Элсэн чихэр хортой юу?
Чихэр, шоколад, амтат бялуу гээд элсэн чихэр ороогүй амтлаг бүтээгдэхүүн ховор. Чихэрлэг зүйлээс болж таргалах, чихрийн шижин тусч, шүд цоордог хэмээн бид боддог. Тэгвэл энэ хариултанд АНУ-ын хоол хүнсний төвийнхөн сонирхолтой хариу өгчээ. Сүүлийн жилүүдэд анагаах ухаан элсэн чихэр хортой гэсэн үзэл бодлоо өөрчлөөд байна. Өөрөөр хэлбэл элсэн чихрийн хэрэглээ их байх нь эрүүл мэндэд муугаар нөлөөлөх ёсгүй гэж АНУ-ын хоол хүнсний талаар зөвлөгөө өгөх төвийнхөн ярьжээ.
Гэхдээ мэдээж хоолны зөв дэглэм баримталж чадвал шүү дээ. Элсэн чихэр бол ургамал, амьтны амьдралд зайлшгүй шаардлагатай, нэг ёсны “шатахуун” бегөед глюкоз хэлбэрээр бидний бие организмд нэвтэрч ордог. Анагаах ухаанд гарсан сүүлийн үеийн нээлтүүд элсэн чихрээс үүдэлтэй гэх зарим хор уршгийг няцааж байна.
Америкийн чихрийн шижинтэй тэмцэх холбооныхны гаргасан дүгнэлтээр чихрийн шижин өвчнийг элсэн чихэр үүсгэдэг нь батлагдаагүй тул өвчтэй хүмүүст тавьдаг элсэн чихрийн хоригийг “цуцалжээ”. Ямар ч хүнсний зүйл нүүрс ус агуулдаг. Нүүрс ус хүний биед ороод глюкоз болж хувирах бөгөөд энэ нь чихэр, зүсэм талхны алинаас ч үүссэн байж мэднэ.
Иймээс дан ганц элсэн чихрээс цусан дахь глюкозын хэмжээ нэмэгддэггүй байна. Элсэн чихрээс болж таргалдаг гэлцдэг. Амтлаг зүйл хэт ихээр хэрэглэвэл үнэхээр таргалж мэднэ. Гэхдээ таргалах нь тослог ихтэй хоол тэжээлтэй холбоотой. Тиймээс хэт тослог бүтээгдэхүүнээс болгоомжлох хэрэгтэй.
Элсэн чихрээс болж бид шүд хорхойтдог гэж ойлгож ирсэн. Гэвч мөнхийн юм гэж энэ дэлхийд үгүй аж. Шүдний эмч нар хүртэл 20 жилийн өмнөхийг бодвол элсэн чихрийн хэрэглээнд арай зөөлөн хандаж эхэлсэн байна. Элсэн чихэр шүдэнд муу нөлөө үзүүлэх боловч хэрэглэхээс зайлсхийх бүтээгдэхүүн биш.
Гол нь яаж хэрэглэхээс л бүх зүйл шалтгаална. Тодорхой цагт иддэг үндсэн хоол ундныхаа завсарт чихэрлэг зүйл идэхгүй байвал дээр. Ингэж чадвал аман дотор нянгийн үйлчлэлээр элсэн чихэр нь шүдний пааланг гэмтээдэг хүчил болж хувирах явцыг хязгаарлана. Танд л гэж хэлэхэд чихэрлэг амтгүй төмсний гурил хүртэл шүлсний нөлөөгөөр глюкоз болж задардаг байна.
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
URL: