МАН-ын дарга М.Энхболд хаачив?
Монголын улс төр тун “сонирхолтой” өрнөж байна. Хаврын синдром хаа сайгүй үргэлжилж, улс төрийн намууд том жижиггүй хөдөлгөөнд оржээ.
Өнөөдөр АН “Шударга ёс” эвсэл засаг барьж, МАН сөрөг хүчин болоод байгаа.
Сөрөг хүчин ч сүүлийн үед сүрхий ажиллаж буй. Тэд АН, ялангуяа Засгийн газрын эсрэг гэж болох хэд хэдэн “тоглолт”-ыг хийсэн. Ингэхдээ МАН гудамжны улс төрөө ч, төрийн ордон дахь элдэв операциа ч ганц л хүний нүүрээр хийх аж. Тодруулж хэлбэл МАН-ыг УИХ дахь бүлгийн дарга С.Бямбацогт нь төлөөлдөг болов. Харин энэ намын дарга М.Энхболдын сураг ч алга. Хажуудах экс дарга Ө.Энхтүвшинтэйгээ “буу халж” суусаар нэгдсэн хуралдааныг дуусгах нь энүүхэнд. Тэрээр Их хурлын чуулганы хуралдаанд хааяа нэг суухдаа ч намаа төлөөлөн дуугарна гэж үгүй. Төв талбай дээр жагсаал хийсэн ч намын дарга М.Энхболд үзэгдэнэ гэж үгүй.
Гэхдээ С.Бямбацогтын дуугарч хийж буй “улстөр” бүрийнх нь автор мэдээж намын дарга М.Энхболд. Гэхдээ тэр С.Бямбацогтоор бамбай хийж намынхаа энэ хаврын улстөрийг хийнэ гэж төлөвлөсөн бололтой юм.
Бүх зүйл нь М.Энхболдын санаснаар болж эрх баригч АН-ын бай нь бүлгийн дарга С.Бямбацогт болов. Өөрөөр хэлбэл АН-ынхан МАН-ын дайралтын хариуд зөвхөн С.Бямбацогтыг онилон түүн рүү чиглэсэн довтолгооны PR болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зөвхөн түүнд зориулсан нийтлэлийг цацах аж.
Тиймээс учир мэдэх хүмүүс, улс төрийн хүрээнийхэн МАН-ын дарга М.Энхболд нь С.Бямбацогт гэдэг “хөшиг”-ний ард нуугдах болсны шалтгаан олон бий. Ер нь М.Энхболд намын даргын хувьд ч С.Бямбацогт шиг дуугарч чадахгүй. Дуу гаргахгүй байх олон шалтгаан түүнд бий гэж байна. Уг нь М.Энхболд МАН-ын даргын хувьд галын шугам дээр ажиллаж, энэ намын “микрофон” нь байх учиртай сан.
Нээрэн, МАН-ын дарга М.Энхболд хаачив?
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: