Бостоны марафон болох бүс орчмоос сэжиг бүхий хоёр үүргэвч олджээ
ВАШИНГТОН. /ВВС/. Энэ оны Бостоны марафон болох бүс орчмоос мягмар гарагт сэжиг бүхий хоёр үүргэвч олджээ. Цагдаа нар тэдгээрийг устгасан байна.
АНУ-ын зүүн нутгийн тус хотын төвийн зам дээрээс үүргэвч олдсон тухай мэдээлэл мягмар гарагийн шөнө цагдаа нарт иржээ. Тодруулбал, ирэх долоо хоногийн даваа гарагт болох уг уралдааны барианы зурвасын ойролцоогоос хоёр цүнх олджээ. Харин тэсрэх төхөөргийг аюулгүй болгох цагдаагийн хэсгийнхэн үүргэвчүүдийг хэдхэн цагийн дараа устгасан байна. Хоёр үүргэвчний нэгэнд нь будаа агшаагч байсан гэнэ. Гэхдээ ямар нэг тэсрэх төхөөрөг байгаагүй аж.
Үүргэвчүүдийг орхиж явсан этгээдийг баривчилсан гэж цагдаа нар мэдэгдлээ.
Тус бүс орчмыг түр хаасан байна. Хүн гэмтэж бэртсэн гэсэн мэдээлэл алга.
Нүдээр харсан гэрчийн хэлснээр, сэжигтнэн хар хувцастай байсан бөгөөд алхаж, хашгирч байжээ. Жилийн өмнөхтэй адил хэрэг болох вий гэж эмээж байна гэж гэрч хэлсэн юм.
Өнгөрсөн жилийн Бостоны марафоны үеэр болсон дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ тус хотод мягмар гарагт болсон. Уг арга хэмжээнд тус улсын дэд Ерөнхийлөгч Жо Байден оролцсон билээ. Дэлбэрэлтэд гурван хүн, тэдний дотор найман настай хүү өртөн амь үрэгдэж, 260 гаруй шархадсан юм.
Г.Доржханд
URL: