үнэ ханшаас 44 дахин бага өртөг.
Одоо энэ эмийг Монгол Улсад хэрэглэх эмийн жагсаалтад бүртгэж баталгаажуулах ёстой. Үүнийг түргэвчилсэн байдлаар хоёр сарын дотор амжуулж болох байх гэж найдаж байна.
-Тухайн компанитай үнэ өртгөө тохирсон ч импорт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй манай компаниуд дунд нь ашгаа нэмээд эмийн үнийг тэнгэрт хадаачих вий гэж болгоомжлох юм. Энэ талаар бодолцоно биз дээ?
-Тэгэлгүй яахав, бодолцоно. Манай эм ханган нийлүүлэх байгууллага зуучлах, эсвэл “Gilеad” компани өөрийн салбараа байгуулж болох юм. Үүнийг бид харилцан ярилцана. Аль болох нэмүү өртөг бага байлгахыг зорих болно. Энэ ондоо багтааж дээрх эмийг хэрэглэгчийн гар дээр тавина, эмчилгээнд хэрэглэж эхэлнэ.
-Зургаан сарын курс эмчилгээний дараа бүрэн эдгэх баталгаа бий юү?
-”Sofosbuvir” эмийн тухайд өвчлөгсдийн 70-80 хувь нь бүрэн эдгэх нь баталгаатай болохыг нотолчихсон. Түүний дараа дээрх эмтэй хавсарч бэлтгэсэн эмийг удахгүй эмчилгээнд нэвтрүүлэх гэж байна. Энэ нь Sofosbuvir+Ledipasvir гэсэн нэгдэл. Үүнийг Монголд оруулж ирснээр эдгэх магадлал 95-99 хувьд хүрнэ гэж тооцоолсон байгаа, АНУ-ын эрдэмтэн судлаачид.
-Та 2007 оны судалгааг дээр хэлсэн. Түүнээс хойш нарийвчилж хийсэн судалгаа байдаггүй бололтой юм. Одоо нөгөө 15 хувь өссөн үү, багассан болов уу?
-Судалгаа байхгүй болохоор би баттай хэлж мэдэхгүй. Гэхдээ багассан байх гэж найдаж байна. Яагаад гэвэл, манайд тариурыг буцалгаж, дахин хэрэглэхээ больсон. Түүнээс гадна хагалгаа, мэс ажилбарт ашигладаг багаж хэрэгсэл улам боловсронгуй болж байгаа шүү дээ. Одоо дээр нь дэлхийн стандартад нийцсэн, хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн эмтэй болчихлоо. Энэ бүхнээс үзэхэд одоо арван жилийн дараа манай улсад С вирус гэгч өвчин “домог” болно гэдэгт итгэлтэй байна.
-Таны гадаад томилолт хүн амын эрүүл мэнд, цэвэр усны хангамжийн талаар томоохон хурал зөвлөгөөнд оролцоход чиглэсэн юм байна. Энэ талаар мэдээлэл өгөх үү?
-НҮБ-ын Хүн амын сангаас зохион байгуулсан олон улсын хуралд оролцлоо. Тэнд миний бие Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нөхөн үржихүйн талаар хийж байгаа ажлын явцаар илтгэл тавьсан. Мөн Вашингтон хотноо Дэлхийн банк, Хүүхдийн сангаас хамтран зохиосон усны хэрэглээ, түүний ариун цэврийн талаархи хуралд оролцсон. Энд хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын төлөөлөл хуралдаж, цэвэр усны хүрэлцээ хангамжийн талаар ярилцсан. Үүнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн өөрөө оролцож, тухайн улс орон бүр нийтийн хэрэглээ-цэвэр усны салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж, анхаарахыг уриалж байлаа. Цэвэр усны хангамж хүрэлцээгүй байгаагаас хүний эрүүл мэнд хохирох, үүнээс улбаалан айл өрх болон улс нийгэмд багагүй сөрөг нөлөө үзүүлж байна. Ариун цэврийн шаардлага хангахгүй ус хэрэглэснээс хүүхэд багачууд суулгалтаас эхлээд бусад өвчнөөр өвчилнө. Түүнийг эмнэлэгт үзүүлж харуулах, эм тариа худалдаж авах, цаашлаад эцэг эх нь асран халамжилж ажил төрлөөсөө хөндийрөх зэргээр сөрөг нөлөөнд орж байгаа хэрэг. Энэ бүхний талаар тодорхой ярилцсан. Манай улсад усны асуудлыг хэдийгээр БХБЯ хариуцдаг ч усны эрүүл ахуй талаасаа тэдэнтэй хамтарч ажиллах явдал зайлшгүй шаардлагатай юм билээ.
Ер нь зарим аймаг сум , тэр бүү хэл хотын захын алслагдсан гэр хороололд цэвэр усны хангамж муу байгаа, хүн амын цөөнгүй хэсэг нь хөрсний бохирдол ихтэй нүхэн жорлон ашиглаж буй зэрэг нь энэ салбарт хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
-Усны салбарт оруулсан хөрөнгө оруулалт ямар нэг байдлаар ашигтай байж чадах уу?
-Олон улсын судалгаагаар усны салбарт оруулсан нэг ам.доллар тав дахин их ашиг өгдөг гэж үздэг юм байна. Энэ нь шууд утгаараа юм уу бэлэн мөнгө хэлбэрээр гэсэн үг биш. Цаад утгаараа бол ариун цэврийн шаардлага хангасан цэвэр ус хэрэглэснээр өвчлөл багасна. Энэ үр дүнгээр эмнэлгийн үйлчилгээ багасч, нийгмийн баялаг бүтээх иргэдийн бүтээмж дээшилнэ гээд бодохоор ойлгомжтой болох байх.
-Та АНУ-д ажиллаж, амьдарч байгаа эмч, эрдэмтэн судлаачидтай уулзалт хийсэн гэсэн. Тэд ямар санал санаачилга гаргаж байна вэ?
-Вашингтон, Сан Франциско гээд монголчууд олноор ажиллаж, амьдардаг хотуудад хоёр ч удаа уулзалт зохион байгуулсан. Тэдний зүгээс Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх талаар өөрсдийн санал бодлоо бичгээр голдуу илэрхийлсэн байгаа. Үүнийг судалж үзнэ. Харин хүний нөөцийг сайжруулах, эмч нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх тал дээр хамтарч ажиллах боломжтой гэдэгт санал нэгдсэн. Хэдийгээр эх орноосоо алс хол ажиллаж, аж төрж байгаа ч өөрсдийн мэдэх салбар, элэг нэгт монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө санаа тавьж байгаад нь баярлаж, талархаж л байлаа.
Д.МӨНХЖАРГАЛ
Эх сурвалж: www.SHUUDAN.mn
URL: