”Давхар дээл”-ийг тайлуулахаар жагсаж байна
Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийсэн. Үүнтэй зэрэгцээд иргэний хөдөлгөөнүүд Чингисийн талбай дээр жагсаал өрнүүлж байна. энэ удаагийн жагсаал “Давхар дээлийг ” тайлуулах зорилготой юм. Өнгөрсөн намрын чуулганаар Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг хэлэлцэх хуулийн төслийг хэлэлцүүлэхэд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлага авсан хугацаа дуусгавар болонгуут намрын чуулганыг хүчээр завсарлуулсан. Учир нь намрын чуулган хаалтаа хийхэд 10 хоног дутуу байсан юм.
Тийм учраас УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтын хамгийн эхэнд “давхар дээл”-ний асуудлыг хэлэлцэхээр болсон юм билээ. Чуулганы нэгдсэн хуралдаан пүрэв гаригт болж, эхний асуудлаа хэлэлцэх юм. “Давхар дээл”-ний асуудлыг хэлэлцэхэд Засгийн газрын хуулийн төслийг хэлэлцэх үед Ашиг сонирхлын тухай хуулийн асуудал давхар яригдана. Тиймээс үүнд ашиг сонирхлын зөрчилтэй байгаа 17 сайдыг санал хураалтад оролцуулахгүй гэж өнөөдрийн жагсагчид үзжээ.
URL: