Д.Ганбат: Х.Тэмүүжин сайд хүүхдээ хуурамчаар үрчлүүлсэн нь түүний хувьд хууль бус үйлдэл

21212Өчигдөр Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах шийдвэр гаргасан. Тус хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Х.Тэмүүжин сайдын эсрэг санал өгсөн юм. Түүнчлэн АН-ын бүлэг дотор үүсэн фракцын маргааны улмаас Х.Тэмүүжин сайдын асуудал дээр нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байна.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүдээс тодруулга авлаа.

Г.Баярсайхан: АН-ын бүлэг нэгдсэн байр сууринд хүрээгүй
-Та Х.Тэмүүжин сайдын асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-Би Х.Тэмүүжин сайдын шинэчлэлийг анхнаасаа дэмжиж байсан. Энэ шинэчлэлээ үргэлжлүүлээд явах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Хууль зүйн байнгын хороо Баасанхүү гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцээд сайдыг огцруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт дээр санал нэгдсэн байна. Би асуудалд ул суурьтай хандлаг гишүүдийн нэг. О.Баасанхүү гишүүний гаргасан үндэслэлүүд үнэхээр нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү гэдгийг нягтлах хэрэгтэй. Үүний дараа л асуудлыг шийдэх хэрэгтэй. Ер нь бол хүнийг ажил хийж байхад урмаар дэмжих ёстой. Огцруулах бол амархан шүү дээ. Санал хураагаад л огцруулчихна. Түүнд хөнгөн гоомой хандаж болохгүй гэж л хэлмээр байна.
-Ардчилсан нам дотроо хуваагдсан. Фракц хоорондын зөрчил ихсэж байна гэсэн яриа гараад байна л даа?
-Х.Баттулга сайд Х.Тэмүүжин сайд хоёрын талаар гэсэн янз бүрийн ярианууд гарч байгаа. Тэр бол бүлэг дээр яригддах  асуудал учраас энэ талаар нэг их мэдээлэл өгмөөргүй байна. Одоогоор манай бүлэг дээр энэ талаар нэгдсэн байр суурь байхгүй, эхлээд нэгдсэн байр суурьтай болох хэрэгтэй байна.
УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн, түүнчлэн Хууль зүйн байнгын хорооны гишүүн Д.Ганбат өчигдөр байнгын хорооны хуралдаан дээр Х.Тэмүүжин сайдын эсрэг санал өгсөн юм. Түүнээс энэ талаар тодруулга авлаа.
 
 Д.Ганбат: Х.Тэмүүжин сайд хүүхдээ хуурамчаар үрчлүүлсэн нь түүний хувьд хууль бус үйлдэл
-Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр та Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг дэмжсэн санал өгсөн. Энэ шийдвэрийнхээ талаар тайлбар хийгээч?
-Хууль зүйн байнгын хороо О.Баасанхүү гишүүний өргөн барьснаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Яригдсан асуудлууд цөөнгүй бий. Зарим нэг асуудлуудыг нь сэтгүүлчдэд хэлж болохгүй нууцын зэрэглэлтэй байна. Х.Тэмүүжин сайд хууль зүйн салбарт шинэчлэл хийх гэж байгаа нь үнэн. Гэхдээ шинэчлэлийг ганц хүн хийхгүй, нам нь байж хамтдаа хийх ёстой.
-Х.Тэмүүжин сайдын огцрох үндэслэлийг та яаж дүгнэсэн бэ?
- Хууль зүйн сайд хүн бол хаана ч байсан хууль ёсыг биелүүлж байх ёстой. Дэлхийн аль ч улсад Монгол улсын нүүр царай болж тухайн улсын хууль дүрмийг биелүүлж байх ёстой. Зөвхөн ингэж ярихаас гадна өөрөө үлгэр дууриал үзүүлдэг байх ёстой. Түүний хувьд залуу хүн алдаж оносон л зүйл байх шиг байна.
-Тэгэхээр О.Баасанхүү гишүүний өгснөөс өөр үндэслэлээр огцруулж байгаа гэж ойлгож болох уу?
-Өмнө нь Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр гишүүд материалтай танилцах хэрэгтэй байна гээд хойшлуулсан. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд гишүүд материалтай танилцсан. Би ч гэсэн сайн танилцсан. Тэр үндэслэлүүд дотроос авах ч үндэслэл байсан, хаях ч үндэслэл байсан. Хамгийн гол үндэслэл нь Хууль зүйн сайд, хуульч хүн бол дэлхийн хаана ч хуулийг биелүүлж дагаж мөрдөж явах ёстой гэдэг л байгаа юм.
-Хууль зүйн сайд үүргээ биелүүлээгүй ямар үндэслэлүүд байна вэ?
-Ил байгаа нь хүүхдээ хуурамчаар үрчлүүлсэн асуудал байна. Энэ асуудлаараа Канад улсын хуулийг зөрчсөн байгаа юм. Канад улсын хуулийг зөрчинө гэдэг чинь тэр улс дахь манай элчин сайдын яам, тус улсад байгаа монгол иргэдийн эрх, цаашлаад хоёр улсын хоорондох найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Хувь иргэд бол өөртөө ашигтай байдлаар ямар нэг ийм үйлдэл хийхийг үгүйсгэхгүй. Харин УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд хүн бол ингэж болохгүй.
-Таньтай адилхан саналтай хүн АН дотор олон байгаа юу, ерөнхийдөө нам дотор саналаа нэгтгэж чадахгүй байна гэсэн мэдээлэл гараад байгаа?
-Ямар ч байсан өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр саналаа өгсөн. Цаашдаа мэдээлэл тодорхой болохоор харах байлгүй дээ.

Энхмаа

Эх сурвалж: mnb.mn


URL:

Сэтгэгдэл бичих