Хүүхдээ сайн хүн болгоё гэвэл “ЮНИТЕЛ”-ийн рекламыг битгий үзүүлээрэй
Рекламдахад учир бий… Муу зүйлийг сайн болгож, муудсан зүйлийг шинэ болгох нь рекламны хүч. Гэхдээ ингэж болохгүй. Учир нь рекламд ёс зүй хамгийн чухал нь. Сайн зүйлийг сайн гэдгийг ойлгуулахын тулд л реклам байх ёстой. Харин олон нийтийг муу муухайд уриалсан бол тэрхүү рекламыг хориглох тухай заалт Зар сурталчилгааны тухай хуульд бий. Тэгвэл үүнд хамруулж болох рекламыг “Юнител” компани сүүлийн үед хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацах боллоо.
Уг рекламны зорилго нь шинэ утас авахад нэмж 300 мянган төгрөгийн нэгж өгч буй мэдээллийг олонд хүргэх. Гэтэл тэрхүү зорилгоо зүгээр ч нэг биелүүлсэнгүй. Иргэдийг тэр дундаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хариуцлагагүй болгоход түлхэх аж.
Тодруулбал, үйлчилгээний ажилтнаас гар утас болон цэнэглэх карт авсан үйлчлүүлэгчийн дүрд тоглогч М.Баярмагнай цаашаагаа эргэж харалгүй зугтаж байх юм.
Тэрхүү рекламны тайлал нь ”300 мянган төгрөгийн нэгжийг үйлчилгээний ажилтан бүсгүй андуураад өгчихөж. Түүнийг нь үйлчлүүлэгч алдааг нь залруулах байтал шууд хар эрчээрээ гүйж байгаа” явдал. Болоо ч үгүй тэрээр гадаа хүлээж байсан найздаа мөнөөх үйлчилгээний ажилтанг “Энд ёстой нэг дүпп хүүхэн байна аа. Нөгөө дүпп хүүхэн чинь тэр голд нь сууж байна” гэчихсэн гардаг.
Янз нь тэнэг хүнийг тэнэгтүүлж байгаад дахин нэг утас, нэгж авахаар шийдсэн бололтой юм. Магадгүй уг рекламанд дараагийн анги гэж байгаа бол үйл явдал бас л дээрхи янзаар үргэлжлэх нь тодорхой. Энэ бол манай улсын тэргүүлэгч үүрэн утасны компанийн нүүр царай. Тэд рекламаа олон нийтэд сонирхолтой, зугаатай хэлбэрээр хүргэхийн тулд дээрх хувилбарыг сонгосон нь тодорхой. Гэсэн ч үүнийх нь балгаар эцэг, эхчүүд үр хүүхэддээ хэлэх үггүй болчихоод сууж байгааг тэд мэдсэн болов уу. Эсвэл бүх аав, ээжүүд биш юм гэхэд үр хүүхэддээ зөв амьдарч, зөв явахыг сургадаг ёстой ухаалгууд нь “Ингэж болохгүй. Наадхи чинь их муу үлгэр дууриал үзүүлж байна. Миний хүү ингэж болдоггүй юм шүү” гэж хэлээд сувгаа сольж сууна. Учир нь ухаалаг утастай болохыг мөрөөддөг ухаангүй хүмүүсийн дүр төрхийг нийгэмд рекламдах нь өөрөө ёс зүйгүй хэрэг юм.
Өөрөөр хэлбэл “Юнител” компани дээрх рекламаараа зөвхөн хүүхдийг төдийгүй олон нийтийг луйварчин, худалч, залилагч байж болох тухай “сургаал” айлдаж орхилоо.
Гэхдээ үүнийг цэгцлэх боломж хуульд бий. Тодруулбал Зар сурталчилгааны тухай хуулийн 6.5.7 дугаар зүйлд “Айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж буй зар сурталчилгааг хориглох” гэсэн заалт бий. Мөн хуулийн 7.4 буюу “Дараахи зар сурталчилгааг ёс суртахуунд үйл нийцсэнд тооцно” гэсэн зүйлд “Үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал, байдал, нас, хүйс, мэргэжил боловсрол, шашин шүтлэг, үзэл бодлыг гутаан доромжилсон үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан” болон “Хүнлэг ёс, ёс суртахуун, Монгол хүний эрхэмлэн дээдэлдэг зан заншлын ёс горимыг зөрчсөн” гэх заалт тус бүр бий. Эдгээр заалт нь өөрөө рекламд “дүпп хүүхэн” гэх хэлэхийг, “Утас авсан чинь надад андуураад 300 мянган нэгж өгчихлөө. Үнэн дүпп хүүхэн байна аа” хэмээн зүй ёсны зүйлийг зүй бус хулгай мэтээр ойлгуулж болохгүй гэдгийг хэлж байгаа хэрэг.
Иймд хүүхдээ сайн хүн болгохыг хүсвэл “Юнител” компанийн рекламыг битгий үзүүлээрэй. Үүнийг хуулийн хүрээнд хянаж ажилладаг байгууллага нь хянаж,
хариуцлагаа тооц. Тэгэхгүй бол өнөөдөр өдөр болгон хууль бус, хэтрүүлсэн, олон нийтийг доёолсон, доромжилсон, ёс бус үйлд уриалсан рекламууд телевизийн дэлгэцийг чимэх болоод удлаа. Эцэс сүүлдээ аав, ээжүүд үр хүүхдийнхээ хууль бус дадал хэвшлийг хориглож чадахгүй болох ч юм билүү хэн мэдлээ. Тиймээс “Юнител”-ийнхэн юун түрүүнд ёс зүйгүй рекламаа “цэвэрлэ”. Эс бөгөөс ёс суртахууныг эрхэмлэгч түмэн олон та бүхнийг шүүхийн өмнө дуудах ч юм бил үү хэн мэдлээ.
Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: Улс төрийн тойм
URL: