Шүүх эмнэлгийн эмч нарыг АТГ-т шалгаж байна

527-1397787217atg2Ердөө л өнгөрсөн долоо хоногт зам тээврийн ослоор амиа алдсан 37 хүүхдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн, тэдний өнөөдөр сууж байх ёстой сурагчийн хоосон ширээг Эрх чөлөөний талбайд засч цаашид ийм осол гаргахгүй байхыг анхааруулж сэрэмжлүүлсэн арга хэмжээ зохион байгуулсан нь олон хүнд нэгийг бодуулж, аюулаас сэргийлэхийг сануулсан буй за.

Гэвч өнөөдөр ч гэсэн алиа бяцхан үрсийн маань амь нас, эрүүл мэндэд аюулт осол хаанаас ч заналхийлэм аюул нүүрлэсэн хэвээр л байна. Хичээлдээ явж байгаа балчир охины дээрээс төмөр унаж амийг нь авч, сургуулиасаа гүйгээд гарсан хэний ч хүүхдийг “автын осол” хэмээх гамшиг нөмөрч магадгүй байгаа нь гашуун бөгөөд маргашгүй үнэн.

Ийн сэрэмжлүүлж, анхааруулсаар атал өнөөдөр ч бяцхан үрс маань амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа. Томчуудын хэнэггүй, хүн чанаргүй үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохироод байгаа нэгэн хүүгийн ээж ч мөн энэ аюулаас сэргийлэхийг уриалан бидэнтэй ярилцсан юм.

Түүний 13 настай хүү өнөөдөр эрүүл мэнд, ирээдүйгээрээ хохирчихоод байхад осол гаргасан буруутан ямар ч ял зэмгүй, тэр бүү хэл тангараг өргөсөн эмч нар ч үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа талаар, магадгүй манай өнөөдрийн нийгэмд бугшсан хор болоод байгаа эмгэнэлийн талаар хүүгийн ээж Ч.Тунгалаг ярьж байна.

-Осол гарснаас хойш та бүхэн хүүхдээ эмчлүүлэн бас нэлээд хугацаа өнгөрсөн юм байна. Гэхдээ одоо хүүхдийн тань ямар байна?

-Осол 2013 оны наймдугаар сарын 30-ны өдөр гарсан. Тэр өдөр манай хүү хичээлийн шинэ жилдээ бэлтгэхээр ангийнхаа гурван хүүхэдтэй сургууль руугаа явах гэж байсан. Гэтэл хурдтай явахыг хориглосон хороолол дундын зам, “Зогс, хүүхэд” гэсэн анхааруулах бичигтэй газар буюу I хорооллын 20 дугаар байрны хойд зам дээр Д.Дэжид гэх эмэгтэй H.CRV маркийн 40-91 УНГ улсын дугаартай машинаараа мөргөж, хүү маань найман метр гаруй шидэгдсэн.

Эмнэлэг дээр очихдоо хүү маань баруун хөл, зүүн гар нь хугарч, мэдээгүй болчихсон, хоёр шүд нь хугарч унахдаа уруулыг нь сэт цохичихсон, уруул нь ямар ч мэдээгүй унжсан үнэхээр аймшигтай байсан. Тухайн үед Гэмтлийн эмч нар ч гэсэн ийм хүнд хүүхдийг хүлээж авахгүй, хувийн эмнэлэг рүү яв гэхээр нь “Авецина” эмнэлэгт очсон л доо.

Дараа нь үнэхээр болохгүй юм байна гээд Гэмтлийн эмнэлэг рүүгээ буцаж, 2013 оны аравдугаар сард Тайландын эмнэлэгт очиж эмчилгээ шинжилгээ хийлгэж байж, нэг чих нь огт сонсголгүй болж, нөгөө чихний сонсгол 60-75 хувийн алдалттай байгааг оношлуулсан. Эрүүл саруул хүү маань сонсголоо алдчихаад байхад хүртэл шүүх эмнэлэг гэмтлийн зэргийг нь бууруулж тогтоосонд үнэхээр гомдолтой байна.

Чихний сонсгол цаашилбал тэнцвэрийн эрхтэн, сэтгэцэд ч нөлөөлөх магадлалтай гэсэн онош гарсан учраас бид үнэхээр их санаа зовж байна. Түүнээс гадна Бумрунгранд эмнэлгийнхэн тархины гэмтлээс үүдэн цаашдаа унадаг, татдаг болж болзошгүй гэж оношилж анхааруулсан.

Үнэхээр ч хүү маань гэнэт сургууль дээрээ ухаан алдаж унаад, одоо эмнэлэгт хэвтэж байна. Цаашдаа бүр хүндрэхийг ч үгүйсгэх аргагүй шүү дээ.

-Ослоос үүдэлтэй гэмтлийн хор урхаг нэлээд хожуу илэрдэг ч гэдэг?

-Тийм ээ, хамгийн гол нь бид үүнд л их санаа зовж байна. Хүүгийн маань ам одоо ч далий. Сайхан хүү маань сургууль дээрээ ухаан алдаж унасан, харин ухаан оронгуутаа: “Ээжид маань хэлж болохгүй эмнэлэгт хэвтэж байгаа, санаа нь зовчихно, аав гадаад явсан” гэж сургуулийн эмчдээ хэлсэн байгаа юм.

Дээр би хэлсэн, сонсголын эрхтэн тэнцвэр, сэтгэцэд нөлөөлдөг гэж. Одоо бол хүүд маань чихний дун солих хагалгаа хийх шаардлагатай байгаа. Мөн хөл, гар нь өсөлтийн зон хэсгээрээ гэмтсэн. Энгийн хэллэгээр бол өсөлтийн зон гэж маш нимгэхэн ялтас байдаг. Үүнд гэмтэл яаж нөлөөлснийг одоо хэлэх аргагүй, алсуураа илэрч гарч ирдэг юм байна.

Хүүгээ эмчлүүлж явахдаа би одоо 30 гарсан залуугийн ээжээс ийм гэмтэл ямар их хор хөнөөлтэй байдгийг сонсч, мэдэж аваад бүр ч их санаа зовж байна. Тэр залуу миний хүү шиг л 13 насандаа осолд орж, өсөлтийн зонд нөлөөлсөн, тухайн үедээ юу ч мэдэгдэхгүй байснаас 17, 18 наснаасаа хөл нь далийж эхэлсэн.

Цаашид хөл, нуруунд нь нөлөөлсөөр одоо тахир дутуу доголон хүн болчихсон байна. Тэгэхээр хүүгийн маань хувь, заяа, ирээдүй ямар болох бол гэдэгт би үнэхээр их санаа зовж байна. Би эх хүний хувьд хүүгийнхээ төлөө зүтгэхгүй бол намайг өнөөдөр ээж гэж нэрлэх ч хэрэггүй.

Өнөөдөр хүүхдээ ийм болгочихсон цаашид хувь заяа нь яаж эргэхийг ч мэдэхгүй байгаа миний энэ сэтгэлийг эх хүн болгон ойлгох байх гэж бодож байна. Миний хүү бүжгээр хичээллэдэг, БНХАУ-д очиж аялан тоглолт ч хийж байсан, сэргэлэн цовоо, авьяастай хүүхэд.

Гэтэл одоо хөл, гар нь сайн хөдөлдөггүй, чих нь дүлий, уруул нь далий болчихсон. Энэ нь шилжилтийн насны хүүхдийн сэтгэл санаанд ч нөлөөлж байгааг би эх хүний хувьд мэдэрч, шаналж, сэтгэл шимширч сууна. Тийм болохоор би хүүхдийнхээ төлөө чадах бүхнээ хийх ёстой.

-Та шүүх эмнэлгийн эмч нарыг буруу дүгнэлт гаргасан гэсэн гомдолтой байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Би үнэхээр гомдолтой байгаа. Тийм ч учраас энэ хэргийг шалгаж өгнө үү гэж Авлигатай тэмцэх газар болон Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хандаад байгаа. Миний хүүг гэмтсэнээс нь хойш арав гаруй хоногийн дараа шүүх эмнэлгээс Туяа гэж эмчийг томилсон байтал Эрдэмболор гэж залуу ирсэн.

Тэгээд дараа нь “Хохирогчийн биед учирсан гэх баруун чихний сонсголгүй болсон, мөн зүүн чихний сонсгол буурсан зэрэг нь гэмтлийн гаралтай эсэхийг тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт гаргасан. Эрдэмболор эмчийг манай хүүхдийг үзэхээр ирэхэд осол гаргасан Д.Дэжид гэдэг эмэгтэй ундаа оруулж ирж өгчихөөд л гарч л байсан.

Шүүхээс таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах захирамж гаргаад байхад гурван эмчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Шүүхээс дахин шаардсаны эцэст 2014 оны хоёрдугаар сарын 21-нд 156 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан. Ингээд одоогоор энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгочихоод байна.

Хүмүүсийн дунд хуулийн байгууллагынхны алдаа завхралын тухай янз бүрийн яриа гарч л байдаг. Би үүнд арай ч үгүй байлгүй гэж итгэдэггүй л байсан. Гэтэл миний хүүгийн оношийг Тайландын Бумрунград эмнэлэгт оношлон тогтоож, миний зүгээс өмнө нь эрүүл байсан, бүр багаасаа хөтөлж байсан эрүүл мэндийнх нь карт зэргийг бүрдүүлж өгөөд байхад ийм дүгнэлт гаргасан.

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн хамтарсан тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох заавар”-т нэг чих бүтэн сонсгол алдсан, нөгөө чих 65 хувиас дээш сонсгол алдсан бол гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг юм билээ. Гэтэл шүүх эмнэлэг ингэж дүгнэлт гаргаж байгаа нь Д.Дэжидийн хэргийг хүндрүүлэхгүй гэж үгсэн хуйвалдсан санаатай үйлдэл гэж үзэж байгаа учраас АТГ-д хандан хэргийг шалгаж өгөх хүсэлтээ гаргасан.

                                                                                                                                 Д.Дэжид
-Хүүг тань гэмтээсэн Д.Дэжид гэдэг хүн тантай уулзсан уу, хүүг тань эргэж тойрсон уу?

-Хүүг гэмтээснийнхээ маргааш хөдөө явчихсан байсан. Эхний 10 хоногт 2-3 удаа ирсэн. Би аливаа зүйлийг баримт нотолгоотой ярих нь зүйтэй гэсэн зарчимтай хүн. Би Д.Дэжид гэдэг хүнийг муу, муухай хүн гэж харагдуулж, мууг нь үзье, заавал яллаж, шийтгүүлье гэж байгаа юм биш.

Гол нь миний хүүг гэмтээчихээд энэ хүн жаахан ч гэсэн юм бодоосой, хууль хяналтынхан нь ном журмынх нь дагуу шударга хандаасай л гэж хүсч байна. Д.Дэжид гэдэг эмэгтэй анх өөрийгөө ажилгүй гэж хэлж байсан. Сүүлд бидний олж мэдсэнээр манай нэртэй рестораны сүлжээ болох “Модерн Номадс”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, одоо ч зөвлөхөөр нь ажилладаг сурагтай.

Магадгүй тэр хүн сайн удирдагч, сайн хүн байх. Гэхдээ л хүүг маань ингэж гэмтээж, хувь заяагаар нь тоглочихоод хүний сэтгэл гаргахгүй байгаад гомдолтой байна. Анх мэдүүлэг өгөхдөө хүүг маань “Утсаар яриад маш хурдтай гүйж гарч ирсэн” гэж мэдүүлсэн байсан. Замын цаад талд хүүг маань хараад зогсч байсан гурван найз нь “Утсаа баруун халаасандаа хийчихээд бидэн рүү гараараа дохьсон” гэж баталсан.

Бас сүүлд нь осол гарсны дараа утсаараа яриад машиндаа суугаад байсан. Осол гарахыг харсан хүн энэ байдлыг нь хараад дургүйцэж ,”Чи хүүхэд дайраад алчихлаа шүү дээ гараад ирээч” гэж хашгирч бухимдаж сүйд болсон юм байна лээ. Тэгсэн тэр өвгөний хацрыг маажсаныг би сүүлд мэдсэн. Тэр өвөө ч маш их гайхсанаа надад дараа нь ярьсан.

Хамгийн гол нь би хүүгийнхээ ирээдүйд л маш их санаа зовж байна. Тийм ч учраас юуны түрүүнд төрийн тангараг өргөсөн шүүх эмнэлгийн эмч ямар учраас дүгнэлтийг ингэж гаргав гэдгийг шалгуулахаар гомдлоо гаргалаа. Өнөөдөр ч хүү маань ухаан алдаж унаж, цаашид бие нь хэрхэх нь мэдэгдэхгүй байгаа учраас би энэ хэргийн үнэн мөнийг шийдтэл өөрийнхөө чадах бүхнийг хийнэ.

Зөвхөн энэ хэрэг ч гэсэн өнөөдөр мөнгөтэй чадалтай хүн бол юу ч хийсэн болдог, төрийн нэрийн өмнөөс үүрэг хүлээсэн албан хаагчид ямар булхай хийж болдгийг харуулж байна. Тэр утгаараа ч иргэд бид өөрсдөө үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэ бүхэнтэй тэмцэх ёстой юм шүү гэдгийг харуулж байна. Тийм учраас би хуулийн байгууллагад хандаад байгаа. Эх хүн болгон миний энэ сэтгэлийг ойлгох байх аа гэж найдаж байна.

У.Мичид

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих