Дамбадаржаад зориулсан 1.4 тэрбум салхинд хийссэн үү

d7f0e55e2b2b1407originalУлаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төслийн хүрээнд Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламж баригдсан түүхтэй. Энэхүү байгууламж Сүхбаатар дүүргийн 15, 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаагийн гэр хорооллын 86 өрх айл, найман байгууллагын бохирыг татан зайлуулах бөгөөд механик болон биологийн цэвэрлэгээ хийдэг байна. Бохир усыг татан зайлуулж цэвэрлэх бага оврын энэхүү байгууламжийг 2011 онд ашиглалтад оруулсан бөгөөд Дэлхийн банкны санхүүжилтээр 1.4 тэрбум төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэсэн байна. Төслийн хүрээнд барьж байгуулсан бие даасан бага оврын цэвэрлэх байгууламжийн тухайд хоногт 900 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай, цэвэр Германы технологийг ашиглан байгуулжээ. Харин өдгөө 50 шоо метр бохир усыг арай гэж цэвэрлэж байна. Өвөлдөө хөлддөг, зундаа бохир нь газарт шүүрч шингэдэггүй гээд зовлон их бий гэнэ. Учир нь зураг төсөл нь буруу хийгдсэнээс болсон тухай албаны хүн хэлж байлаа. Нэлээд хэдэн жилийн өмнө дээрх газар цэвэрлэх байгууламж барихаар судалгаа хийж байсан ажээ. Тэрхүү судалгаагаар энэ байршилд байгуулж болохгүй гэсэн дүгнэлт гарч байсныг Монгол Улсын зөвлөх инженер О.Эрдэнэбаатар хэлсэн юм.

Байгууламжид ирж буй бохир нь өвөлдөө хөлддөг учраас бохирын машинаар соруулж авдаг байна. Энэ жилийн тухайд хөлддөг асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн хөрөнгөөр био цөөрөм хийжээ. Гэтэл био цөөрөм нь ч усаа шингээж чадахгүй байгаа бөгөөд энэ нь мөн л анх зураг төслөө хийхдээ ирж буй бохирыг цэвэршүүлээд шүүрүүлэх сувгаар дамжуулан хөрсөнд шингэхээр хийснээс болсон гэнэ. Гэтэл одоогийн байдлаар горимын дагуу ажиллахгүй байгааг техникч Э.Энхдулам хэлсэн юм. Цэвэрлэх байгууламжийн цөөрөм нь голын голдирол дагуу баригдсан учраас шүүрүүлж чаддаггүй гэнэ. Энэ нь хөрсний усны төвшнөөс өндөр байна гэсэн үг. Хур тунадасны хэмжээ нэмэгдэх тусам шүүрэх боломж буурдаг байна. Цэвэршүүлээд шүүрүүлэх сувагт орж буй ус шүүрч чадахгүй байгаагаас эргээд байгууламж руу орж ирдэг тухай мөн тэрээр хэлж байлаа.

Байгууламжид ирж буй ус биологийн цэвэрлэгээг хийх температурыг бүрэн хангаж чаддаггүй аж. Шугамаар ирж буй ус 12 хэмээс дээш дулаантай байж биологийн бүрэн цэвэрлэгээ хийгддэг байна. Дамбадаржаагийн цэвэрлэх байгууламжид холбогдсон айл өрх зөвхөн хүйтэн ус ашигладаг аж. Энэ нь усны хэмийг бууруулж байгаа юм. Тиймээс 10 айлд халуун усны бойлор суурилуулжээ. Гэтэл айлууд тэр бүр хэрэглэхгүй байгааг тэрээр хэлж байлаа. Бойлер ашиглаж буй айлын цахилгааны төлбөр нэмэгдэж байгаа нь иргэдэд хүндрэл учруулдаг тухай оршин суугчид хэлж байсан юм.

Өвлийн улиралд хэрэглээ бага байгаагаас шалтгаалан шугам хоолойнууд хөлдөх магадлал өндөр байдаг аж. Энэхүү байгууламж нь анхны зураг төслөөрөө эргэлтийн шугам байхгүйгээр хийгджээ. Тиймээс өөрсдөө ирж буй усны хэмийг хэвийн хэмжээнд байлгахаар халаах төхөөрөмж суурилуулсан байна. Энэ мэтчилэн энэхүү байгууламжийн зардал өдөр бүр өссөөр байгааг техникч Э.Энхдулам хэлсэн юм. Мөн гаднаас ирж буй бохир, лагаа татах асуудал ч тулгарч буйг хэллээ. Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд зайлшгүй хөрөнгө мөнгө шаардагдаж буйг ч дуулгалаа.

Харин Дамбадаржаа­гийн загвар төслийг сайжруулах туршилтын төслийн судалгааны тайланг дэлхийн банкны мэргэжилтэн Ё.Касчка 2012 онд хийж танилцуулж байжээ.  Тэрхүү судалгаанд гэр хорооллын ариун цэврийн байгууламжийн төсөл хөтөлбөрүүдийн хувьд өртөг зардал бага гэдгийг харгалзан бохирын асуудлыг айл өрхүүд бие даан шийдвэрлэх нь зүйтэй хэмээн зөвлөжээ. Мөн айл өрхийг бохир усны шугамд холбон, бага оврын цэвэрлэх байгууламж барьж байгуулах замаар гэр хорооллын ариутгах татуургын асуудлыг шийдвэрлэх концепт нь өөртөө туйлын өртөг зардал өндөртэй хувилбар гэдгийг ч онцолсон байлаа. Энэ нь өртөг өндөртэй, техникийн хувьд маш эрсдэлтэй, зардал өндөртэйг анхаарах нь зүйтэй гэдгийг сануулсан байна. Бохирын системийг төвлөрсөн системтэй холбоно гэж үзсэн тохиолдолд энэ хувилбарыг сонгох хэрэгтэй ч тэрээр дурдсан байлаа. Энэ төслийг хийж болохгүй гэдгийг төслийн удирдагч нь хэлсээр байхад барьсан явдал нь маш буруу зүйл болсныг өдгөө бэлхнээ харж болохыг Ус сувгийн удирдах газрын дарга асан, Монгол Улсын зөвлөх инженер О.Эрдэнэбаатар онцлов.

Гэр хороолол дунд, сургууль, цэцэрлэгийн дэргэд биднийг хордуулж байдаг элдэв химийн хортой бохир ус нуур мэт мэлтэлзээд, агаарыг бохирдуулсаар байгаа. Төслийн удирдагч нь үгүйсгээд байхад түүнийг заавал барих шийдвэр гарган 1.4 тэрбум төгрөгийн өрд унагах сонирхол хэнд байсныг хэнээс асуувал хариулах вэ. Эдийн засаг нь хямарч, хүмүүс халаасаа гөвж байгаа энэ үед 1.4 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүүгийн төлбөр шийдвэр гаргагчдаас гарах уу.

Нийтлэлч: Д.Оюунчимэг

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих