Д.Батмөнхийн гахайн өөх, махны хэрэг хуучраагүй байтал дахиад л асуудал үүсэв
Хилээр гахайн өөх, мах хууль бусаар оруулж боруулдаг “том гарууд”-ын тоонд мэргэжлийн хяналтынхан оролцдог нь нууц биш ажээ. Олон жил үргэлжилж буй энэ хэргээс болоод тэд сүүлийн үед хоорондоо хөлөө жийлцэж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нь улсын байцаагчийнхаа нэгэн байгууллага дээр хийсэн өнгөрсөн оны санхүүгийн хяналт, шалгалтын актыг баталгаажуулаагүйгээс “ашиг сонирхолын зөрчилтэй этгээд байж болзошгүй” гэх хардлагад өртөн АТГ-ынханд шалгагдаж байгаа. Гэхдээ түүний энэ хэрэг дээр дарга нарынхаа гахайн өөхний хэргийг илчилсэн нь бас нэрмээс болсон гэж учрыг мэдэх эх сурвалжууд хэлж байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх гүний гаалийн агуулахад ирсэн гахайн өөх, мах тэрхүү мэдээллийг нь батлаад өгөх аж. Хятадаас гахай, шувууны мах, өөх зэргийг хорио цээрийн дэглэмээр тас хорьсон үетэй энэ хэрэг нь цаг хугацааны хувьд ч давхцаж байгаа юм. БНСУ-аас уг гахайн өөх нь Хятадаар дамжин орж ирсэн байлаа. Нийтдээ 14 тонн гахайн өөх, 4 тонн орчим гахайн мах гэдгийг экспорт, импортын мэргэжилтнүүд нотолжээ.
Хятадын тал энэхүү өөх, махны гаалийн баримтыг бүрдүүлж өгөөгүй тул ийм хууль бус тээвэр хийсэн “Силвэр стар” компанид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас албан бичиг хүргүүлж, үүнийг чинь хуулийн дагуу устгана гэсэн юмсанж. Ингээд эзэд нь сандарч дээр дооргүй гүйцгээсэн байна. Адаг сүүлд нь Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга болоод удаагүй байгаа Д.Батмөнх болон түүний ойр дотнын хүмүүст ханджээ. Д.Батмөнх даргын доор ажилладаг хилийн гаалийн хяналтын дарга нар руу ч явж очсон байв. Харин энэ үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дахин бичиг чулуудаж, хууль бусаар орж ирсэн, тэгэхдээ бүр нэр хаягаа хүртэл өөрчилсөн гахайн өөх, махыг гүний гаалийн бүсээс гаргалгүй устгахаа мэдэгджээ. Гэвч дээрээс нь мундагдан, цагаан сарын дараахан тэрхүү өөх, махыг эзэнд нь өгч, гаргаж явуулах, гүйлгээнд оруулахыг зөвшөөрөхийг үүрэг болгосон байлаа. Өөрөөр хэлбэл, Д.Батмөнх даргын зүгээс ингэж хуйвалдаан хийсэн байх юм.
Энэ бүхний зах сэжүүрээс “Өдрийн сонин”-д Д.Батмөнх даргатай холбон бичсэн ч нэмэр болсонгүй. Тэр шууд л “Намайг гүтгэлээ” гээд өнгөрч байна. Зүй нь тэр Солонгосоос Хятадаар дамжин орж ирэхдээ тэндэхийн албан ёсны зөвшөөрлийн бичиггүй гахайн өөх, махыг устгуулах ёстой байлаа. Тэгж чадаагүй нь хаширт өөрт нь ашиг сонирхолтой эд байж л дээ.
Мөн Д.Батмөнх нь Хятадад гахай, шувууны өвчин үргэлжилсээр байтал хорио цээрийг дэглэмийг цуцлах шийдвэр гаргуулж муйхарлав. Энэ бол хэдхэн хоногийн өмнө болсон үйл явдал аж. Тэр урьд нь гаргаад байсан ийм дэглэм, журмынхаа тушаалыг цуцлаад бараг арав ч хонолгүй тийнхүү дахиад тушаал гарахад хүрчээ.
Тэгвэл долоо хоногийн өмнө хилээр бас л 1000 орчим тонн гахайн өөх мах орж ирсэн тухай албаны эх сурвалжуулж хэлж байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодруулах гэсэн боловч тэд “Нийслэлд тийм мах өөх огт ирээгүй. Харин хилийн боомтуудаар ганзагын наймааны хэлбэрээр оруулсан байхыг үгүйсгэхгүй” гэв.
Гахайн өөх нь Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын “Женко” группын “Мах импекс” зэрэг томоохон газруудад Польшоос нийлүүлэгддэг юм байна. Гэхдээ үнэ хямдтайг бодоод Хятадаас иймэрхүү замаар оруулахаас сийхгүй улс хэмээн өөр бас нэг эх сурвалж нэлээд ундууцсан шинжтэй өгүүлж байна лээ. Үнэн болов уу. Монголд одоо хиамнаас их юм алга. Хиам хийхэд бараг 30 гаруй хувьд нь гахайн боловсруулсан өөх хольдог. Үүнийг орлох бүтгээдэхүүн гэвэл Монголд одоогоор хонины сүүлнээс өөр зүйл огт байдаггүй. Хонины мах үнэд орчихоод байхад хиам үйлдвэрлэгчид сүүлийг нь тайрч аваад байхгүй нь мэдээж л дээ.
О.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: