Судартай машин худалдаж аваад хуучин эзнийх нь сүнстэй өвөр түрийдээ хонов
Содномцэрэнгийн зүүдэнд нэг хачин хүн орж, хар дараад болсонгүй. Тэр хүний нүүр царай гэж үнэхээр аймшигтай, бас дээр нь зураас шиг нүдтэй байснаас “Хэнийг би ингэтлээ зүүдэлдэг билээ” гэж бодоод бодоод нэр оноож чадсангүй. Сэгсийсэн урт үс нь дэрсэн шүүр шиг нүүр рүү нь хатгаад байх аж. Хичнээн ч удаан тарчлав. Ашгүй юм тэр лүдийн амьтанг зүүднээсээ арчиж сэрэхэд хажууд нь нэг хүн хор хорхийн хурхирч байв. Хэн ингэж хурхираад байнав гэж өндийн хартал зүүдэнд нь орсон нөгөө хачин нөхөр дүрээрээ байх нь тэр. Содном муухай орилон бостол нөгөө хүн харанхуйд уусах мэт алга болжээ.
Дахин хар дарахаас айсандаа унтсангүй. Шөнөжингөө тамхи баагиулж хоносон тэр өглөө нь машинаа асаах гэтэл нөгөө хачин царайтай хүн машиных нь жолоон дээр гараа тавьчихсан онигор зураасан нүдээрээ түүнийг харж байв. Содномцэрэн шинэ жилийн дараахан уг машиныг худалдаж авсан юм. Батжаргал гэдэг 40 орчим насны сайхан сэтгэлтэй эр “Мөнгөний хэрэгцээ гараад зарж байгаа юм. Түүнээс биш зарах шаардлагагүй. Хоёр жил сайхан унасан эд минь. Партизанд байдаг аав, ээж дээрээ хааяа нэг очихоос өөр холын замд ч явж үзээгүй” гэж рекламдаж, Содном түс тасхан яръя гэсээр байгаад 500 мянган төгрөг буулгаад 3 саяар авсан билээ. Батжаргал ч тэр даруйдаа эзэмшигчийн нэрийг сольж Содномцэрэнгийн нэр дээр болгон нотариатаар батлуулж, колонк дээр зогсоход 50 мянган төгрөгөөр бензин хийж өгчээ. Содномцэрэн тэр үед сайхан сэтгэлтэй тэр хүнд баярлаж байсан сан.
Суудлынхаа нэхий дулаалгыг бэлэглэж, аян замд аваар ослоос хамгаалдаг эд байгаа юм гэж жижигхэн судраа ч үлдээж машинаасаа гурвантаа адис аваад явж байгаа гүндүүгүй сайхан хүнд баярлахгүй гээд яахав. Гэтэл зүүдэнд нь орж, бас хажуу талд нь зэрэгцээд хэвтэж байсан үзлийн муухай сүг шиг амьтан машин дотор нь их гунигтай сууж байх нь түүнийг сэрхийлгэжээ. Содномцэрэн шинэ жилийн дараа машины үнэ хямдардаг болохоор боломжтой цагийг хүлээж байгаад хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө унаатай болсон нь тэр юм. Машин авахаасаа өмнө таньдаг үзмэрчээсээ ямар өнгийн машин авах вэ гэж асуухад “Цагаан машин ав” гэжээ. Цагаан машин ховор байсан ба байсан ч үнэ нь өндөр болохоор Содном ойролцоо өнгөтэй цайвар ногоон машин авсан билээ. Бүх учир машинд байна гэж эргэлзэхгүй бодсон Содном нөгөө үзмэрч дээрээ очжээ.
Замд машин нь шарваж, айснаас ч тэр үү жолоог нь өөр нэгэн булаацалдаад байгаа юм шиг санагдаж байв. Үзмэрч түүний машины хаалгыг хагас дутуу онгойлгож хараад “Паах!” гээд хурдан буцаагаад хаачихав. Тэгээд гэрт оръё гэсэн байна. “Машинаар чинь дүүрэн өт хорхой байна. Та нар шиг энгийн хүмүүсийн нүдэнд тэр бүхэн харагдахгүй л дээ. Ер нь хүн амьтан гэдэг чинь өт хорхойноос л бүтдэг юм шүү дээ. Түүнийг Европын анагаах ухаанд эд ч гэнэ үү, эс ч гэнэ үү ингэж нэрлэдэг юм шиг байгаа юм. Чиний ойлгохоор хэлэхэд хүнийг бүрдүүлдэг өт хорхой буюу эд эсүүд бүгдээрээ нэг ижил “бодолтой” санаа зорилготой байж хүн амьдарна.
Хоорондоо эвдэрч, нэгнийгээ барьж идэх гээд давхилдаад бужигнаад ирэхээрээ л хүн юм уу, амьтан үхдэг юм. Чиний машин доторх өт хорхойнууд ямар зэвүүн байна аа. Олон хүний үхсэн байдлыг харж өт хорхойг ямар юм гэдгийг таньдаг болсон хүн, би. Тэр нэг л биш” гэжээ. Үзмэрчийн үг Содномыг улам айлгаж тэр өт хорхойноос яаж салж авах вэ гэхээс өөр бодолгүй, их айдаст автуулжээ. Үзмэрч машиныг ямар хүнээс яаж авсан талаар асууж дээр өгүүлсэн зүйлсийг яриулаад “За, нэг арга байна” гэжээ. Тэр нь нөгөө Баянжаргал гэгч “сайхан сэтгэлт” эрийн машиндаа үлдээж явсан судрыг Содном авчрах байв. Содном аюултай мангаст ойртож байгаа юм шиг машинаасаа айж дөлсөөр очиж, нүдээ тас аниад нөгөө судрыг чичирсэн гараараа нарны халхавчны дээд талаас сугалж авав. Үзмэрч тэр судрыг үзээд энэ жолооч хүний аян замын судар биш талийгаач болсон хүний сүнсийг өөртөө хадгалах зорилготой зүйл байна гэж хэлсэн байна.
URL: