Хилийн чанд дахь Монголчууд уран олборлохын эсрэг байна
Хилийн чанадад амьдарч байгаа Монголчууд уран хайх, олборлох, атомын цахилгаан станц барих, цацраг идэвхт хог хаягдал булшлахыг эсэргүүцэн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт “Өргөх бичиг″ гаргаж байна. Одоогоор дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд гарын үсгийг цуглуулж байгаа гэнэ. Тиймээс хилийн чандад байгаа Монголчууд гарын үсгээ зурж, нэгдэхийг хүсвэл “Цөмийн эсрэг Монголчууд” хэмээх Фэйсбүүк хэрэглэгчид хандах юм байна. Ингээд өргөх бичгийг бүрэн эхээр нь хүргэе.
ӨРГӨН БАРИХ БИЧИГ
Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Засгийн газард өргөн барих нь:
Бид хилийн чанадад сурч хөдөлмөрлөдөг Монгол улсын иргэд билээ. Хэдийгээр бид элгэн нутгаасаа алсад амьдран суудаг боловч улс эх орныхоо хөгжил дэвшлийн тухай мэдээлэлийг цаг алдалгүй хүлээн авч баярлан бахдахын зэрэгцээ алдаа дутагдал бүрийг сэтгэл зовнин ажиглаж байдаг.
Oйрын үед Монгол улсад уран олборлож, атомын цахилгаан станц барих, цацраг идэвхт хог хаягдал булшлах тухай яригдаж, тодорхой ажлууд хэрэгжих шатандаа явагдаж байгаа талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр болон тэр дундаа цахим ертөнцөөр идэвхитэй цацагдаж байгаа нь бидний анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Атомын эрчим хүчийг эзэмшиж ашигладаг улс гүрнүүд Фукушимагийн ослоос хойш цөмийн эрчим хүчнээс татгалзаж энэхүү ажлаа үе шаттайгаар хэрэгжүүлж эхлээд байгаа талаар та бүхэн хэдийнээ дуулсан бизээ. Гэтэл Монгол улсын нутаг дэвсгэр дээр уран олборлох лиценз олгогдож, Африкийн хэд хэдэн улс орны ураны нөөцийг шавхан
авсан хамгийн муу нэр хүнд бүхий АРЕВА концерны охин компани болох Кожеговь зэрэг нь судалгааны ажил нэрийн дор олборлолт явуулж, хөрсний ус бохирдуулж байгаль орчныг сүйтгэн хүн малын эрүүл мэндэд ноцтой аюул учруулаад нэгэнт эхэлжээ.
Тухайлбал Дорноговь аймгийн Улаанбадрах сумын дөрвөн багийн нутаг
дэвсгэрт хүн мал эрүүл мэндээрээ хохирсоныг төрийн бус байгууллагууд газар дээр нь баримтжуулсан байна. Харин улсаас хяналт шалгалт удаа дараа хийсэн боловч үнэн зөв мэдээлэлийг ард түмнээс нуун дарагдуулж, хохирсон малчидыг өөрсдөө малаа
хордуулсан мэтээр олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь тун харамсалтай.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын индрээс Монгол улс нутаг дэвсгэртээ цөмийн хаягдал булшлахгүй, ийм саналыг хүлээж авахгүй гэдгээ дэлхий нийтийн өмнө мэдэгдэж, 2011 оны 9 сарын 29-ны өдрийн “Цөмийн хаягдлын тухай“ 189 тоот зарлигаараа Монгол улсын цөмийн хаягдалын талаар баримтлах чиг шугамыг тодорхойлсоор байтал Монгол улсад уран олборлохоос гадна Япон, Франц зэрэг улсын цөмийн хаягдалыг булшлах тухай яригдаж, тэр ч бүү хэл энэ асуудлыг эдийн засгийн
2 ашигтай хэмээн дэмжиж байгаагаа холбогдох төрийн өндөр албан тушаалтнууд илэрхийлсээр байна.
Хэдийгээр АЦС нь нүүрстөрөгч ялгаруулдаггүй, өндөр хүчин чадалтай зэрэг давуу талтай боловч уран олборлолт, үйлдвэрлэлтийн зардал түүнээс гарах цацраг идэвхт хог хаягдлыг шийдэх зардал, түүнчлэн хүн байгаль орчинд сөргөөр нөлөөлөх, дагалдах болон учирч болзошгүй аюул гамшиг, аймшигт эрсдэлийг бодитойгоор тооцон үзвэл яагаад ч эдийн засгийн хувьд ашигтай байж чадахгүй.
Энэ талаар үлгэр жишээ авахуйц өнгөрсөн болон өнөө үеийн гашуун туршлага бүхий улс орныг дэлхийн аль ч тивээс хялбархан олж харж болно. Сэргээгдэх эрчим хүчний арвин их эх үүсвэртэй, түүгээрээ өөрийн эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой манай улсын хувьд харин энэ асуудал дээр түлхүү анхаарч эдийн засгийн шинэ салбар болтол нь хөгжүүлэх арга хэмжээ авах нь ард түмэн, байгаль орчинд
халгүй, манай улсын тогтвортой хөгжлийн нэгэн тулгуур болох ёстой.
Иймээс бид дараах шаардлагуудыг өргөн барьж байна:
1. Уран олборлох нэрийн дор явагдаж буй хайгуул судалгааны элдэв ажлуудыг бүрмөсөн зогсоох, холбогдох aж ахуйн нэгжүүдийн өнөөдрийг хүртэл учруулсан хор уршгийг арилгуулж, нөхөн сэргээлт хийлгэх арга хэмжээ авах, хохирсон малчидад нөхөн олговор олгох;
2. Цөмийн эрчим хүчний хэрэглээ, олборлолттой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд УИХ-аас ажлын хэсэг томилон ажиллуулах, энэхүү ажлын хэсэгт төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөний төлөөлөгчдийг оролцуулах;
3. Ямар нэгэн үндэслэлгүй мэдээллийг хэвлэлээр ухуулга маягаар цацаж, ард түмнийг удаа дараа төөрөгдөлд оруулж буй холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох;
4. Цөмийн эрчим хүчний талаар Монгол улсын засгийн газраас баримтлах бодлого чиглэлийг нийт ард түмэнд нээлттэй ба санал асуулгаар шийдвэрлэж байх хууль эрх зүйн орчин бий болгох;
5. Ураны олборлолтоос үүсэж болох экологийн болоод эдийн засгийн эрсдлийн тооцоо хийж ард түмэнд ил тод танилцуулах.
3
Mонгол улсад Уран олборлох, Атомын цахилгаан станц барих, Цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцэж буйгаа болон дээрх шаардлагуудыг дэмжиж буйгаа илэрхийлж хилийн чанадад суугаа эх орныхоо төлөө сэтгэл зүрх нь цохилдог Монголчуудын төлөөлөл гарын үсгээ зурлаа.
Хилийн чанадад суугаа Монголчууд хэмээн өргөх бичигт бичжээ. Энэхүү өргөх бичиг, гарын үсгийг энэ сарын 18-ны өдөр Монгол руу албан ёсоор ирэх юм байна.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: