Монгол Хятадын хоёр дахь том импортлогч болжээ

Коксжсон нүүрсний үнэ өнгөрсөн саруудад харьцангуй тогтвортой байлаа. Гэхдээ ирэх оны эхээр үнэ нь нэмэгдэх магадлалтай хэмээн “agmetalminer.com” сайтад дурьджээ.

“Ройтерс” агентлагийн мэдээлж буйгаар ам.долларын ханш суларч байгаа нь ихэнх түүхий эдийн үнийг хөөргөх болсон. Гэхдээ коксжсон нүүрсний зах зээлд учрах дарамт нь харьцангуй бага байгаа юм. Нүүрсний экспортоор тэргүүлэгч таван орны хувьд нүүрсний олборлолтын өртөг нь дотоодын валютаар тооцогдож, харин гадагшаа гаргахдаа тонн тутмыг нь ам.доллараар үнэлж байгаа.

Ам.доллар Австрали доллар, Өмнөд Африкийн рэндийн эсрэг сулрах болсон нь нүүрс олборлогч компаниудын ашигт нөлөөлж байгаа аж.

Коксжсон нүүрсний хамгийн том хэрэглэгч, үйлдвэрлэгч орон бол Хятад. Гэхдээ тус улс далайн боомтын импортоор хараахан тэргүүлж чадахгүй байна. Хятадаас гадна Энэтхэгийн нүүрсний эрэлт хурдацтай өсч байгаа. Дэлхийн нүүрсний институт болон “Gredit Suisse”-ээс гаргасан тооцоогоор тус улсын нүүрсний хэрэглээ 2013 он гэхэд 38 сая тонн болж өсөх юм.

“Steel Business Briefing” сэтгүүлд Монголоос Хятад руу нийлүүлэх коксжсон нүүрсний экспорт нэмэгдэж
байгааг онцолжээ. Тяньжины хөрөнгө оруулагч “Бид өмнө нь Монголын тухай тун бага мэддэг байсан. Гэхдээ Хятадын коксжсон нүүрсний эрэлт нэмэгдэж байгаатай зэрэгцээд Монголын экспорт өссөн учир сонирхохоос өөр аргагүй юм” гэсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар Монголоос Хятад руу экспортолсон коксжсон нүүрсний хэмжээ 1.2 сая тоннд хүрсэн болохыг “Steel Business Briefing”-д тэмдэглэжээ. Тухайн үед зуны улирал эхэлж, нүүрсний хэрэглээ багасах хандлагатай болсон ч экспорт буурсангүй. Энэ үед cap тутамд нэг сая тонн нүүрс экспортолж байжээ.

Хятадын статистикийн газраас мэдэгдсэнээр энэ нь Австралиас Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээнээс давж гарсан байна. Гэхдээ одоо өвлийн улирал эхэлж буйтай зэрэгцэн Австралийн экспорт өссөн аж.

Өнгөрсөн есдүгээр сард Хятад Австралиас 1.8 сая тонн нүүрс импортолжээ. Энэ нь өнгөрсөн наймдугаар сард 850 мянган тонн байснаас 112 хувиар ихэссэн дүн юм. Харин тухайн үед Монголоос 1.5 сая тонн нүүрс импортолж байжээ.

“Steel Business Briefing”-д мэдээлснээр Монголын нүүрс Австралийнхтай харьцуулахад өртөг багатай. Ялангуяа далайн боомт байхгүй, Хятадын төв хэсгийн Шанси зэрэг мужид нэлээд хямд үнээр тээвэрлэн хүргэх боломжтой юм.

Түүнчлэн Монголын коксжсон нүүрсний чанар нь маш сайн учир зай хураагуур зэрэг олон зүйл хийхэд ашиглахад нэн тохиромжтой байгаа гэнэ. Гэсэн ч Австралийн хувьд коксжсон нүүрний экспортоороо Хятадын зах зээлд тэргүүлж байна.

Хятад энэ оны нэгдүгээр сараас есдүгээр cap хүртэлх хугацаанд 33.5 сая тонн нүүрс импортолсон бол түүний 39 хувийг буюу 13.2 сая тонныг Австралиас авчээ. Манайхаас импортолсон хэмжээ нь 9.9 сая тонн буюу нийт импортын 30 хувьтай тэнцэж байгаа аж. Тиймээс “Steel Business Briefing”-ийнхний үзэж буйгаар коксжсон нүүрсний зах зээлд Монголын гол харилцагч нь Хятад болж байгаатай нэг адил Хятадын хувьд ч Монголоос импортлох түүхий эд чухалд тооцогдох болсон байна.

Монголоос Хятад руу нийлүүлж буй нүүрсний хэмжээ өмнөх оныхоос 241 хувиар ихэссэн гэх мэдээ байгаа юм.

“Evolution Securities”-ийн шинжээч Чарлез Кернот “Валютын ханшийн хэлбэлзэл нүүрсний үнэд нөлөөлж байна. Ойрын хугацаанд эрчим хүчний үнэ нэмэгдэх магадлалтай” хэмээн дүгнэжээ.

“ВНР Billi-ton”, “Anglo American”, “Рио Тинто”, “Xstrata” зэрэг уул уурхайн гигантуудын хувьд нүүрсний олборлолтын зардал нь өндөр гарч, харин зах зээл дээр борлуулахад хямд тусч байгаагаас энэ салбар
дахь ашиг нь харьцангуй багасчээ.

“Улс орнуудын валютын ханш чанга байгаа. Тиймээс гигантуудын хувьд тухайн нэг түүхий эдийн үнэ олон улсын зах зээл дээр 10 хувиар ихэслээ гэхэд ашигт төдийлөн нөлөөлөхгүй байх магадлалтай” хэмээн “Ambriап Capital”-ын шинжээч Петер Дэви дүгнэсэн байна.

Оросын хувьд хамгийн өндөр өртөгтэй нүүрс экспортлогч орон юм. Гэхдээ энэ онд рублийн ам.доллартай харьцах ханшийн хэлбэлзэл тун бага байна. Өнгөрсөн оны эхээр ОХУ-аас экспортолж буй коксжсон нүүрс тонн тутам нь 80-85 ам.доллар байсан. Харин 2009 оны дунд үе хүрэхэд 68-71 ам.доллар болж буурсан юм. Энэ нь Оросын нүүрс экспортлогчдын өрсөлдөх чадварыг сайжруулжээ.

Өнгөрсөн онд Австрали, Өмнөд Африкийн нүүрс нэг тонн нь 60-80 ам.доллар байсан бол энэ онд үнэ нь нэмэгдэж, 85-95 ам.доллар болсон байна. Гэхдээ үүнд тээвэрлэлтийн зардал ихээхэн нөлөөлнө гэдгийг мартаж болохгүй.

Сиднейд төвтэй “UBS”-ын шинжээч Том Прайс “Австрали долларын ханш чангарч байгаа нь австраличуудын хувьд нэг ёсондоо дарамт болж байна. Уул уурхайн компаниудын ашиг үүнээс болж буурч байгаа. Харин Азид түүхий эдийн эрэлт их байгаагаас удахгүй зах зээлийн үнэлгээ нь дээшилнэ гэх хүлээлт бий болсон” хэмээн дүгнэжээ.

Харин томоохон компаниудын хувьд коксжсон нүүрсний нийлүүлэлтээ хязгаарлах замаар үнийг нь өсгөх хандлага ажиглагдаж байна. Австралийн үйлдвэрлэгчид л гэхэд далайд гарах ачааны хөлөг онгоцуудаа цөөлж байгаа тухай “Wall Street Journal” мэдээлжээ.

Өвлийн улирал эхэлж буйтай зэрэгцээд Хятад, ОХУ нүүрсний үйлдвэрлэлд хяналт тавих болсон нь экспортлогчдод нөлөөлж байгаа. Энэ бүхний дүнд 2011 онд нэг тонн нүүрс тутамд үнэ нь таван ам.доллараар нэмэгдэх бололтой хэмээн “Credit Suisse”-гийн шинжээчид үзжээ. Гэхдээ энэ оны сүүлээр гангийн үнэ буурах хандлагатай байна. Тиймээс нүүрсний үнэ ч мөн адил буурна гэх хүлээлт зарим үйлдвэрлэгчдийн дунд байгааг шинжээчид үгүйсгэсэнгүй.

Т.Элиса


URL:

Сэтгэгдэл бичих