“Bank of china”: Монголд салбараа нээх талаар ярилцаагүй
Монголд банкны салбар үүсч хөгжөөд 90 жил болжээ. Анхны арилжааны банк байгуулагдаад 24 жил өнгөрсөн байна. Харин зуун жилийн түүхтэй банк “Bank of China” өнгөрсөн жил манай улсад төлөөлөгчийн газраа нээн ажиллаж байгаа. Тэгвэл энэ банк манай арилжааны банкуудтай мөр зэрэгцэн ажиллаж, салбараа нээх тухай яригдах болов. Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй энэ яриа хэр бодитой вэ. Мөн Монголын санхүүгийн ертөнцаөд хэрхэн нөлөөлөх бол.
Манайд гадаадын таван банк төлөөлөгчийн газраа нээсэн байдаг. Түүний нэг нь “Bank of China”. Зах зээлийн үнэлгээ нь 540 тэрбум ам.доллар гэх. Мөн тус банк төрийн өмчит. Өөрөөр хэлбэл, Хятадын Засгийн газар эрсдэлийг нь дааж байдаг гэж ойлгож болно. Тус банк энэ оноос манай улсад үйл ажиллагаа явуулах эрх нь баталгаажиж байгаа гэсэн “шуурга” хүчтэй дэгдэж байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Гадаадын банкийг оруулж ирэх санал манайд ирээгүй. Тэр тусмаа БНХАУ-ын төрийн өмчит банкны салбар нээгдэх асуудал хөндөгдөөгүй. Төрийн өмчит банк орж ирэхээр болсон тохиолдолд тусдаа хуультай. Хөрөнгө оруулалтын тухай хуулиар шийдэж хариу өгөх учиртай” гэв. Гадаадын төрийн өмчит банкийг оруулж ирэх асуудал гурван давхар зохицуулалттайг Төвбанкны удирдлага хэлсэн юм. Хэрэв гадаадын банк дотоодын банкны зах зээлд үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол Монголбанк, Хөрөнгө оруулалтын тухай хуулиас гадна Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр асуудлыг шийдэх юм байна.
Тус банк салбараа нээснээр манай улсын санхүүжилт, эргэлтийн хөрөнгө нэмэгдэнэ. Мөн зээлийн хүү буурах сайн талтай ч нөгөө талаасаа дотоодын банкны салбарыг унагах эрсдэлтэй хэмээн эдийн засагчид болоод банкны салбарынхан үзэж буй аж. “Bank of China”-гийн төлөөлөгчийн газрын нээлтийн үеэр Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол дахь компаниудын зардлыг бууруулах онцгой ач холбогдолтойг албаныхан мэдэгдэж байсан.
“Bank of China” салбараа нээх тухай асуудлаар банкны холбооныхон хэд хэдэн удаа хуралдаад эерэг, сөрөг талуудаа хэлэлцсэн тухай эх сурвалж хэлсэн юм. Энэ үеэр гадаадын банк салбараа нээх нь буруу гэж үзжээ. Учир нь банкны салбарт нөлөөлөхөөс илүү макро эдийн засагт сөрөг нөлөөтэй аж. Тухайлбал, манай улс хоёр төрлийн эдийн засагтай болох талтай. Ийм байдалд орсон улс орнууд ч байдаг тухай хэлж байлаа.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 6000 гаруй дотоодын компани бий. Харин Хятадынх 600 гаруй. Эндээс харахад “Bank of China”-гийн эрхийг хязгаарласан ч өөрийн улсын компанид үйлчлэх нь тодорхой хэмээн зарим хүн үзэж байна. Түүнчлэн урд хөршийн эдийн засгийн нөлөө манайд өндөр байдаг. Энэ нь хэсэг хугацааны дараа дээрх 600 гэдэг тоо 6000 болох эрсдэл бий гэдгийг банкны салбарынхан хэллээ. Ийнхүү хоёр эдийн засагтай болох нь тусгаар тогтнолд нөлөөлөх эрсдэлтэй аж. Цаашилбал, гадаадын томоохон банк орж ирснээр зээлийн хүү буурах, өрсөлдөх чадвар нэмэгдэх боловч энэ нь цөөхөн тооны зээлдэгч нарт ашигтай гэх. Харин хадгаламж эзэмшигчдэд халтай гэдгийг банкныхан онцоллоо.
Судлаачдын үзэж буйгаар тус банк салбараа нээх нь бизнест хэрэгтэй аж. Гадаадын банкны салбар нээх нь сөрөг муу талтай хэмээн айлгаж байгаа нь арилжааны банкныхны даварсан нөлөөллөө тогтоох гэсэн санаархал хэмээн үзэх нэгэн ч байна.
Манай улсад инфляц өндөр байгаа нөхцөлд банкны зээлийн хүү буурна гэвэл үлгэр. Дээр нь хөрөнгийн зах зээл нь хөгжих нь өнгөрсөн гэдгийг мэргэжилтнүүд болоод эдийн засагчид хэлдэг. Энэ үед гадаадын банкыг оруулах хэрэгтэй гэдгийг судлаачид хэллээ.
Дуулиан ийн үргэлжлэх зуур тус банк төлөөлөгчийн газраа нээх тухай асуудлыг холбогдох газруудад нь тавиагүй гэх мэдээлэл байна. Энэ талаар тус банкны төлөөлөгчийн газрын ажилтантай холбогдон тодруулахад “Одоогоор манайх зөвхөн төлөөлөгчийн газар. Салбар нээх талаар яриагүй” гэв. Өөрөөр хэлбэл, санхүүгийн ертөнцөд өрнөсөн шуугианыг тэд ийнхүү няцаалаа. Гэвч бодит байдалд үйл явдал хэрхэн өрнөхийг харах үлдлээ.
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: