АН-ын гаршсан “хар” технологи Увсын нөхөн сонгуульд ялагдал авчрах бололтой
Энэ өдрүүдэд Увс аймагт ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгууль болж байна. Өнгөрөгч сонгуулийн үр дүнгээр иргэдээс сонгогдсон Увс аймгийн Засаг дарга Цасчихэр болон ИТХ-ын дарга Батсайхан нар ял эдэлж албан тушаалаас буусан учир тус аймгийн хоёр суманд энэ удаагийн нөхөн сонгууль болохоор болсон. Өмнөх сонгуулиар Увс аймагт сонгогдсон эрхмүүд хэцүү нэртийн хаалга татаад удаагүй байхад дараагийн нэр дэвшигчдийн хуудуутай үйлдэл сонгуулийн энэ өдрүүдэд илэрлээ.
Тухайлбал, Увс аймгийн Түргэн суманд АН-аас Галсангийн Ганхуяг гэх эрхэм нэр дэвшиж байгаа. Тэрээр өнгөрөгч сарын 19-ний өдөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авсан. Нэр дэвшүүлэх процесс болж дуусангуут маргааш нь буюу 20-нд нь Г.Ганхуяг гэгчийг АН-ынхан Улсын үйлдвэрийн газрын даргаар томилжээ. Ингэхээр АН-аас нэр дэвшигч Г.Ганхуяг нь төрийн албаны хариуцлагатай албан хаагч, нөгөөтэйгүүр Увс аймгийн Түргэн суманд ИТХ-д нэр дэвшигч болчихож байгаа юм. Гэтэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд төрийн албанд ажиллаж байгаа хүн сонгуульд нэр дэвшихээр бол албан тушаалаа хүлээлгэж өгдөг. Харин Г.Ганхуяг болоод Ардчилсан намынхан олонх гэдэгтээ дулдуйдаж, эхэлж нэрийг нь нөхөн сонгуульд дэвшүүлээд араас нь албан тушаалд суулгаж хуулийг ч тэр, Увсчуудыг ч тэр “залилсан” байна. Түмний хараа хурц учраас энэ мэт эрээгүй үйлдэл нь төд удалгүй илэрч, эл асуудлаар МАН Сонгуулийн Ерөнхий Хороонд гомдол гаргаж, шүүхэд ханджээ.
Харамсалтай нь шүүх ч тэр, СЕХ ч тэр хөдлөхгүй өнөөдрийг хүргээд байгаа аж. Хэрэв олон нийтийн эрх ашгийг хамгаалж, нийгэмд шударга үнэнийг тогтоох ёстой СЕХ болон шүүхийн байгууллага дээрх асуудалд чихэн дүлий нүдэн балай байдлаар хандаж, цагаан дээр хараар бичсэн хуулийг гууль болговол МАН-ын зүгээр суухгүй нь ойлгомжтой байна. Нөгөө талаар олон нийтийн дунд, “АН-ынхан төрийн албыг завхруулж, нэг нам, танил тал гэдэг байдлаар ажлаа явуулдаг юм байна” гэдэг ойлголт газар авах нь тодорхой.
Угаасаа өнгөрсөн сонгуулийн дараагаас эхлэн АН-ынхны албан тушаалын томилгоо, ар өврийн хаалганы тухай яриа нийгэмд хүч авчихаад байхад хожуу болж буй нөхөн сонгууль дээр хүртэл “хор” гүйлгэвэл нэмэр болохоос илүүтэй нэрмээс болох нь ойлгомжтой. Нэг үгээр хэлбэл АН, МАН хоёр энэ удаагийн нөхөн сонгуульд Увсаас суудал авч чадахгүй байдал бий болоод байна. Тиймээс гуравдагч хүчин болох МАХН-аас Увс аймагт нэр дэвшиж байгаа нэр дэвшигч сонгогдох магадлал өндөр гэсэн үг.
МАХН-ын хувьд шударга ёсыг улс төрийн имижээ болгочихоод байгаа. Энэ нь ч ард түмнээс өндөр оноог аваад байгаа гэхэд болно. Тухайлбал, Увс аймгийн хоёр суманд МАХН-аас нэр дэвшээд байгаа нэр дэвшигчид нэр цэвэр, нутаг орондоо нэр хүндтэй гэж байгаа. Ийм нөхцөлд МАН, АН-ын уламжлалт хар технологи Увсад энэ байдлаараа ялагдал авчрах бололтой.
URL: