Херлуф Бидструп: Түүний хошигнол ямар ч хил хязгаарыг үл мэднэ
Херлуф Бидструп… Энэ нэрийг сонсоогүй, бүтээлүүдийг нь үзээгүй хүн ховор биз ээ.
Данийн алдарт шог зураач тэрбээр тухайн үеийнхээ нийгэм-улс төр, хүмүүсийн аж байдлыг элэглэл, шог зургуудаараа гайхалтай илчилж байжээ.
Тэрбээр Данийн иргэн боловч түүний хошигнол ямар ч хил хязгаарыг үл мэднэ. Түүний хөгжилтэй, эмгэнэлт инээдмийн зурган түүхүүд нас, үндэс, нийгмийн давхаргаас ч үл хамаардаг байв.
Херлуф Бидструп (Herluf Bidstrup) 1912 оны есдүгээр сарын 10-нд Германы Берлин хотноо төржээ. Түүний аав Дани гаралтай хүн байсан бөгөөд зураач, чимэглэгчийн ажил хийдэг байж. Дэлхийг тойрон аялж байхдаа Херлуфийн ээжтэй танилцаж удалгүй ирээдүйн алдартай шог зураач мэндэлсэн байна.
Бидструп багаасаа зураг зурж эхэлжээ. Анхны багш болоод шүүмжлэгч нь түүний эцэг байв.
Гэтэл дэлхийн нэгдүгээр дайны үед эцгийг нь тагнуулын хэрэгт сэжиглэн баривчилсан байна. Улмаар шоронгоос суллагдсаны дараа гэр бүлээрээ Дани руу нүүжээ.
Бидструп ахлах сургуульд байхдаа зургийн сургуульд давхар сурч эхэлсэн байна. Энэ нь ирээдүйд урлагийн академид элсэн ороход зайлшгүй шаардлагатай бэлтгэл байв.
1931-1935 онуудад тэрбээр Копенгаген дахь Эзэн хааны нэрэмжит урлагийн академийн сургуульд суралцав. Оройн цагаар захиалгын зураг, чөлөөт цагаараа гудамж, галт тэрэг, кафе, хоолны газраар явж, хүмүүсийн хөргийг зурдаг байж. Мөн урлагийн академийг амжилттай төгссөний дараа үндсэн ажлынхаа хажуугаар дугуйн уралдаан тэмцээний зар сурталчилгааны зураг зурдаг байжээ.
Бидструпийн бүтээлүүд улс төрийн элэглэл болон инээдмийн тойм гэсэн хоёр чиглэлд хуваагддаг. Түүний зургууд эцэг эх хүүхдийн, дарга албан хаагчийн, хосуудын гээд л нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн хоорондын харилцааг харуулдаг байв.
Зураачийн урын санд 5000 гаруй зураг байдаг бөгөөд түүний бүтээл удаа дараалан ЗХУ, Дани, ОХУ болон бусад улс оронд хэвлэгдэн гарчээ.
1964 онд Херлуф Бидструпийг “Ард түмний энх тайвны одон”-оор шагнасан байна.
Тэрбээр 1988 оны арванхоёрдугаар сарын 26-нд Данийн Аллеред хотод насан өөд болжээ.
Зураачийн шог зургууд хүмүүст амьдрал тэмцлийг ухааруулахыг зорьсон байдаг бөгөөд бүтээлийн цаад санааг ойлгосноор хүн өөрийн аж амьдралын болон эргэн тойрондоо байгаа хачин сонин, шог, эмгэнэлтэй байдлыг эргэн харж, эргэцүүлэн бодоход хүрдгээрээ гайхалтай…
Хэрэв та өдөр тутмын асуудлаасаа бага ч болов хөндийрч, оюуны алжаалаа тайлахыг хүсвэл хэдхэн минутыг Бидструпийн нөхөрсөг шог бүтээлд зарцуулахад хангалттай юм.
Эх сурвалж: Дээжис сэтгүүл
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Personne morte.