ТАЙЗ, ДЭЛГЭЦИЙН ШИНЭ ЦАГИЙН “АКУЛ”

Муухай царайтай Квазимода, эмэгтэй хувцас өмсөж элэглэдэг Жек, хэтэрхий бардам туулай,

гүн ухаантан Лагаанаа зэрэг өөр хоорондоо адилгүй олон дүрийг Драмын эрдмийн театрын тайзнаа бүтээж яваа авьяаслаг жүжигчин бол С.Болд-Эрдэнэ. Түүнийг хэдэн жилийн өмнө залуу жүжигчин хэмээн зарладаг байсан бол одоо энэ үг тохиромжгүй санагдана. Тэр аль хэдийнэ туршлагажсан. Угаасаа урлагийн гэр бүлд төрж, өссөн учраас хийх бүтээх эрмэлзэл нь ч бусдаас илүү. Тэрбээр СУИСийг 1999 онд төгсөж, 2000 оноос хойш театртаа ажиллаж байгаа.

Энэ хугацаанд Ш.Гүрбазарын “Надаар тоглосон хайр” жүжгийн Бүүвэй, Данзан равжаагийн “Саран хөхөө” жүжгийн Лагаанаа, У.Шекс пирийн “Ромео Жульетта” жүжгийн Бенволио, Д.Мэндсай ханы “Ээжээ” жүжгийн Болд, Зориг, В.Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжгийн Квазимода, К.Людвигийн “Гол дүрийн амрагууд” жүжгийн Жек, Ц.Балдоржийн “Хайрын виз” жүжгийн Жаргал, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийн нөхөр зэрэг 50 гаруй жүжгийн гол болон туслах дүрийг амжилттай бүтээжээ.

Мөн “Оролмаа эх” жүжигт Сандагдорж ламын дүрийг бүтээхээр ажиллаж байна. “Ноён солиот”-оор гараагаа эхэлж “Удирдагч”, “Хайрлаагүй амь”, “Сая километр”, “Орхидос”, “Үл таних эмэгтэй”-гээр үргэлжилсэн дэлгэцийн бүтээлийнх нь тоо 10 хол давжээ. . Дуулж, бүжиглээд, жүжиглэчихдэг энэ авьяаслаг жүжигчин ирээдүйд кино найруулагч болохыг хүсдэг гэсэн. Энэ тухайгаа нэг ярилцлагадаа дурдаад “Үзээд алдана” гэж ам алдсан юм.

Ж.СОЛОНГО


URL:

Сэтгэгдэл бичих