“Mixx pizza” хэрэглэгчээ төөрөгдүүлж, хууль зөрчжээ
“Andra Model Management” агентлагийн Ерөнхий захирал мисс Х.Бадамгэрэл эрхэлсэн ажилдаа эзэн болдог нямбай бүсгүй. Тиймдээ ч шударга бус, хууль зөрчсөн үйлдэлд ясны дургүй. Тэгвэл мисс бүсгүйн эгдүүцлийг “Mixx” түргэн хоолны газрынхан хүргэсэн байна. Тодруулбал “Мixx” түргэн хоолыг захиалсан хэрэглэгчдэд үнэгүй хүрдэг сэтгүүлд мисс Х.Бадамгэрэлийн хоёр жилийн өмнө авхуулсан зургийг зөвшөөрөлгүй авч, өгөөгүй ярилцлагыг өгсөн мэтээр гаргасан байна. Үүгээр ч зогсохгүй оюуны өмч бүхий гэрэл зургийг нь өөрт ашигтай хэлбэрээр зассан байна.
6000 хувь хэвлэгдэж, үнэгүй тараагддаг “Mixx” түргэн хоолны газрын энэхүү үйлдэл нь аливаад нямбай ханддаг мисс бүсгүйн эгдүүцлийг ихэд хүргэсэн байна. Тиймээс яаралтай холбоо барихыг хүссэн бөгөөд шүүхийн байгууллагад хандах бодолтой байгаа ажээ.
“Mixx” түргэн хоолны газрын хийсэн энэхүү үйлдэл нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл бөгөөд хэрэглэгчээ төөрөгдүүлж, хууран мэхэлсэн үйлдэл гэдгийг учир мэдэх нэгэн нь ярьж байна.
Бусдын нэр хүндийг ашиг олох зорилгоор ашигласан, оюуны өмчийн зөвшөөрөлгүй хэрэглэсэн энэхүү үйлдлийн талаар бид эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Эх сурвалж: www.dorgio.mn
URL: