Гурван сайд эдийн засгийн алуучдын гар хөл болсон уу?

Монгол Улсад эдийн засгийн алуурчид шургалжээ. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гэрээ “Колончлолын гэрээ” болсон уу хэмээн ТВ-9 телевизийн “Ардын парламент” шууд нэвтрүүлгээр дээрх асуудлыг хөндөв. Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, С.Эрдэнэ, уул уурхайн доктор С.Авирмэд, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нар оролцжээ.
Оюутолгойн гэрээ батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд манай улсад ашиг өгөх нь битгий хэл өрийн дарамтад орох суурийг тавиад буй. Гэхдээ энэ нь эдийн засгийн алуурчдын эртнээс бэлтгэсэн ажиллагаа биш байгаа гэсэн хардлагыг төрүүлэх болжээ.
Эдийн засгийн алуурчин гэдэг нь газрын хэвлий дэх баялаг ихтэй орныг эхлээд сонгоно. Улмаар төр засагтай нь хуйвалдаж, тэднийг худалдаж авсанаар үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг байна. Ингэхдээ тухайн улсыг нэн тэргүүнд баялгийг нь барьцаалан өрийн дарамтад унагана. Өрөнд идэгдэж хүчгүйдсэн төр баялгаа шуудхан гадныханд хандивлаж орхино. Үүнийг эсэргүүцсэн иргэний хөдөлгөөн босвол хамгаалж байгаа нэрийдлээр цэргийн хүч тус улсад оруулсанаар колончлол бий болдог аж.
Цагтаа Африкийн бараг бүх орон өнөөдрийн Оюутолгой шиг олон тэрбум ам.долларын нөөцтэй байжээ. Харамсалтай нь тэд баяжих нь битгий хэл, өртэй, нүхтэй л үлдсэн. Бас дайнтай. Үүнийг хэдхэн жилийн дотор өнөөх эдийн засгийн алуурчид үйлдсэн гэдэг. Мөн гадаадын цэргүүдэд эмэгтэйчүүд нь хоолны мөнгөөр биеэ үнэлж, эрчүүд нь тэднийхээ орлогыг хураадаг кассчин болж хувирдаг байна.
Энэ замаар замнасан Вьетнам, Камбож, Лаосыг дурьдаж болно. Мөн Саудын Араб, Панам, Колумб, Эквадор, Кувейт, Иран, Венесуэл гээд “алуулсан” орнууд үргэлжилнэ.
Манай улс ч тэдний араас орсныг дээрх эрхмүүд тодотголоо. Оюутолгойн гэрээг үзэглэхийн тулд тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар Монгол Улсын олон хуулийг уландаа гишгэн байж баталсан. Үгүй наанадаж гэрээ 2009 оны дөрөвдүгээр сарын 6-нд хүчин төгөлдөр болох байв. Гэтэл өмнөх өдөр нь чуулганы хуралдаан болох гээд байсан тул хугацаанаас нь өмнө хүчин төгөлдөр болгосон. Энэ бол энгийн жишээ.
Түүнчлэн “Айвенхоу майнз” хэмээх толгой компанитай нь бус “Айвенхоу майнз Инк” охин компанитай нь гэрээ хийснээс болж олон улсын хөрөнгийн бирж дээр Оюутолгойн хувьцаагаар IPO хийж өчнөөн тэрбум ам.доллар босгож буй ч манайд нэг ч цент орсонгүй. Сүүлийн үеийн мэдээгээр 800 тэрбум ам.доллар босгосон талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлэв.
Өдгөө алуурчдын өгөөшийг ч үмхжээ. Үүний илрэл нь орд газрын урдчилгаа нэрийдлээр орж ирсэн 250 сая ам.долларын өр юм. Намуудын бэлэн мөнгөний амлалтаас үүдэлтэй хэл амыг дарахын тулд Оюутолгойн урьдчилгаа 250 сая ам.долларыг ёслол төгөлдөр гардсан. Гэтэл үнэн чанартаа урт хугацааны, хүүтэй өр байсан нь тодорхой болов. Энэ өрөө яах вэ гэж суух зуур Тавантолгойн урьдчилгааны талаар ам нээх боллоо. Ирэх оны төсөвт амлалттай холбоотой 804 тэрбум төгрөг шаардлагатай. Үүний 395 тэрбум төгрөг нь Оюутолгойн урьдчилгааны үлдэгдэл. Харин үлдсэн 400 гаруй тэрбум төгрөгийг Тавантолгойгоос зээлнэ хэмээн том дуугарах болов. Үүнээс үзэхэд эдийн засгийн алуурчдын гар хөл хэдийн бэлтгэгдсэний шинж хэмээн дээрх нэр бүхий эрхмүүд дүгнэсэн юм.
МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар “Гадаадынхан танай хэдэн ажилчнаар хог шүүрдүүлж буян үйлдэе гэж тохуурхаж байхад манайхан баярлалаа гээд тосоод гүйж байх юм. Төрийн эрх баригчид албан тушаалтай байгаа дээрээ стратегийн 15 ордыг бүгдийг нь идэж бардаггүй юм аа гэхэд тавыг нь “халаасалчихаад” буух санаатай байх шиг байна” гэв.
Зэсийн үнэ тэнгэрт хадсан энэ үед Оюутолгой ердөө 2-3 жилийн дотор л хөрөнгө оруулалтаа нөхчих боломжтой гэж Д.Ганхуяг гишүүн тодотгов. Харамсалтай нь манай улс 30 жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөхөөр гэрээгээ үзэглэчихсэн. Анх оруулж ирсэн хуулийн төслөө батлуулсаныхаа дараа сэмхэн засвар хийсний гай. Тэр ч бүү хэл, Ашигт малтмалын тухай хууль дахь тусгай зөвшөөрөл эзэмшигч гэдгийг орд эзэмшигч гэж өөрчилсөн байх жишээтэй. Мөн урьдчилгаа төлбөр, зээлийн урьдчилгааг хольж хүмүүсийн толгой эргүүлэх болсныг ч тэрбээр онцолсон юм.
Оюутолгойн гэрээ үзэглэгдэхээс өмнө УИХ-аас Засгийн газарт боломжийн саналууд тусгах хэрэгтэйг анхааруулсан ч авч хэлэлцээгүй. Өнөөдөр Тавантолгойн гэрээ ч мөн адил хийгдэх байдал ажиглагдах болжээ. Тавантолгойн ТЭЗҮ нь одоо болтол тодорхойгүй. Нөөц нь тогтоогдоогүй атал “Энержи ресурс” компанид бялуу хувааж байгаа юм шиг л таслаад өгчихөв. Хэдийгээр эдэлбэр газрын дөрвөн хувийг гэж байгаа боловч үүнд нь Тавантолгойн орд газрын коксжих нүүрсний 20 гаруй хувь оршиж байх жишээтэй. Иймэрхүү байдлаар   эдийн засгийн алуурчдын бахыг хангаж эхэлжээ.
Нидерланд улсаас 20-оод жилийн тэртээгээс тусламж, хандив, өргөл барьц их барьсан. Энэ хугацаанд манай улсаас ямар нэгэн зүйл нэхээгүй учир эрх баригчид ч алгаа тосоод л аваад байв. Үнэгүй юм гэж хаана ч байхгүй. Үүний жишээ нь дээрх байдал. Ядуу орон манайд ингэтлээ хайр зарлаж наалдах болсны тод жишээ нь холыг харсан их санаархал байж.
Одоо Канад улстай хөрөнгө оруулалтыг хамгаалах гэрээ байгуулах талаар яригдах болсон. Энэ нь өнөө л ногоон малгайтнууд манайд хүч түрэн орж ирэхийн тохио хэмээн С.Авирмэд доктор онцолсон юм. Тэрбээр “Оюутолгойн гэрээний хариуцлагыг С.Баяр хүлээнэ гэж байсан. Одоо хүлээх байлгүй. Харин би хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээх болно” гэв.
Мөн улсаа худалдсан дээрх нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага тооцох цаг ирнэ гэдгийг ч анхааруулав. Түүнчлэн ийм байдал үүсчихээд байхад Тагнуулын ерөнхий газрынхан хаана юу хийж явааг ч С.Ганбаатар лавлаж байлаа. Улс орон мөхлийн ирмэг дээр тулж, гацсан энэ үед нийтээрээ ширээний ард сууж, ний нуугүй ярилцаж, хамтдаа гарц хайхыг ч тэрбээр хүслээ. Нүхэнд орсноо мэдсэн бол нүх ухахаа зогсоо гэдэг. Гэрээг сайжруулах, засаж залруулах ажлыг хамтдаа хийхийг уриаллаа.

Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих