Цагдаагийн шинэ хувцас УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнгийн бизнес үү
Х.Тэмүүжин сайд цагдаа нарын хувцсыг сольж өгөөд удаагүй байна. Ингэснээр хэв загваргүй, хэлбэр загваргүй хувцас цагдаа нарт өмсүүллээ хэмээн цахим ертөнцөд нэг хэсэгтээ л гоочлуулсан. Хариуд нь тэрбээр “цагдаа нарт үүрэг гүйцэтгэхэд саад болохооргүй хувцас чухал” гэх тайлбарыг өгөөд байлаа.
Үүнээс гадна Х.Тэмүүжин сайдын шинэчлэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжээгүй гэх томоохон шүүмжлэлд өртсөн юм. Учир нь дээрх хувцсыг Турк улсад оёулсан. Үндэсний гэх “Бөртэ” үйлдвэр сул зогсолт хийж байхад Туркт хувцас оёуллаа гэхэд мөн л “чанартай” гэдэг тайлбар хийж байв. Гэвч дан ганц чанартай болохоор нь Туркт оёулаагүй аж. Тодруулбал, цагдаа нарын шинэ хувцас УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнгийн бизнес байжээ. Р.Эрдэнэбүрэнгийн тухайд өдгөө БШУ-ы сайдаар ажиллаж буй Л.Гантөмөрийн удирддаг “Нэг ардчилал” фракцийн гишүүн. Өөрөөр хэлбэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тэр хоёр нэг фракцийн нөхөд гэсэн үг.
Үүгээр ч зогсохгүй гишүүн асан Р.Эрдэнэбүрэн 1993-1998 онд “Анкара” их сургуулийн хуулийн факультет төгссөн Турктэй ойр нэгэн. Тиймээс л Х.Тэмүүжин сайд Туркт ойр фракцийн нөхөртөө цагдаагийн шинэ хувцасны бизнесийг даатгасан байна. Өмнө нь сайд “Смарт слюшин” гэх төхөөрөмжийг ч бас найздаа даатгаж байсан. Ямартай ч УИХ-ын гишүүний туслах хийж яваад УИХ-ын гишүүн болж чадсан азтай нөхөр гэгддэг Р.Эрдэнэбүрэн парламентын суудлаас буусан ч сайдын нөмөрт яваа бололтой.
Б.Мөнхжин
ЦАГ
URL: