Ч.Ганхуяг: Одоо би ардын журамт цэрэг
Ардын намын Бага хурлын гишүүн, Ерөнхий сайд С.Батболдын орон тооны бус зөвлөх, “Тэнгэр” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг “Ярилцах танхим”-даа урилаа.
- Та саяхан “Чоно эдийн засаг” гэсэн шинэ томъёоллын тухай ярьсан байсан. Энэ талаар олон хүн сонирхож байна лээ. Эндээс ярилцлагаа эхэлье?
- Ямар хүмүүс сонирхож байна.
- Ямар учиртай тодорхойлолт болохыг нь мэдэхийг хүссэн хүмүүс?
- Баярлалаа. Их баяртай мэдээ байна. Би мэдээгүй юм байна. Бас гоё юм болж байгаа юм байна ш дээ, тиймүү.
- Ямар ч байсан хүмүүс их сонирхож байсан?
- Яах вэ дээ, байхгүй юмыг бий болгож болдог биз дээ. Ардчилал гэж байгаагүй. Хөрөнгийн бирж гэж байгаагүй. Хөгжлийн алтан сан гэж байгаагүй. Хас банк гэж, зөв банк гэж байгаагүй. Бид эх орондоо хайртай гэж байгаагүй. Эх орондоо хайртай гэхээр энэ чинь өвчин тусчихаа юу гэж хэлдэг байсан үе ч бий. “Тэнгэр” нэгдэл гэж байгаагүй. Энэ бүхэн зүгээр суугаад байсан бол байхгүй л байх байсан. Өнөөдөр Монголын эдийн засгийн хөгжил урагшаа явах гэж байна. Явахдаа нэлээд сайн явах нь. Өнөөдрийн үзүүлэлт 2020 онд асар өндөрт гарах тооцоо бий.
Тэр бүхэн бидний хувьд ч, дэлхий нийтэд ч цоо шинэ үзэгдэл болно. Иймд нэгэнт боломж нь байгаа тохиолдолд загвар ярьж эхлэх хэрэгтэй. Гэхдээ загвар гэхээр Норвеги, Чили, Арабын хэдэн орон, Австралийг ярьдаг. Тэгвэл бар эдийн засгийн үзүүлэлт болох Азийн орнуудын загварыг харахаар Монголд тохиромжгүй байдаг. Хөгжил нь электроник, хүнд үйлдвэрлэл, далайн боомт дээр тулгуурладаг болохоор тэр л дээ. Манай улс нүүдэлчний соёл иргэншилтэй. Уул уурхайгаар явах гээд байгаа. Азийн бусад орны эдийн засгийн туршлагаас манайх арай өөр. Тэгээд түүхээ уншихаар Гоо марал, Бөртэ чоноос үүсэлтэй гэдэгт монголчууд маань итгэдэг. Монголчууд чинь хөх толботой төрдөг гээд бодох хэрэгтэй л дээ. Саяхан би бас “Чонон сүлд” гэдэг Хятадын зохиолчийн номыг уншихад ч монголчууд ерөөсөө чонотой холбоотой юм биш үү гэдэг бодол төрсөн. Чингис хаан гэхэд л чоныг судалж байгаад цөөхүүлээ, 20 чоно нийлээд мянган хонь руу дайрдаг шиг аргаар дэлхийн талыг эзэлчихсэн юм биш үү гэдэг дүгнэлт гарсан. Чоно хэрэгтэй үедээ сүрэглэж дайрдаг. Мөн хүн, чоно хоёр мал сүргийн төлөө, амьдралын төлөө тэмцэж ирсэн. Бар бол багаараа амжилтад хүрч чаддаггүй. Энэ утгаар нь чоно эдийн засаг гэдэг ойлголтыг сөхөж тавьсан.
- Хятадын зохиолч Жианг Ронгийн “Чонон сүлд” роман бол монгол үндэстний ахуй соёл, амьдралын төлөөх тэмцлийг бодитоор нь маш гайхамшигтай илэрхийлсэн бүтээл. Энэ утгаараа зөвхөн утга зохиолын бүтээл гэдэг талаас нь бус таны дэвшүүлээд байгаа тэр ойлголтыг улам бүр дэлгэрүүлэхэд нэг хүч өгсөн гэж үзэж болох нь ээ?
- Би Хятадад явж байхдаа англи орчуулгатайг нь авч уншсан. Гэхдээ тэр зохиолыг уншихаас өмнө энэ талаар ярьж эхэлсэн байсан шүү.
- Тэгэхээр монголчууд хөгжлийн зорилтынхоо төлөө бар шиг бус, чоно шиг зүтгэж, тэмцэх ёстой гэж ойлгож болох уу?
- Би анх энэ ойлголтыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Renaissince Capital”-ын Роланд Нэш гэдэг найзыгаа Монголын хөрөнгө оруулалтын тайланг бичиж байх үед нь “Хөх тэнгэрийн орон”, “Боломжийн орон” гэдэг нэр өгч, чоно эдийн засаг гэдэг ойлголтыг оруулаач гэж төгсгөлд нь оруулсан. Монгол Улс чоно эдийн засгийг босгох гэж үзэж байна. Үүнийг нь дэмжээч гэдэг хүсэлтээ илэрхийлсэн. Ямар ч байсан чи надад их баяртай мэдээ дуулгалаа.
- Гэхдээ зарим нэг нь “Энэ Ганхуяг чинь юун чоно энэ тэр гээд сонин юм яриад эхлэв ээ” гэж гайхаж, эргэлзэж байх шиг байсан шүү?
- Бар бус, чоно гэж ярихаар зарим хүн гайхах байх л даа. Чонын дайчин, эрэмгий, тэнгэрлиг зан чанар ойрын жилүүдэд Монголын эдийн засгийн төлөв байдлыг зөв илэрхийлнэ гэдэгт би итгэж байгаа.
- Танаас өөр санаачлагч бий юү?
- Би санаачилсан л даа. Хүмүүст ярьж сурталчлаад л байна. Их сайхан хүлээн авч байна. “Монгол Улсын 2020 он хүртэлх Үндэсний хөгжлийн цогц бодлого” гэх мэт нуршуу нэр томъёог өөрчилж, хүмүүсийн омогшлыг төрүүлэх, тэдний сэтгэлийг хөдөлгөсөн барьцтай сүлд тэмдэг, лого бий болгох хэрэгтэй. Тэгэхээр чоныг дүрсэлсэн сүлд хийгээд л хүмүүст “Чоно болно оо” гээд бөмбөгдөх хэрэгтэй. Сая нам шинэчлэгдэхэд хоёр сар шинэчлэлийн агуулга бүхий мэдээллээр бөмбөгдөө биз дээ. Үүн шиг л хүмүүст хүргэх ёстой.
- Гэхдээ зөвхөн хийсвэр тайлбараас илүү яг бодит гаргалгаа нь юу байх вэ. Нэг их том тоо тавьчихаад энэ бол чоно эдийн засгийн хүрэх зорилт гэж хийсвэрээр яриад байна гэж байхгүй байх л даа?
- Өнөөдөр Засгийн газар, Ерөнхий сайд С.Батболдын цаашдын зорилт болон эрх барьж байгаа намын мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой заалт бий. Уул уурхайн салбарыг хөгжүүлж, хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ хүнийхээ хөгжлийг бий болгох хэрэгтэй гэж бий. Эдийн засгаа саармагжуулж, уул уурхайн хэт хамаарлыг бууруулж, хүн рүүгээ, монгол толгойд илүү түшиглэсэн эдийн засгийг ойрын жилүүдэд бүтээхийн төлөө ажиллана гэсэн зорилт бий. Мэдээж, гарааны дэмжлэг нь уул уурхай байх нь тодорхой.
- Та Ерөнхий сайдад энэ томъёоллынхоо талаар танилцуулсан уу?
- Хэлэлгүй яах вэ. Ерөнхий сайд дэмжиж байгаа. Хонконгийн Хөрөнгийн биржийнхэнтэй уулзах үеэрээ чоно эдийн засаг гэдгийг олон улсын түвшинд зарласан. Цаашид ч энэ ойлголтыг улам бүр боловсронгуй болгож, тодорхойлолтыг нь илүү шинжлэх ухааны шинжтэй болгохын тулд Ерөнхий сайд асуудлыг тавина байх. Би зөвлөх нь юм чинь тэр талаар бас зөвлөнө дөө. Хүн болгонд л тодорхой төсөөлөл байдаг. Би өөрөө нэг их айхтар эдийн засагч биш. Жирийн л бизнес эрхлэгч. Өөрийгөө болгочихсон, нийгмийн төлөө, эх орныхоо төлөө зүрх сэтгэлээрээ зүтгэх хүсэлтэй дунд эргэм насны л хүн. Энэ утгаараа бодож, санаж байгаа зүйл олон бий. Миний үр хүүхэд энэ нийгэмд амьдарна. Аавынхаа, үе тэнгийнхний маань бүтээсэн нийгэмд тэд амьдарна. Социализмын үеийн “Капитализмыг алгасав” гэсэн плакат байдаг даа. Түүн шиг бид өнөөдөр гуравдугаар зэрэглэлийн ядуу буурай орноос нэгдүгээр зэргийн хөгжсөн улсын энд шууд очих ёстой. Энэ үсрэнгүй хөгжил бидэнд хэрэгтэй. Хугацаа тогтоогоод 10-хан жилийн дотор гээд л зүтгэмээр байна.
- Завсрын орнуудын хөгжлийн түвшинг алгасаад уу?
- Тийм ээ, мөрөөдөх хэрэгтэй шүү дээ. Улаанбаатар хотыг санхүүгийн төв болгоно гээд бод л доо. Дэлхийн баячууд энд арилжаанд оролцдог, мөнгөө банкинд нь хадгалуулдаг болно. Түүхэн боломжийг бид ашигламаар байна. Залуусаа гадагшаа сургая. Сурчихсан хүмүүсийг эндээ авчиръя. Монгол Улсыг жуулчлалын төв болгох хэрэгтэй. Хамгийн үнэтэй тамирчид Монголд ирж биеэ эмчлүүлдэг болох ёстой. Жилд эмчилгээний журмаар гадагшаа гарч байгаа 300-аад сая ам.доллараар эндээ эмнэлэг босгочих хэрэгтэй. Үүний тулд Сингапур, Лондон, Хонконгийн хуулиудыг авчраад л сайхан багц хуультай болгочиход болно.
- Гэхдээ бодит байдал дээр таны мөрөөдөл биелэх боломжтой юу. Иргэд өнөөдөр мөрөөдлийн шинж чанартай ярианд итгэхээ больж байх шиг байна?
- Ярихгүйгээр хийнэ гэж байхгүй л дээ. Төр засаг зөвхөн хуулийг нь гаргачихад л хангалттай. Төрд хүн л ажилладаг биз дээ. Тэд хуулиа л гаргах ёстой. Хуулиа баталчихвал дэлхийд технологи нь бэлэн байна. Түүнийг худалдаад л аваад ирнэ. Гол нь зөвхөн уул уурхай яриад, ухаад, гаргаад байвал урагшаа явахгүй. Арабын зарим орон шиг иргэддээ төрөөс мөнгө тараачихаад ухаад байж болохгүй. Тэнд иргэд амьдрах ч сонирхолгүй болж байна. Бэлэн мөнгө аваад байхаар чинь иргэд нь тэжээмэл загас шиг л болно. Бидэнд тийм зүйл хэрэггүй. Чоно эдийн засгийг хөгжүүлэх л боломж бий.
- Та улстөрчдийг хүсээд байгаа хуулийг тань баталж өгнө гэж итгэж байна уу. Олон бизнес эрхлэгчид “Төрд итгэл алдарлаа” гэх болсон?
- Үгүй ээ, тэгээд итгэл алдарлаа гээд яах юм бэ. Амьдрахаа болих уу. Бизнес хийхээ болих уу. Ангийнхаа бууг бариад талбай дээр жагсах уу. Ямар гарц байгаа юм. Яриад л байна. Намд нь элсэнэ. Дотор нь орж ярина. Болохгүй бол сонгогдоно. Дахиад ярина, яриад л байна. Ойлготол нь ярина. Бизнесээ бодоод чимээгүй яваад байвал яваад л байна шүү дээ. Түүн шиг амар юм байхгүй.
- Та тэгвэл үүний төлөө МАН-д элссэн юм уу?
- Тийм ээ, энэ бодлынхоо үүднээс элссэн.
- Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд энэ талаар түүнтэй ярилцахад танд итгэл найдвар төрж байна уу?
- Итгэл найдвар байгаагүй бол би элсэхгүй байсан. Ерөнхий сайдын зөвлөх болохгүй байсан. Бизнесээ хийгээд л явах байсан. Хүн нэг л амьдарна. Өмнөх үе маань бидэнд хийх ёстой зүйлээ хийгээд энэ цаг үеийг шилжүүлж өгсөн. Иймд бид энэ цаг үеийг авч явах үүрэгтэйн хувьд үүрэг хариуцлагаа ухамсарлахгүйгээр дор бүрнээ жижигхэн зүйлд сатаарч, цаг аргацаагаад өнгөрчихвөл миний хүүхдүүдийн ирээдүй, Монголын хүүхдүүдийн ирээдүйд харамсалтай. Бид саяхан гэхэд л зүгээр сууж байгаад л галдан шатааж, нэг нэгнийгээ буудахыг харлаа. Би тэр үйл явдлын дараа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд бие дааж нэр дэвшсэн. Гэхдээ би ямагт МАХН-ыг дэмжиж ирсэн. Одоо бол би Ардын намын журамт цэрэг.
- Ардын намын төлөө зүтгэнэ. Ардын засаг мандтугай гээд л үү?
- Тийм ээ. Би Ардын намын журамт цэргийн хувьд энэ намаа ялуулахын төлөө явах ёстой. Тэгэхийн тулд манай намын бусад журамт нөхөд маань асуудлыг тал, талаас нь ярьж байгаад нэг санаан дээр төвлөрөх хэрэгтэй. Энэ ч үүднээсээ би манай найз, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг Чингэлтэйн нөхөн сонгуульд нэр дэвших үед намдаа элсч, үнэмлэхүй ялалт байгуулж байсан. Тэндээс хотод найдвар байна. Залуучуудыг дэмждэг юм байна. Улаанбаатарчууд унаган иргэдээ дэмжих юм байна гэж ойлгосон. Иймд уугуул хүүхдүүдийг нь гаргаж ирмээр байна. Дандаа ялагдаж болохгүй шүү дээ.
- Та тэгвэл оны УИХ-ын 2012 сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй юм байна. Тийм үү?
- Би тэгж хэлээгүй шүү.
- Болохгүй бол сонгогдоно гэснээс тань үүдээд асуусан юм?
- Би үр дүнд хүрчихвэл, улс төр хийдэг хүмүүс нь гарч ирээд долдугаар сарын 1 шиг аймшигт үйл явдал гаргахгүйгээр үр дүнд хүрчихвэл тийшээ орохгүй. Зүгээр л сайхан амар тайван амьдралаа зохиогоод, бизнесээ хийгээд явна. Уг нь бүх зүйл гоё, байр байрандаа л баймаар байгаа юм. Үнэндээ бизнесийнхэн ингээд л улс төрд ороод байх нь нэг их онц ач холбогдолтой биш л дээ. Миний хувьд бол ийм. Өнөөдөр би 36-37-той хүний хувьд зүгээр л хараад сууж байсан чинь дахиад нэг тийм аймшигтай зүйл болоод Орос, Хятадаас цэргээ оруулж ирээд “Косова гэдэг улс шиг та нар өөрсдөө дотроо асуудлаа шийдэж чадахгүй учраас бид зохицуулна аа” гээд суучихвал хэцүү биз дээ.
- Та Арабын төрийн бодлогын талаар дээр хальт дурдсан. Тэгвэл өнөөдөр Монголын Засгийн газар ч, төр ч тийм л арга зам руу явж байгаа. Нэг ёсны буруу арга зам гэж хэлж болох байх л даа. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
- Би ч бас тэгж л бодож байна.
- Тэгвэл та Ерөнхий сайдын зөвлөхийнхөө хувьд түүнд “Одоо энэ хавтгайрсан халамжийн бодлогоо болих хэрэгтэй” гэж хэлдэг үү?
- Ерөнхий сайд гэдэг хүн чинь энэ намын дарга. Зөвлөхүүдийнхээ дарга нь. Тэр хүн шийдвэр гаргагчийн хувьд тал, талын нөхцөл байдлыг бодож байж шийдвэр гаргадаг. Зөвхөн бизнесийн хүний нүдээр, залуу хүний нүдээр харах боломжгүй. Нэг хүний бодлоор шийдвэр гаргаж ч болохгүй. Тэр хүнд сонгуулийн үеэр өгсөн амлалт гэж байна. Нийгмийн бодит шаардлага, ард түмний амьдралын боломж бололцоо гэж байна. Тэр бүхнийг харилцан уялдаатай харж байж шийдвэрээ гаргах ёстой. С.Батболд сайдын хувьд алгуурхнаар, зөөлхнөөр асуудлыг тал бүрээс нь харж, тодорхой зорилт, зорилго боловсруулаад түүнийгээ та бүхэнд удахгүй хэлээд явна. Энэ хүн намын дарга болоод долоон сар л болж байна. Сая баталгаажуулсан.
- Ямар ч байсан таныг дээрх бодлоо илэрхийлдэг гэж ойлгож болох нь ээ?
- Илэрхийлдэг. Гэхдээ хийхдээ яаж хийх вэ гэдэг нь асуудал шүү дээ. Би чинь цэрэг хүн. Зөвхөн өөрийнхөөрөө л “Тэгж болохгүй ээ” гэж дайраад байж болохгүй.
- Сүүлийн үед 1970-аад оныхон улс төрд хүчтэй орон зай эзлэх сонирхолтой байгаа тухай яриа олонтаа гарах болж. Үүнтэй холбоотой 70-аад оныхны нийгэмд нөлөө бүхий байр суурьтай залуус нэгдэж клуб байгуулах сураг дуулдсан. Та ийм зохион байгуулалтын нэгдлийг дэмжих үү?
- Би хүнийг насаар нь ангилах дургүй. Зүрх сэтгэл, мэдрэмж, чин зориг, мэдлэгээрээ л насны ялгаа гардаг болов уу. Тэгэхээр 1960-аад оныхон, 1970-аад оныхон гэсэн тиймэрхүү ангилал хийгээд үр дүн гарахгүй байх аа. Ингэж ангилах юм бол XX зууныхан, XXI зууныхан гэж ангилах хэрэгтэй болох уу. Тэр тохиолдолд бид хүүхдүүдтэйгээ “үзэлцэх” хэрэгтэй болно биз дээ. Миний хувьд тийм юм дуулаагүй. Би дуулсан ч сонирхохгүй.
- Санал тавих тохиолдолд хариулт нь “Үгүй” гэдэг үг байх нь. Тийм үү?
- Би тиймэрхүү зүйл сонирхохгүй ээ.
- Гэхдээ намыг бол сонгосон. Энэ сонголтоос тань үүдээд “Яагаад Ардын намыг гэж” хэмээн асуух хүн олон гарах байх. Хариултыг нь өгөхгүй юү?
- Чи яагаад хүмүүс намыг сонгодог гэж бодож байна.
-Уучлаарай. Би намын гишүүн биш учраас сайн мэдэхгүй юм. Таны хариулт л харин сонин байна?
- Надад илүү ажил хэрэгтэй байсан юм уу. Надад мөнгө амласан юм уу. Тэгээд бодоод үз л дээ.
- Таныг С.Батболд даргыг Ардын намын даргаар сонгогдсоных нь дараа маш тодоор, их идэвхтэйгээр бусдаас онцгой алга ташиж баяр хүргэж байсныг харсан ганц нэг хүн “Ганхуяг ямар бялдууч юм бэ” гэж хэлж байсан. Интернэтэд ч иймэрхүү утгатай сэтгэгдэл байсан. Мэдээж таныг мөнгөтэй, ажилтай, бизнестэй гэдгийг мэдэхгүй хүн Монголд ховор нь үнэн. Гэсэн ч тэр бүхнээ улам бүр зузаатгах сонирхлоор улс төрийг сонгосон гэж дүгнэх хүн захаас аван гарч ирэх болов уу?
- Энэ бол яах вэ дээ. Нийгмийн өнөөгийн л өнгө аяс л даа. Би нэг өдөр гэнэт бодоод л МАН-д элссэн юм биш. Анх 1998 онд Н.Энхбаяр даргатай уулзаж ярилцаж байсан. Тэр үед хамт ажилладаг хүмүүсийн маань олонхи нь нөгөө талд байсан. Миний хувьд МАН-д тууштай итгэж явсан. Өнгөрсөн жилийн тухайд Д.Зоригтыг нэр дэвшихэд бас их хүнд үе байсан. Би сонгуулийн сүүлчийнх нь өдөр намд элссэн. Энэ миний итгэл үнэмшил байсан. С.Батболд даргыг ч би эртнээс мэддэг байсан. Харин хамтарч бизнес хийж байгаагүй шүү. С.Батболд даргыг тамга гардах үеийн миний сэтгэл хөдлөлийн тухай сэтгэгдлийг би уншсан л даа. Сэтгэл нь их хөдөлсөн байсан гээд л бичсэн байна лээ. Би үнэндээ улс төрд орж ирээд туршлагажаагүй байна. Анх удаагаа их хуралд сууж үзлээ. Тийм хүчтэй өрсөлдөгч Ө.Энхтүвшин ахыг нэр дэвшинэ гээд гарч ирэхэд би айсан. Өөрөө энэ намд элсээд, дээр нь найз нөхдөө ярьж, ухуулж элсүүлсэн. Тэр утгаараа С.Батболд даргын эхлүүлсэн энэ шинэчлэл зогсох вий, эргэх вий, буцах вий гэдгээс би айсан. Саналын хуудсыг ч их удаан тоолсон. Тэр бүхний дараа тийм дүн гарахад би үнэндээ маш их баярласан.
- Ерөнхийдөө бол таныг айж байсан гэж ойлгож болох нь ээ?
- Тэгэлгүй яах вэ дээ. Тийм хүчтэй, нэр хүндтэй улстөрч гэнэт гарч ирээд өрсөлдөхөөр их хэцүү юм билээ.
- Та ямар ч байсан зурагтаар их л онцгой гарсан бололтой юм билээ?
- Би бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг. Юм хийвэл хийсэн шиг хийж, хийхгүй бол хийдэггүй. Ажилдаа хүн сэтгэлээсээ эзний ёсоор хандаж байж л сайн үр дүнд хүрдэг. Би Ерөнхий сайдын зөвлөхийн хувьд энд суух ёстой гэдэг бодлоор тэнд дүр үзүүлээд сууна гэж байхгүй. Би ер нь их сэтгэл хөдөлгөөнтэй хүн. Сэтгэлийн хөдлөлөө шууд илэрхийлдэг. Тоглолт үзлээ гэхэд босоод шүгэлдчихсэн зогсох үе бол зөндөө бий. Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлсэндээ харамсахгүй байна.
- Бизнесийн салбараас улс төрд орохоор тодорхой хэмжээнд өөртөө өөрчлөлт хийх шаардлага гарч ирж байна уу?
- Байдаг л юм шиг байна. Наад зах нь зүгээр очоод алгаа ташихад өмнө нь намайг тоодоггүй байсан бол өнөөдөр тэгэхээ больсон юм шиг байна шүү дээ. Энэ мэтээс үүдээд дүгнэлт хийх хэрэгтэй юм шиг байна.
- Таныг их хурлын өмнө Ардын намын нарийн бичгийн дарга болно гэсэн мэдээлэл их гарсан. Тиймэрхүү яриа байсан уу?
- Яах вэ дээ. Би тэрийг жинхэнэ болох ёстой улстөрчдийн л арга хэлбэр юм уу гэж бодсон. Эхлээд жинхэнэ болох хүмүүс рүү сөрөг дайралт хийх вий гэдгээс болгоомжилж, асуудлыг өөр хүн рүү чиглүүлдэг юм болов уу гэж ойлгосон. Намайг гадаадад явж байсныг минь далимдуулаад л баахан бичүүлсэн байна лээ. Би тэгж л бодсон. Надад тийм санал ч ирээгүй. Би ч тийм ажил хийх талаар огт бодож байгаагүй.
- Та “Би маргааш өглөөг өнөө оройноос хавьгүй сайхан гэдэгт итгэдэг” гэсэн үгийг ярилцлагадаа хэлж байсан. Улс төрд ч энэ бодлынхоо үүднээс зүтгээд үзэхээр шийдсэн гэсэн үг үү?
- Болно гэж бодоод л яваад байна. Бүх зүйлийг хуйвалдаанаар, хэдхэн хүний хүрээнд шийддэг үе аль хэдийнэ өнгөрсөн. Улс төрд ч гэсэн эргэлт гарч байна шүү дээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд яриад хийж чадаагүй шинэчлэлийг С.Батболд дарга хийж чадлаа. Зургаахан хүн эсэргүүцсэн гээд бод л доо. Манай нам ингэж чадаж байгаа юм чинь монголчууд ийм шинэчлэлийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Анатоль Франсын “Агуу зүйлд хүрэхийн тулд бид ажиллаад зогсохгүй мөрөөдөх хэрэгтэй. Төлөвлөхийн хажуугаар итгэх шаардлагатай” гэсэн үг байдаг. Хүн амьдрал ямагт сайжирна гэж итгэж, сайн сайхан руу алхах хэрэгтэй. Энэ утгаараа надад ч тэр сайхан мөрөөдөл байдаг.
- У.Хүрэлсүх даргыг “Ардын нам, ардын засаг мандтугай” гэж хэлэхээр гэнэт юу билээ гэсэн бодол төрөөгүй юү. Намаас ангид хүмүүст бол их цочир, содон сонсогдсон шүү дээ?
- Энэ шинэчлэлийн төлөө эхнээс нь авахуулаад явсан болохоор гайгүй байсан. Мэдээж бусад хүнд анх сонсоход их сонин сонсогдсон байх. “Ардын намын журамт цэрэг” гэхээр надад их сайхан санагдсан.
- Цаг хугацааны машинд суугаад 1920-оод онд очсон мэт сэтгэгдэл бүр ч төрөөгүй байх нь. Тийм үү?
- Үгүй ээ, харин ч тэр үеийн ололт, амжилтыг бодоод үзэхэд надад сайхан санагддаг. Бид өнөөдөр тусгаар тогтносон, эрх чөлөөтэй улсын иргэд. Ийм нөхцөл байдалд тэр үед очих нь гэж айх эмээх хэрэг бидэнд байхгүй байх аа.
URL: