Хүүг зодсон гэх багшийг ажлаас нь халжээ
Энэ сарын 8-нд буюу өнгөрсөн мягмар гаригт Баянзүрх дүүргийн XV хороо, Баянзүрх хотхоны 106 дугаар байрны хоёрдугаар давхарын цонхноос бага насны хүүхэд унах гээд байна гэсэн дуудлага 13:07 цагт Нийслэлийн онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу Аврах ангийн Аврах шуурхай салбарын бүлгийнхэн очиж, дээд давхарын айлын цонхоор нь дамжин ороход хоёр настай эрэгтэй хүүхэд цонхныхоо тавцан дээрээ гарч зогссон байсныг буулгаж, амийг нь аварч хамгаалсан байна. Яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж авахаар тус байрыг зорилоо.
Тэр өдөр аав, ээж хоёр нь хүүгээ унтуулчихаад ажилдаа явсан байна. Гэтэл хүү нь сэрээд аав, ээжээ байхгүйг мэдээд сандал давхарлан тавьж байгаад ц0нхон дээрээ гарчээ. Харин цонхных нь дээд талын жижиг дөреөлжин онгорхой байсан тул хүүхэд тэр цонхоор толгойгоо гаргаж уйлжээ. Харин гадуур нь явж байсан хүмүүс харж хүүг “Цаашаа ор” хэмээн аргадаж, гуйж ядаад Онцгой байдлынхныг дуудсан байна. Ингээд ээж, аавтай нь холбогдох боломжгүй, утасных нь дугаарыг мэдэхгүй тул Онцгой байдлынхан болсон бүхнийг бичээд, хүүгээ орж аваарай гэх утгатай захиа гэрт нь үлдээн, хажуу айлд нь орхиод явжээ.
Байрны орчин суугчдын хэлж буйгаар хүү цэцэрлэгт явж байгаад явахаа больсон учраас гэртээ ганцаараа байгаа юм. Хүүг 50 дугаар цэцэрлэгийн багш нар зодсон байна лээ гэв.
Миний хүүг ээж нь харж байгаа
Энэ талаар хүүгийн аав Н.Батбаяртай уулзаж тодрууллаа.
-Танай хүү хэдийнээс 50 дугаар цэцэрлэгт явж эхэлсэн 6э?
-Би Улаанбаатар хотын унаган оршин суугч. Сансарт байр түрээслэдэг байсан юм. Харин одоо Баянзүрх хотхонд байр түрээслэж байгаа. Түрээслэж байсан байрны хэсэгт харьяалагддаг 50 дугаар цэцэрлэгт нэг бүлэг хүүхэд авна гэсэн сургаар ороход эрхлэгч нь биш эмч нь байсан. “Манайх одоо хүүхэд авахгүй. Та утсаа үлдээчих. Эргээд холбогдъё” гэсэн.
Тэгээд хоёр, гурван хоногийн дараа над руу залгасан. “50 дугаар цэцэрлэгээс ярьж байна. Та манай цэцэрлэгт обой наагаад өгч чадах уу. Манай цэцэрлэг нэг, хоёр давхрынхаа коридорын обойг солих гэж байгаа юм. Тэгвэл хүүг чинь цэцэрлэгтээ авъя” гэсэн. Тэгэхээр нь манай хүүхдийг авч л байвал хамаа алга гээд нэг найзтайгаа хамтраад бүтэн гурван өдөр нааж байж хүүгээ оруулж байсан.
-Хүүгээ зодуулсныг анх яаж мэдсэн бэ?
-Есдүгээр сарын 01-нээс манай хүүхэд 50 дугаар цэцэрлэгт явсан. Хүү маань их сэргэлэн, цовоо. Бусад хүүхдүүд цэцэрлэгийнхээ гадна очоод эцэг эхээ явуулахгүй уйлж байхад миний хүү зүгээр л гүйгээд орчихдог байсан. Гэтэл аравдугаар сар гараад ирсэн чинь уйлаад цэцэрлэгтээ явах дургүй болчихсон. Цэцэрлэгт нь хүргэж өгч, авч байхад багш нар нь хүүхдүүдтэйгээ яаж харьцаж байгаа нь мэдрэгддэг л дээ. Бүх хүүхэдтэй мэндэлж харьцдаггүй байсан байж магадгүй. Гэхдээ эхнэр бид хоёрын ажигласанаар миний хүүтэй ерөөсөө дуугардаггүй, хажууд нь байсан өөр хүүхэдтэй мэндлээд сүйд л болдог байсан. Цэцэрлэг гэдэг чинь хүүхдийн хоёр дахь гэр. Тэр хүүхэд цэцэрлэг дээрээ хайр халамж бас л авах ёстой. Орой тарахад нь хүртэл баяртай Мөнх-Ивээлээ гэж байсныг би ердөө сонсоогүй. Ингээд тэрүүхэн үедээ эмзэглээд л явдаг байсан.
-Энэ талаар багшид нь хэлсэн үү?
-Аравдугаар сарын сүүлээр уйлаад, чарлаад цэцэрлэгтээ явах дургүй болоод байхаар багштай нь уулзсан. Та манай хүүхэдтэй их хөндий харьцаад байх шиг санагдаад байна гэдгээ хэлсэн. Тэгтэл намайг учир зүггүй тачигнаж загнаад, ялгаж үзэх иймээ тиймээ зүйл байхгүй гэсэн.
-Гурван удаа зодуулсан гэсэн. Анх аль багш нь зодсон юм бол?
-Багштай нь уулзсанаас хойш нэг их удаагүй арваад хоногийн дараа хүүхдээ цэцэрлэгээс аваад гэртээ ирээд хувцсыг нь тайлж байтал манай хүүхэд бөмбөртөл уйлсан. Гайхаад яасан гэсэн чинь багш зодсон, бүр Б.Ариунболор багш гэдгийг нь хэлсэн. Б.Ариунболор гэдэг нь анги даасан багш нь. Багш нарынхаа нэрийг сайн хэлж чадна л даа. Хэл, амны хөгжил сайн. Бөгсөн дээр зодсон гээд үйлдлээрээ харуулсан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд эхнэртэйгээ хамт дахиад Б.Ариунболортой очиж уулзсан. “Чи хүүхдийнхээ төлөө гомдол гаргаж ирж байгаа эцэг эхтэй яагаад тэгж хандаж байгаа юм бэ. Хүүхэд зодоогүй байсан ч гэсэн багш хүнд тэгж хандах ёс зүй байхгүй биз дээ” гэж хэлсэн. Хүүгээсээ ч тэр даруйд нь аль багш нь зодсон гэхэд хажуудаа зогсож байгаа Ариунболор багшаа заасан.Тэгээд эрхлэгчийг нь дуудаад уулзахад Б.Ариунболор би зодоогүй л гээд байсан. Би эрхлэгчид нь их найдсан. Ямар нэг арга хэмжээ авч, цаашид анхаарах биз гэж бодсон юм. Гэтэл арванхоёрдугаар сард асрагч багш Ц.Чанцалдулам нь дахиад зодсон байсан. Тэр өдөр би хүүгээ авсан юм. Нүд нь улайчихсан байсан л даа. Ариунболор багшаас нь асуухад юм мөргөчихсөн гэсэн. Манай хүүхэд зөндөө юм мөргөөд, хүүхдүүдтэй зодолдоод хазуулчихсан ирдэг л байсан. Хүүхдүүдийн хооронд болсон асуудал гээд хамаагүй орхидог. Тэгээд гэртээ ирээд юмыг яаж мэдэхэв гээд асуусан чинь Чаагий багш зодсон гэж хэлдэг байгаа.
-Эрхлэгчид нь тэр даруйд нь хэлээгүй юм уу?
-Хэлсэн. Гарыг нь үзүүлээд, утсан дээр авсан зургаа ч харуулсан. “Өмнө нь бас ийм асуудал гарсан. Одоо дахиад миний хүүг зодлоо. Та ямар арга хэмжээ авахаа мэдэж байгаа биз дээ” гээд л гарсан. Хоёр долоо хоног цэцэрлэгтээ яваагүй. Энэ хугацаанд цэцэрлэгтээ явах уу гээд янз бүрээр гуйж, аргалж үзээд ч нэмэр болоогүй. Өчнөөн хөдөлмөр болгож цэцэрлэгт оруулсан болохоор сүүлийн өдөр нь эрхлэгч дээр нь очсон. “Манай хүүхэд бүр ингээд халшраад, сэтгэцэд нь хүртэл маш хүчтэй нөлөөлсөн байна. Та багш нартаа ямар арга хэмжээ авсан бэ” гэхэд “Арга хэмжээ аваагүй, Чанцал багш би зодоогүй гэсэн юм бичиж өгсөн” гээд нэг цаас харуулсан. Би тэрнийг нь уншаагүй. “Хүүхэд худлаа ярьдаггүй. Та арга хэмжээ авахгүй бол би хүүхдээ цэцэрлэгээс гаргая” гэхэд уухайн тас гар гар л гэсэн. Өөр юу ч хэлээгүй.
-Та ямар ажил эрхэлдэг вэ. Хүүгээ байнга ингэж ганцааранг нь үлдээдэг юм уу?
-Эхнэр, бид хоёр хувиараа наймаа хийдэг. Мэргэжил боловсролгүй, 40 гаран насны хүмүүсийг ажилд авах газар үнэндээ алга байна, Бүр яалт ч үгүй ажилтай үедээ ганцааранг нь орхихоос өөр арга байдаггүй юм. Байнга ганцааранг нь орхидоггүй юм. Тэгээд ч миний хүү чинь гэртээ ганцаараа уйдахдаа цонхон дээрээ гарч, гаднах байдал, машин тэрэг харж байгаад л хүмүүсийн нүдэнд өртчихсөн байсан.
-Одоо хүүг тань хэн харж байгаа вэ?
-Эхнэр харж байгаа.
Багш нарт зохих хариуцлага тооцсон
50 дугаар цзцэрлэгийн эрхлэгчД.Байгалмаагаас дараахь зүйлийг тодрууллаа.
-Танай цэцэрлэгийн хүү багшдаа зодуулсны улмаас цэцэрлэгтээ явахгүй байгаа гэсэн.Гэртээ ганцаараа байж байгаад цонхноос унах дөхжээ. Хүү хэзээнээс танай цэцэрлэгт явж эхэлсэн бэ?
-Манайх наймдугаар сарын 26-нд нийслэлийн Боловсролын газрын зөвлөмжийн дагуу элсэлтээ авсан. Элсэлтээ аваад дууссаны дараа манай эмч Н.Дулмаа сайн найзын хүүхэд байгаа юм бүртгээд аваач гэсэн хүсэлт тавьсан. Энэхүү хүсэлтийн дагуу нэг ажилчныхаа хүүхдийг авъя гээд авсан байгаа. Тухайн үед манайх цэцэрлэгтээ завсар үйлчилгээ хийж байсан. Багш ажилчид ариун цэврийн өрөө болон унтлагын өрөөг засварласан байгаа. Хүүгийн аав засварт туслан гурван өдөр обой нааж өгсөн. Харин хүүгийн аав Н.Батбаяр хүүгээ их хөдөлгөөнтэй учраас наснаас нь дээгүүр ангид өгмөөр байна гэсэн. Тэгэхэд нь хүүхэд нас, насныхаа ангид явах ёстой. Манайх дөрвөн бүлэгтэй. Хоёр настай хүүхдийн ангид явуул гэсэн. Хоёр настай хүүхдүүдийг Ц.Чанцалдулам, Б.Ариунболор багшийн ангид оруулсан.
-Танд хүүг зодсон гэсэн гомдол анх хэзээ ирсэн бэ?
-Манай цэцэрлэгийн багш нар бүгд мэргэжлийн хүмүүс. Аравдугаар сарын сүүлээр Н.Батбаяр, эхнэр хүүхэдтэйгээ орж ирээд манай хүүхдийг зодлоо гээд манай багш нарт уурласан. Тухайн үед хүүхдийн хажууд маргалдаад яах вэ. Хүүхдээ ангидаа оруулчих, тэгээд ярилцья гэсэн. Түүний дараа Б.Ариунболор багштай уулзахад “Би хүүхэд зодоогүй” гэсэн. Харин дараа нь нэгдүгээр сарын сүүлээр манайх “Дээлтэй монгол” өдөрлөг зохион байгуулсан. Тэр үеэр бас орж ирээд манай хүүхдийн гар хөхөрчихсөн байна. Манай хүүхдийг Чанцалдулам багш зодсон байна гэсэн. Тухайн өдөр Ц.Чанцалдулам багш чөлөө аваад явчихсан байсан юм. Хүүг нарийн юмаар ороолгосон байна гээд байсан. Маргааш нь Ц.Чанцалдулам багштай уулзахад “Би хүүг зодоогүй. Хүүг цайгаа уу гэхэд тоглоод үгэнд орохгүй нулимж, аав ээждээ хэлнэ гээд байхаар нь гарнаас нь бариад сандал дээр суулгасан” гэсэн. Өөр онц болоогүй гэж байгаа. Зодсон бол хамт хүмүүжиж байсан хүүхдүүд нь ч гэсэн хэлнэ шүү дээ. Гэтэл хүүгийн эцэг эх зодсон гээд байгаа. Бидэнд зодож байсан нотлох баримт байхгүй байгаа.
-Хүү хэзээнээс цэцэрлэгтээ очоогүй вэ?
-Өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нөөс эхлээд цэцэрэлэгтээ ирэхээ больсон. Дэлгэрэнгүй бүртгэлээс гуравдугаар сарын 10-наас хасалт хийсэн байгаа. Аав нь манай хүүхэд цэцэрлэгт явахгүй гээд уйлаад байна. Иймээс гурвалсан гэрээгээ цуцалъя гээд цуцалсан. Харин хүүгийн аав Н.Батбаяр би хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд танай цэцэрлэгт обой наасан. Түүнийхээ хөлсийг авъя гээд хүмүүсээр обой наасан хэсгээ хэмжүүлж ажлын хөлсөө хэлсэн. Метр квадратыг нь 300 мянгаар бодож манайхаас 450 -500 мянган төгрөг авна гэж нэхсэн.
-Танайх мөнгийг нь өгсөн үү?
-Тухайн үед учрыг нь хэлээд цэцэрлэгээс мөнгө гаргаж өгөх боломж байхгүй гээд хувиасаа 200 мянган төгрөг өгсөн. Энэ 200 мянган төгрөгөө өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд дансанд хийсэн.
-Танай цэцэрлэгт өмнө нь ийм асуудал гарч байсан уу?
-Гарч байгаагүй. Тухайн үед хурал дээр хоёр багштаа сануулж хэлж байсан. Мөн Батбаяртай уулзаж хоёр багшдаа арга хэмжээ авахаар төлөвлөсөн байгаа. Арга хэмжээ авахаар таньд мэдэгдэнэ гэж хэлсэн. Гэвч намайг удаа дараа хариу мэдэгдсэнгүй гээд байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулиндаа сахилгын тухай зөрчил илрүүлснээс хойш зургаан сарын дараа арга хэмжээ авч болно гэж заасан байдаг. Түүнийхээ дагуу явж байгаа.
-Хүүг зодсон гээд байгаа багшид ямар хариуцлага тооцсон бэ?
-Хөдөлмөрийн хуулийн дотоод журмыг баримталж Ц.Чанцалдулам багшийг ажлаас халсан байгаа. Харин Б.Ариунболор багшид хоёр сар 20 хувийн сахилгын шийтгэл ногдуулсан.
-Энэ хоёр багш хэдэн жил ажилласан вэ?
-Б.Ариунболор багш зургаан жил, Ц.Чанцалдулам багш амралттай байгаа. Хүний оронд ажиллаж байсан юм.
-Ажлаас халагдсан багшийн оронд багш авсан уу?
-Аваагүй байгаа.
-Танай эмч чинь ажиллаж байгаа юу?
-Одоо ажлаас гарчихсан байгаа.
-Ямар шалтгаанаар гарсан бэ?
-Мэргэжлээ дээшлүүлнэ гээд гарсан.
-Энэ асуудлаар эмчтэй холбогдож уулзсан уу?
-Холбогдож уулзсан. Манай найзын хүүхэд биш гэсэн. Хүн гуйгаад байхаар нь тусалсан юм гэсэн тайлбар хэлсэн.
Н.АЛТАНЦЭЦЭГ
URL: