Хачигт хазуулсан 37 хүн ХӨСҮТ-д ханджээ
Эдгээр хүмүүсийн ихэнх нь Улаанбаатар хотын оршин суугчид, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн тус бүр нэг хүн байна. Ихэнх хүмүүс хотын ойролцоох ой модонд, хөдөө орон нутагт явж байхдаа хачигт хазуулжээ.
Хачиг нь үе хөлтний хүрээ, аалз хэлбэртний ангид багтах бөгөөд дэлхий дээр 3000 гаруй зүйл хачиг бүртгэгдсэнээс манай улсад 462 зүйл хачиг байдаг. Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд дамжуулдаг. Цаг уур ба газарзүйн байрлал, улирлын байдал зэргээс шалтгаалан хачиг нь 4-5 сарын дунд үед ичээнээс гардаг. Бие гүйцсэн хачгийн идэвхтэй үе нь хавар, зуны улирал. Манай улсын ойн болон бэлчээрийн хачгийн тодорхой хувь нь хачигт энцефалитын вирус, боррели, риккетсээр халдварласан байдаг. Иймээс хачигт хазуулсан хүн бүр өвчлөхгүй. Иргэд хачигт хазуулсны дараа хазсан хэсэгт улайх, өвдөх, ойролцоох тунгалагийн булчирхай үрэвсэх, толгой өвдөх, халуурах, хүзүү хөших, бөөлжих зэрэг зовиур илэрвэл эмчид хандахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.
Ж.Болор
МОНЦАМЭ
URL: