Төрийн цагдааг түмний шившиг болгочихов уу даа?
Хүн бүр л цагдаа нарын хувцас ачигч, загасчны хувцас мэт ямар муухай болсоныг гайхан бишэрч, шүүмжилж байна. Харин албаныхан “Загвар, харагдах байдал нь чухал биш, хүний биед эвтэйхэн ажил хөдөлмөрт тохирсон байх нь чухал” хэмээн тайлбарлаж байгаа.
Ерөнхийлөгч баталж Турк улсад 1,5 тэрбум төгрөгөөр захиалж оёулсан цагдаагийн дүрэмт хувцасыг олон нийтийн сүлжээгээр “-Амрыг эрье…
-Чи хэн бэ?
-Би цагдаа байна.
-За маяглаад байгаарай, цагдаа дуудлаа шүү” хэмээн хошигнож байна. Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг “Турк хувцас гэнэ үү? Монгол Брэнд, импортыг орлоё, бүтээцгэе, үйлдвэрлэл, ажлын байраа дэмжье, ЖДҮ-ийг дэмжье. Хоосон үг, яриа, уриа. Хайран” хэмээн шүүмжилж, “Төрийн сүрийг цагдаагаас нь гэдэгсэн. Тэгсэн одоо үхэрчдийн малгай өмссөн нөхдүүдээр цагдуулж, хамгаалуулах нь. Үхэр Монгол гээд тэгжийгаамуу хаашаа ч юм бэ дээ. 3.5 тэрбумаар баахан “үхэрчин”-тэй боллоо…”, “Уг нь манай хэдийн санаа зөв байсан. Гэхдээ донж нь арай л биш байлаа” гэх мэт байдлаар иргэд болоод зарим албан тушаалтан егөөдөж байна.
Төрийн хийморь, сүр сүлд нь цэрэг, цагдаадаа гэдэг. Тэр тусмаа хувцаслалтаар нь тодорхойлж болох юм. “Хэдэн бор цагдаа нар” хэмээн иргэд тэднийг өмгөөлдөг. Тэгвэл өнөөдрийн өмсч буй хувцас нь тэднийг улам бүр тодруулаад өгчихөж байгаа мэт.
“Цагдаагийн хувцас сүр сүлдгүй, онцгүй, хачин болсон” гэж хүмүүсийн ярьж байгаа нь цагдаагийн алба хаагчдад хэрхэн тусч байгаа бол. Хэн нэгний худалдан авч өмссөн шинэхэн хувцасыг ойр дотныхон нь “Чамд зохимжгүй байна. Онцгүй харагдаж байна” гэсэн тохиолдолд тэр хүн бушуухан тайлж, өөр хувцас өмсөхийг боддог. Тэгэхээр цагдаа нар энэ байдлыг хэрхэн хүлээн авч хүний нүдний өмнө ямар эвгүй байдалтай харагдаж байгаадаа санаа зовниж байж мэдэх. Нэг үгээр хэлэхэд төрийн цагдаа түмний шившиг болчихоод байгаа мэт иргэд цуурч байна. Ерөнхийлөгч нь баталж хэн нэгний тушаалаар өмсөхөөс өөр аргагүй тэд хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага гэдэг нь болчихоод байна. Тайлах хэцүү, тайлахгүй байх хэцүү.
Шүүмжлэлд өртөөд буй хувцас нь энгийн буюу өдөр тутмын хэрэглээнийх. Өдөр тутмынх гэж хайнга хандаж болохгүй юм. Цагдаа хүний сүр жавхлан нь хувцсандаа гэж хэлж болно.
Цагдаа нар шинэ дүрэмт хувцасаа хүлээн авч өмсөөд долоо ч хүрэхгүй хоногийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд өмсч буй хувцасаа “таалагдахгүй байна” хэмээн голж, шилсэн нэг ч цагдаа байхгүй байх. Үнэндээ тэд гадагшаа илт гаргаж чадахгүй байгаа болохоос дотроо ямар бухимдалтай байгаа бол. Харамсалтай нь тэдэнд төрийн хувцасыг дорд үзэх шалтгаан байхгүй. Өмс гэсэн л бол өмсөх үүрэгтэй.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье хэмээн төр засгийнхан чухал ярьдаг. Үнэн хэрэгтээ дэмжих зүйлээ дэмжиж чадахгүй байгааг энэ жишээ харууллаа. Сүүлийн үед монголчууд автобус зэрэг техникийг асуудалгүй зохион бүтээчихдэг болсон. Тэр ч байтугай Монголын хувцас загварын зохион бүтээгчид дэлхийд танигдаж шуугиан тарьж байна.
Гэтэл өнөөдөр албаныхан “Цагдаа нарын өөрсдөөс нь гарсан саналын үр дүнд үндэслэн хувцас” гэж ам бардам тайлбарлаж сууна. Ус нэвтэрдэггүй, чийг гадагшлуудаг нано технологийнх байж болно. Тэгвэл олон улсын төвшний онцгой материалтай хувцасны загвар дээр нь бага ч болов анхаарч болоогүй гэж үү. Ямартаа ч төр түмнээс илүү цагдаа нар өөрсдөө өмсөж буй хувцаснаасаа ичиж байгааг үгүйсгэхгүй.
Э.Аригуун
URL: