Ш.Эрдэнэцэцэг: Манай эмч нар ямар ч эмчилгээгүй, үхнэ гэсэн

yamБөөр шилжүүлэн суулгуулсан иргэдийн ар гэрийхэн “Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүний насан туршдаа уух эмийг ЭМЯ өгдөг байя” хэмээн мэдээлэл хийлээ. Манай улсад бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгддэг ч донор, өвчтөн хоёрын цусны бүлэг таарахгүй, элэгний вирустай гэх мэт хууч өвчтэй хүмүүст хийдэггүй аж. Тиймээс эдгээр хүн гадны улс оронд хагалгаанд ордог.
ЭМЯ-наас өндөр зардалтай 33 өвчинд нэгээс таван сая төгрөг олгодог боловч өөр улсад хагалгаа хийлгэсэн иргэдэд өгдөггүй юм байна.

Мөн эрхтэн шилжүүлэн суулгасан хүний насан туршдаа уух эмийг ч олгодоггүй учраас иргэд өндөр үнээр худалдаж авдаг аж. Хоёр жилийн өмнө бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон залуугийн ээж Ш.Эрдэнэцэцэгээс энэ талаар тодрууллаа.
-Танай хүү хаана, хэдэн төгрөгөөр хагалгаанд орсон бэ?
-БНСУ-д 2012 оны арванхоёрдугаар сард бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Хагалгааны зардал 82 сая төгрөг болсон. Миний хүү бөөрний донортойгоо цусны бүлэг нь таараагүй болохоор Монголд хагалгаа хийх боломжгүй байсан. Тэгээд л орон байраа барьцаанд тавьж, ах дүүсээсээ мөнгө зээлж, хамт олон минь нэг өдрийн цалингаа хандивлаж эмчилгээний зардлаа босгосон. Түүнээс эндээ хийлгэвэл 12-15 сая төгрөг юм билээ.

-Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орсон хүмүүс насан туршдаа эм уудаг. Ямар эм уудаг вэ?
-Аргагүй эрхэнд өндөр зардлаар өөр улсад хагалгаанд ороод иртэл насан туршдаа уух эмийг нь ч ЭМЯ өгдөггүй юм байна. Хүү минь гурван сар болоод хагалгаанд орсон эмнэлэгтээ очиж үзүүлээд эмээ авдаг. Гурван сар уух эмээ 1.8 сая төгрөгөөр авдаг. Монголд хийх боломжгүй хагалгаанд орсон хүмүүст ЭМЯ даатгалын хуулиндаа хамруулаад тодорхой хэмжээний зардлыг буцаан олгодог, эмийг нь үнэ төлбөргүй өгөөсэй гэж хүсч байна. Солонгос улсад хагалгаанд орсон 54 хүн байна. Тэд Монголдоо орох боломжгүй учраас л тийшээ явсан. Энэ хүмүүсийн жил уух эмийг авч өгөхийн тулд хоёр тэрбум төгрөг шаардлагатай юм билээ. Энэ хүмүүсийн ар гэрийхэн энэ байтугай татвар улсдаа төлж байгаа. Тиймээс ЭМЯ-наас эмийг нь олгодог болоосой л гэж хүсч байна.

-Одоо хүүгийн тань бие ямар байна вэ?
-Миний хүү одоо ажил хийж байгаа. Хоёр бөөр нь хоёулаа ажиллагаагүй болж нэгийг нь солиулсан. Ажиллагаагүй нэг бөөрийг авалгүй биед нь байлгадаг юм билээ. Одоо нэг л бөөртэй учраас ажлын бүтээмж эрүүл хүнийг бодвол харьцангуй бага байдаг. Гэхдээ нэг үеэ бодвол сайхан болж байна. Миний хүү долдугаар ангиасаа бөөрний дутагдалд орсон. Сүүлдээ ч Монголын эмч нар “Ямар ч эмчилгээгүй, үхнэ” гээд шууд хэлж байсан. Бид бол яах вэ хамаг юмаа зарж, барьцаалаад эмчилгээний зардал босгосон. Энэ өвчнөөр өвчилсөн, боломжгүй амьдралтай маш олон хүн эмчилгээний зардалгүйгээс нас барж байна. Үнэхээр харамсалтай.

-Жаахан хүүхэд ямар шалтгаанаар бөөрний дутагдалд ордог юм бол?
-Хоёр шалтгаан байдаг гэж эмч хэлсэн. Хоолойны ангийна, шүдний хорхой. Энэ хоёр хүний цусны сийвэнд ордог. Цусанд орсон учраас хүний бага зэрэг өвдөж байгаа эрхтэнийг өвчлүүлдэг юм гэсэн. Харин манай хүүхдийнх ангийнаас үүсэлтэй бөөрний дутагдал. Бөөр элэг, уушиг шиг эргэж төлждөггүй учраас хүндрэлтэй байдаг юм билээ. Элэгний донор болсон, элгийг нь авч байгаа хүмүүсийн аль алинийх нь буцаад төлждөг болохоор хүндрэл бага байдаг бол бөөрөө авч, өгсөн хоёр хүн хоёулаа нэг л бөөртэй байх болохоор ажлын бүтээмж буурч, ядарч сульдаж, биеийн эсэргүүцэл сулардаг юм билээ.

Л.ОД


URL:

Сэтгэгдэл бичих