С.Бямбацогт: 17 сайдыг хөөж гаргах ёстой

1448-4tМ.ЦЭЦЭГ

УИХ дахь МАН-ын бүлэг хаврын чуулганы анхны хуралдаанаа хийж, цаг үеийн асуудлаар байр сууриа нэгтгэжээ. Бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

-Сөрөг хүчний зүгээс энэ чуулганы хугацаанд хэлэл­цэх асуудал болон эдийн засгийн нөхцөл байд­лын талаар ямар байр суурь баримтлахаар болов?

-Манай намын бүлэг Монголын нийгэм, эдийн засгийн байдалд дүгнэлт өглөө.

Мөн гишүүд, сайдын албыг давхар хашихгүй байх талаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн хэлэлцүүлгээс авсан завсарлагын хугацаа дуусч байгаатай холбоотойгоор ямар байр суурь баримтлах эсэхээ хэлэлцлээ. Мөн Ерөнхий сайдын “авлигажсан төсөв” гэж зарласан хөрөнгө оруулалтын талаар  аудитын хийсэн дүгнэлтийг сонслоо. МАН-ын бүлгээс улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдрал хүндэрч байгааг эрх баригчдад удаа дараа сануулж, цаг алдахгүй арга хэмжээ авахыг шаардаж ирсэн. Гэвч энэ чиглэлээр Засгийн газар дорвитой ажил хийхгүй байгаа учраас хүндрэл даамжирсаар хямралд хүрээд байна. Эдийн засгийн энэхүү хямралыг Засгийн газрын алдаатай бодлого, ажлаа мэддэггүй давхар дээлтнүүдийн буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой гэж гишүүд дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хямралаас гадна засаглалын хямрал нүүрлэсэн гэдэгт МАН-ын бүлэг санал нэгдлээ. Эдийн засгийн хүндрэл биш хямрал нүүрлэжээ. Харамсалтай нь эрх баригчид үүнийг мэдэхгүй байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр (өчигдөр) Эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьжээ. Харин бодит байдалд ард иргэдийнхээ амьдралыг яаж сайжруулах, ажилгүйдэл, ядуурлыг хэрхэн бууруулах вэ гэдэг асуудлыг түлхүү ярих цаг болсон. Нэг жилийн дотор бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 20 хувиар нэмэгдсэн байна. 2012 онд ядуурлын төвшин 27 хувьтай байсан бол одоо 40 хувь руу дөхөж байна. Иргэдийн бодит орлого нэмэгдээгүй хэрнээ зарлага нэмэгдэж, нийгэмд баян хоосны ялгаа улам ихэсч байна. Ядуучууд улам нэмэгдэж, баячууд хэт баян болж байна. Ийм байхад эдийн засгийн байдал хямралд орж, орлогын тэгш бус байдал газар авлаа. Тиймээс эдийн засгийн хямралыг даван туулах гарц шийдлүүдийг эрх баригчдад санал болгож, улс орны эдийн засгийг хямралд хүргэсэн Засгийн газарт хариуцлага тооцож ажиллах ёстой.

-Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлд ямар арга хэмжээнүүд хэрэгжүүлэхээр тусгасан бол?

-Бидний гар дээр тогтоолын төсөл ирээгүй байгаа. Манай намын бүлгийн ажлын албан чуулганы завсарлагаанаар энэ талаар тогтоолын төсөл боловсруулсан байсан. Үүнийгээ гишүүдэд тараасан. Энэ тухай  УИХ-ын тогтоолын төсөл, шаардлага эсвэл уриалга гаргах  эсэхийг бид эргэж ярина.

-Гишүүд, сайдын албан тушаалыг салгах хуулийн төслийг ирэх пүрэв гаригийн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэх юм байна. Танай бүлгийнхэн гишүүд, сайдын алба тусдаа байх ёстой гэсэн өмнөх байр сууриа хадгалах уу?

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 2013 онд өргөн барисан. Энэ оноос хэлэлцэж эхэлсэн. Намрын чуулган завсарлахын өмнөхөн УИХ дахь АН-ын бүлгийнхэн завсарлага авсан. Завсарлагын хугацаа дуусдаг өдөр УИХ-ын дарга чуулганыг завсарлуулсан. Хоёрдугаар сарын 10-нд завсарлах ёстой чуулганыг нэгдүгээр сард завсарлуулсан. Сайд нарын давхар дээлийг тайлуулахгүй гэсэндээ цаг хугацаа хожихын тулд намрын чуулганыг хугацаанаас нь өмнө завсарлуулсан. Ингээд УИХ-ын дарга хаврын чуулганы эхэнд хэлэлцэнэ гэж хэлсэн. Тиймээс энэ долоо хоногт хэлэлцэх ёстой. Энэ хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж санал асуулга явуулах үед УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа 17 сайд оролцох ёсгүй. Яагаад гэвэл Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу санал өгөх эрхгүй. Өмнө нь оюутнуудын сургалтын төлбөрийн асуудлыг хэлэлцэх үеэр Д.Оюунхорол, Б.Бат-Эрдэнэ гишүүнийг танхимаас хөөж гаргасан удаа бий. Тэднийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Яг үүнтэй адил 17 сайдыг санал хураалтад оролцуулахгүй хөөж гаргах ёстой. Бид эдгээр 17 сайдыг ухамсраараа санал хураалтад оролцохгүй байх ёстой гэсэн сануулгыг урьдчилан хүргүүлнэ.

-Хэрэв энэ асуудлыг хэлэлцэхгүй хойшлуулбал яах вэ?

-Чуулганы эхний асуудал болгож заавал хэлэлцэх ёстой. Хэрэв хэлэлцэх асуудлаас хасч  хойшлуулбал хууль зөрчсөн үйлдэл болно. Тэгвэл УИХ-ын даргатай хариуцлага тооцох тухай ярина.

-Сайд нар санал хураалтад оролцвол хариуцлага хүлээх үү?

-Оролцвол хууль зөрчсөн ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Хэрэв санал өгвөл манай намын бүлэг Ашиг сонирхлын тухай хуулийн дагуу асуудлыг цааш хөндөж тавина.

-Танай бүлэг аудитын газрын мэдээллийг сонссон. Хөрөнгө  оруулалт нь царцсан барилгууд, авлигажсан төсвийг цаашид хэрхэх бол?

-МАН-ын бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0” дүнтэй тусгагдсан 243 төсөл арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг нарийвчлан тогтоосон талаарх Үндэсний аудитын газрын дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ тайланг байнгын хороогоор өмнө нь хэлэлцсэн. Энэ удаад бүлгийн хуралдаанаар дүгнэлттэй холбогдуулан ерөнхий аудитор А.Зангадаас мэдээлэл сонслоон. Энэ оны төсөвт “0” дүнтэй тусгагдсан 243 объект авлигажсан эсэхийг Үндэсний аудитын газар нотолж чадаагүй. Үүнийг нотлох боломжгүй гэдгээ ч ерөнхий аудитор хүлээн зөвшөөрсөн. Иймд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “авлигажсан төсөв” гэдэг үгээ буцаах, эдгээр объект авлигажсан эсэхийг Авлигатай тэмцэх газраар шалгуулж, асуудлыг нь шийдүүлэх ёстой гэж үзэж байна. Энэ асуудлыг манай намын бүлэг цаашид ярих болно.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих