Даатгал, татвараар дарамталсаар байх уу

imagesбөөббөМонгол улсад  ердийн болон урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхэлдэг 16 компани, 200 гаруй салбар байгаагийн 13 даатгалын байгууллага манай аймагт үйл ажиллагаа явуулдаг аж.  Эдгээр даатгалын компаниуд нь аливаа хувь хүн албан байгууллагыг болзошгүй эрдслээс сэргийлж, ямар нэгэн эрсдэл тулгарлаа гэхэд хохирлыг барагдуулах нэгдмэл зорилготой. Гэвч энэ зорилгоо яв цав хэрэгжүүлдэг гэдэг нь тун ч эргэлзээтэй.

Монгол улсын хуулиар заавал даатгуулахаар тогтоосноос бусад төрлийн даатгалд хүн  сайн дураараа хамрагдах ёстой ч иргэдийг “албан хүчээр” даатгалд хамруулдаг болсоор нэлээдгүй хугацаа өнгөрчээ.   Хамгийн ойрын жишээ татахад Хэрлэн сумын ЗДТГ ажилчдаа нэгдсэн журмаар “Практикал” даатгалд хамруулж цалин дээрээс нь чамгүй мөнгө суутгадаг гэнэ.

Даатгалд хамруулаад зогсохгүй бүгдийг нь Улаан Загалмайн Хорооны гишүүнд элсүүлж татвар авчээ. Энэ бол “албан хүчээр” даатгалд хамруулж байгаагийн ганц жишээ.  Даатгалд хамрагдах, төрийн бус байгууллагын гишүүн байх  эсэх нь тухайн хүний “сайн дурын” хэрэг баймаар.  Гэтэл  ийнхүү “албан хүчээр” даатгуулж, төрийн бус байгууллагын гишүүн болгож байгааг юу гэх вэ.

Энэ мэт ажилчдынхаа санал бодлыг сонсохгүй, асуудал үүсгэсэн нэгийнх нь амыг таглаж,  ажилчид нь ч дарга нарынхаа өмнөөс үг хэлж чадахгүй өөрсдийн эрхээ зөрчигдөж байгааг хүлээн зөвшөөрч даатгалын компанийг санхүүжүүлдэг тогтолцоо хаа сайгүй байсаар байна.  Даатгал хэмээх сайхан нэрээр иргэдийн халааснаас мөнгө “саахдаа” даатгуулсан хэмээх нэрсийн жагсаалтан дээр гарын үсэг зуруулаад л болоо. Эрсдлийн дараа даатгалаа авах гэхээр энэ салбарынхан түмэн шалтаг тоочин бурууг иргэнд тохоод өгөхөөсөө өгөхгүй нь дийлэнх. Зарим нэг нь  өөрсдийн гэсэн үнэлгээний компанитай хамтарч ажилладаг, тэнд очиж үнэлүүл гэдэг гэнэ. Тэрхүү үнэлгээний компанийнх нь үнэлгээ таалагдахгүй бол өөрсдөө дотроо хуралдаад үнэлчихдэг талаар иргэд ярих юм билээ.

2013 онд Монгол улсад  даатгалын  компаниудын  хураамжийн орлого 92.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.8 тэрбумаар өссөн дүн юм. Энэхүү  үзүүлэлт мөнгөн дүнг өсгөхөд дээрх мэт жишээнүүд их хувь нэмэр оруулдаг нь дамжиггүй.
Б.Туяамаа /дорнод сонин/


URL:

Сэтгэгдэл бичих