Бид МАХН-ыг шинээр эмхлэн байгуулна

МАХН-ын нэрийг солих үеэр тус нам дотор байгуулагдсан “Шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө” хөдөлгөөний гишүүн Н.УДВАЛААС цөөн асуултад хариулт авлаа. -Та саяхан болж өнгөрсөн МАХН-ын XXVI их хурлыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Урьдаас төлөвлөж, дэглэсэн ёсоор л болсон. Их хурлаас өмнө уугуул нэрээ сэргээнэ гэж гишүүдийнхээ дунд бөөн шуугиан дэгдээчихээд, яг тогтоол гаргах мөчид Улс төрийн намын тухай хуулийн 15.2-т заасан нэгдэж нийлсэн гэдэгтэй утга дүйцэж байгаа учраас нэрээ өөрчилж байгаа гэсэн тайлбар өгсөн. Энэ нь үндсэндээ улс төрийн шинэ нам байгуулсан гэсэн үг. Тиймээс шинээр хуулийн этгээд, шинэ нам байгуулж Улсын дээд шүүхэд нэрээ бүртгүүлэх ангилалд орж байгаа юм.

-Одоо “Шударга ёс, эв нэгдэл, эрх чөлөө” хөдөлгөөний зүгээс ямар алхам хийх вэ?

-Үнэнийг хэлэхэд би МАН болсноос хойш хуралдаа нэг ч удаа суугаагүй. МАХН эзэнгүй боллоо. Намын дарга, бүлэг, Засгийн газар, Бага хурал ч үгүй болчихлоо шүү дээ. Тиймээс хуучин намаа сэргээж авна. МАХН хэвээрээ байгаа, намаасаа гараагүй бидний хэсэг хүн цуглаад яах ийхийгээ яриад л сууж байна. УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАН-д элсэхгүй гэдгээ мэдэгдсэн байна лээ. МАН-д элсээгүй хэсэг хүнтэй нийлээд штаб байгуулсан гэсэн. Бид штабт нь орж ажиллаж, МАХН-аа дахин эмхлэн байгуулна. Намаа хуучин байсан байранд нь аваачна.

-Яаж хуучин байранд нь аваачна гэж. МАХН-ын буурийг сахиж үлдэх боломжгүй гэж намын удирдлагууд хэлсэн байсан. Та сонссон биздээ?
-Харин ч үгүй. Хуучин намынхаа буурийг сахиж үлдэх эрх бидэнд нээлттэй бий. Бид бууриа сахиж үлдэнэ. МАХН-даа үлдэх олон зуун жирийн гишүүн бий. Тэд намын          гишүүнчлэлээ солиогүй, солих ч үгүй гэсэн байр суурьтай байгаа.

-МАХН, МАН биш гэж та үзэж байгаа юм байна, тийм үү?
-Нэрээ өөрчлөх эрх зүйн үндэс нь хуульд байхгүй. Хуулийг тайлбарласан Дээд шүүхийн тайлбарт ч байхгүй. Тиймээс МАН-ыг хууль зөрчиж байгууллаа. МАХН үйл ажиллагаагаа зогсоогоогүй, өөр намтай нэгдэж нийлээгүй. Тиймээс хууль бус шийдвэр гаргасан. Энэ нь маш олон зөрчил, маргаантай асуудлыг араасаа дагууллаа.

М.Алтанцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих